Үндэсний тэргүүлэгч компаниуд дотоодын аж ахуйн нэгжүүдээ өсч хөгжихөд дэмжлэг үзүүлдэг
“Хүн бүр төрийн зардлаар амьдардаг гэж боддог, гэтэл төр өөрөө хүн бүрийн зардлаар амьдардагийг хүмүүс мартдаг” хэмээн Фридрих Бастиа хэлжээ. Фридрих Бастиа бол иргэн баян бол улс баян гэх Монгол философийг эдийн засгийн утгаар нь “улс орны эдийн засаг иргэн бүрийнх нь бүтээж, үйлдвэрлэж буй талхнаас, тодруулбал бүтээлч сэтгэлгээнээс хамаардаг” тухай тун тодорхой томьёолсон суут сэтгэгч юм. Аливаа улс оронд үнэ цэнэтэй зүйл бишгүй ч хөгжингүй орны түвшинд хүрч, хүн ам нь сайн сайхан амьдрахад ихээхэн хэмжээний баялаг хэрэгтэй. Түүнийг нь бизнесийнхэн бүтээж, баялаг бүтээх таатай орчин нөхцөлийг нь алсын хараатай, зөв улстөрчид бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл улстөрчдийн зөв шийдвэр, төр засгийн тогтвортой бодлогын дагуу бизнесийнхэний бүтээсэн баялагийн хуримтлал үсрэнгүй хөгжилд хүргэдэг. АНУ-ын хөгжлийн түүх нь баялаг бүтээгчдийн түүх юм. АНУ-ын төр бодлогоороо баялаг бүтээгчид өсч хөгжих, шударга өрсөлдөх таатай орчинг бүрдүүлж чадсан учраас Microsoft, Google, Coca Cola, McDonalds брэндүүд шил даран төржээ. Тоёота, Хондa, Сони компаниудын хөгжил Японы дэлхийд гайхагдсан үсрэнгүй хөгжлийн хөдөлгүүр болжээ. Siemens, Daimler-Benz, Volkswagen, BMW, Audi бол сахилга баттай, чанарыг эрхэмлэдэг Герман үндэстэнийг төлөөлж чаддаг. Өндөр өсөлтийг олон жил тогтвортой барьж чадсан Өмнөд Солонгосын төр Самсунг, Хьюндай компаниудыг бодлогоор гаргаж ирж дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд томруулсан.
Улс орнуудын хөгжилд хүрсэн нууцын хариулт их энгийн. Хэрвээ улс орноо хөгжилд хүргэе, хүн бүр сайн сайхан амьдарья гэж хүсч тэмүүлж байгаа л бол хувийн хэвшилээ, хөдөлмөрч бизнесменүүдээ дэмж. Улс орныхоо хөгжилд баялаг бүтээн хувь нэмрээ оруулж, татвараараа төсөвт нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах хуримтлал үүсгэж, үндэсний мянга мянган жижиг, дунд аж ахуйн нэгжүүдээ өсч хөгжихөд дэмжлэг үзүүлдэг томоохон компаниудаа үгүйсгэвэл нийгмээрээ суусан модны мөчрөө хөрөөдөхтэй адил болно. Тэдгээр тэргүүлэгч компаниуд жижиг, дунд үйлдвэрлэгчдийг ар араас нь төрүүлж байдаг ширгэшгүй ундрага юм. Жижиг, дунд үйлдвэрлэл, ханган нийлүүлэгчдийн төслийг гадаадын зээл болон Засгийн газрын бондын мөнгөөр байнга санхүүжүүлэх нь өгөөж муутай гэж эдийн засагчид үздэг. Харин тэргүүлэгч том компаниуд жижигчүүлээ ажлаар хангаж харилцан ашигтай ажилладаг. Японы Тоёота, Америкийн Microsoft, Өмнөд Солонгосын Хьюндай компаниудыг дагасан бүхэл бүтэн сүлжээ бизнес бий.
Зах зээлийн энэ хандлага манай үндэсний тэргүүлэгч томоохон компаниудад ч үйлчилдэг. Тэд дотоодын худалдан авалтаараа үндэсний аж ахуйн нэгжүүддээ дэмжлэг үзүүлж ирсэн. Манай улсад 70 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй боловч тогтвортой үйл ажиллагаатай нь түүний тал хувь. Өнөөгийн хямрал энэ үзүүлэлтийг бүр багасгасан. Манай оронд сүүлийн 5 жилд хийсэн дотоодын худалдан авалтын нэгдсэн дүнг харвал үндэсний тэргүүлэгч компаниуд жижиг, дунд аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд төрөөс огт дутахааргүй үүрэг гүйцэтгэжээ. Жишээ нь, Оюутолгой компани сүүлийн таван жилд 5,5 их наяд төгрөгийн худалдан авалтыг дотоодын болон орон нутгийн аж ахуйн нэгжүүдтэй хийж бодит дэмжлэг үзүүлжээ. Дээрх хугацаанд М-Си-Эс групп 4 их наяд төгрөгийн худалдан авалт хийж, 1 жилд дундажаар дотоодын 3 мянган аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажилласан нь манай улсын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нийт компаниудын 10 хувь нь тэднийхээс ажил үйлчилгээ авсан үзүүлэлт юм. Мөн Эрдэнэт үйлдвэр гадаадаас авдаг бүтээгдэхүүнийг дотоодоосоо, үндэсний үйлдвэрлэгчдээсээ авч, 2010-2015 онд 1,5 их наяд төгрөгийн худалдан авалт хийжээ. Эдгээрийн өгөөжөөр, дэм дэмэндээ дээс эрчиндээ гэгчээр Монголын мянга мянган жижиг, дунд аж ахуйн нэгжүүд тогтвортой үйл ажиллагаатай, ажиллагсад нь тогтмол орлоготой болж татвараараа дамжуулан улс орныхоо хөгжилд оролцжээ.
Б. Сувд
URL: