Дэлхийн хэвлэл Хан Ресурс, Рио Тинтог онцлов

Байгалийн асар их баялагтай, хоёр хөршөөрөө түшүүлсэн улс гэдэг утгаараа Монгол Улс дэлхийн анхаарлыг үргэлж татах болсон. Тиймээс “Монголын мэдээ” сонин дэлхий дахин манай улсыг аль талаас нь сонирхож, дотоод болон гадаадын том компаниудын талаар гаргаж буй шийдвэрийг аль өнцгөөс нь мэдээлж байгааг онцлон орчуулж хүргэдэг уламжлалтай. Энэ удаа уул уурхай, эдийн засаг, Ерөнхийлөгчийн БНСУ-д хийх айлчлалыг дэлхийн хэвлэлд аль өнцгөөс хүргэж буйг тоймлов.


Хөрөнгө оруулагчдын дайжих нөхцөл болж байсан эрх зүйн дайн дууслаа


Уул уурхайн сэдвээр дагнан бичдэг томоохон сайтуудын нэг болох “mining.com” сайтад “Монголын Засгийн газар Канадын Хан ресурс компанид 70 сая ам.долларыг төлөхөд бэлэн байна” гэх гарчиг бүхий нийтлэл тавигджээ. Энэхүү мэдээллийг орчуулбал, “…Монгол Улсын Засгийн газар Уран олборлох тусгай лицензийг нь цуцалсаныхаа төлөө Канадын Хан Ресурст 70 сая ам.долларыг төлөхөд бэлэн гэдгээ илэрхийлэв.

Ингэснээр дэлхийн топ уул уурхайн бүс нутаг гэгддэг тус улсаас хөрөнгө оруулагчдын дайжих нөхцөл болж байсан хууль эрхзүйн дайн, долоон жил үргэлжилсэн маргаанд цэг тавигдаж байгаа юм. Монголын Засгийн газрын нэрээ нууцалсан нэгэн эх сурвалж “Роетерс” агентлагт ярьснаар, Ч.Сайханбилэг сайд цаашдаа ч Монгол Улсын нэр хүнд болоод гадаад харилцаагаа сайжруулах алхмуудыг хийх аж.

Эргэн сануулбал, Монгол улс “Дорнод уран”-ы орд ашиглах тусгай лицензыг хураан авсны дараа Хан Ресурс тус улсын Засгийн газрын эсрэг нэхэмжлэл гаргасан байдаг.  Эхлээд Торонтод төвтэй тус компани лицензийг нь цуцалж, улмаар ОХУ-ын АРМЗ компанид өгсний төлөө нийтдээ 326 сая ам.долларыг нэхэмжилж байсан бол шүүх өмнөх саналд үндэслэн 100 сая ам.доллар болгон бууруулсан. Улмаар гуравдугаар сард Торонто хотноо болсон уул уурхайн хурал дээр талууд 70 сая ам.доллар дээр эцэслэн тогтсон байгаа юм. Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 онд 4.45 тэрбум ам.доллар байсан бол өнгөрөгч онд 195.1 сая ам.доллар хүртлээ буурсан үзүүлэлттэй байна.

Гадны компаниудтай үүсгэсэн маргаан, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналттай холбоотойгоор 2011 онд 17 хувийн өсөлттэй байсан тус улсын эдийн засаг 2.3 хувь хүртлээ унаад буй…” гэсэн байна. Дашрамд дурьдахад, Манай улсын Засгийн газар “Хан ресурст” төлөх учиртай 70 сая ам. долларыг эскору дансанд даваа гарагт байршуулаад байгаа юм.

ОХУ-ын гол бодлого Монгол Улс руу чиглэдэг


www.eastasiaforum.org сайт­наа манай улсын төвийг сахих бодлого хийгээд хөрш ор­нууд­тай хийсэн эдийн засгийн түншлэлийн хамтын ажиллагааны талаарх  “Sino-NK” судалгааны байгууллагын ОХУ, Евразийн шинжээч Энтони Риннагийн бичсэн нийтлэл тавигджээ.  Үүнд “…ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монголд хийсэн айлчлалынхаа үеэр БНХАУ-Монгол-ОХУ-ын эдийн засгийн коридор байгуулах төлөвлөгөөг дурьдсан.

Энэ төлөвлөгөөг тус гурван орны төлөөлөгчид Узбекстаны нийслэл Ташкент хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх юм. ОХУ-ын Ази руу чиглэсэн бодлогын гол ажлууд нь Монгол Улс руу хандсан байдаг. Монгол дахь Оросын гол ашиг сонирхол нь эдийн засгийн шинжтэй. Оросын эрчим хүчний “Роснефть” компани Монголын нефтийн хэрэглээний 92 хувийг хангадаг. Харин Монгол Улс уул уурхайн асар их нөөц баялагтай. Гэвч хоёр орны худалдааны эргэлт 2010 оноос хойш буурсаар байна. Ялангуяа БНХАУ-ын Монголыг чиглэсэн эдийн засгийн үйл ажиллагаа өргөжиж буй энэ үед ОХУ-ын албаны хүмүүс энэ хандлагыг буцаан өөрчлөх зорилготой байгаа. Оросын эхний зорилт бол Монголын эрчим хүч, уул уурхайн салбаруудад давуу байр сууриа хадгалахад анхаарлаа төвлөрүүлэх юм.

ОХУ-ын хувьд Монголтой харилцаагаа бэхжүүлэх замаар Зүүн Ази дахь нөлөөгөө бэхжүүлэх сонирхолтой байгаа бол Монголын хувьд олон улсын зах зээл дэх эдийн засгийн байр сууриа олон талт болгон төрөлжүүлэх сонирхолтой. Гэхдээ  Монголын хувьд эдийн засгийн хамтын ажиллагаа нь тодорхойгүй. Тиймээс төвийг сахих бодлогоо албан ёсоор хэрэгжүүлж байгаа гэдэг нь өөрөө эргэлзээтэй байгаа юм.

Оюутолгойг дэлхийн металлын  хамгийн том эх үүсвэрүүдийн нэг болгоно


“canmua.net” сайтнаа Рио Тинто группын Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зориулагдах 5.3 тэрбум ам.долларын санхүүжилтыг шийдвэрлэсэн талаарх мэдээлэл нийтлэгджээ. Үүнд “…Дэлхийн аж үйлдвэрт хэрэглэгдэх металлын хамгийн том эх үүсвэрүүдийн нэг болгох, ашгийн төлөөх төмрийн хүдрийн уурхайн хамаарлыг бууруулах зорилгоор Рио Тинто групп Монголын зэсийн уурхайн далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд 5.3 тэрбум ам.долларыг зарцуулах шийдвэрийг гаргалаа.

Долоохон хоногийн өмнө Рио Тинто группын гүйцэтгэх захирал Жан Себастьян  Жак Хятадтай хиллэх Монголын Өмнө говь аймгийн нутаг дахь ОюуТолгойн далд уурхайн асар том бүтээн байгуулалтын төслийг удаан хугацаанд хүлээсний эцэст баталсан байна. Далд уурхайн бүтээн байгууллалтын төлөвлөгөөний хүрээнд 125 милл үргэлжлэх газар доогуурх хонгил баригдах аж.

Ингэснээр “Оюу толгой”-н баялгийн 80 хувийг эргэлтэд оруулах боломж бүрдэх юм. Далайд гарцгүй Монгол Улсын эдийн засгийн гуравны нэгийг асар их ашигт малтмалын ордууд нь төлөөлдөг. Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise Hill Resources” Оюутолгой төслийн 66 хувийг, үлдсэнийг нь Монголын Засгийн газар эзэмшинэ…” гэсэн байв.

Монгол ардчиллын замаар эрчимтэй хөгжиж байна

Манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж БНСУ-д энэ долоо хоногт айлчилна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албанд томилогдсоноос хойш анх удаагаа Ерөнхийлөгч Хөх ордонд айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хетэй уулзахаар болж байгаа билээ. Тэгвэл БНСУ-ын Ёнхап агентлагийн цахим хуудаснаа энэ талаарх мэдээлэл тавигдсан байна.

Мэдээллийг хөрвүүлбэл, “…Ерөнхийлөгч Пак Гын Хе ирэх долоо хоногт Сөүл хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржйиг хүлээн авч уулзан, хоёр орны харилцааг сайжруулах чиглэлээр хэлэлцэнэ хэмээн Чон Ва Даэ мэдээлэв. Уулзалт пүрэв гарагт болох бөгөөд Монголын төрийн тэргүүний  айлчлал гурав хоног үргэлжилнэ.

2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн албанд томилогдсоноос хойш анх удаагаа БНСУ-д айлчилж буй юм.  Далайд гарцгүй Монгол Улсын хувьд 1990-ээд оны эхээр зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш ардчиллын замаар эрчимтэй хөгжиж байгаа билээ. Сөүл, Улаанбаатар 1990 онд дипломат харилцаагаа тогтоож байжээ…” хэмээсэн байв.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Даваахүү

URL:

Сэтгэгдэл бичих