ТАВАНТОЛГОЙ ИНГЭЖ ХӨДӨЛНӨ

4c6tsilpdg8smi70qjuj8paoqaДэлхийн зах зээл дээрх үнийн уналт, БНХАУ-ын төрийн өмчит “Чалко”-д төлөх өрийн дарамт, улстөрчдийн ашиг сонирхлоос шалтгаалан мартагдах дөхсөн Тавантолгой ордын сургийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гаргав. Үндсэн хуульд “Газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн” гэж заасны дагуу Тавантолгойн ордыг ашиглах УИХ-ын тогтоолын төслийг 40 гишүүн санаачлан дэмжсэн тэрбээр З.Энхболд даргад өргөн мэдүүллээ.

Энэ талаар Л.Эрдэнэчимэг гишүүн “Таван-толгойн нөөцийг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон. Тиймээс 2007 онд тус ордыг стратегийн ордын жагсаалтад багтаасан. Гэтэл олон зуун тэрбум ам.доллараар үнэлэгдэх Тавантолгой нүүрсний ордыг ашиглах зорилгоор хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж, гэрээний төсөл боловсруулсан М.Энхсайхан сайдын ахалсан Засгийн газрын Ажлын хэсэг анхнаасаа Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, ҮАБЗ-ийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийг зөрчин хэлэлцээр хийж, ашиггүй нөхцөл бүхий гэрээний төслийг бэлтгэсэн.

Тиймээс Тавантолгойн нүүрсний ордыг Монголд ашигтайгаар хуулийн дагуу хөдөлгөх нь зүйтэй гэж үзэж энэхүү тогтоолын төсөл санаачлан УИХ-д өргөн мэдүүлж байна” гэлээ. Энэхүү тогтоолын төслийн амин сүнс нь төр тус ордын 51-ээс доошгүй хувийг эзэмших, АН-ын 2012 оны сонгуулийн амлалт 1072 ширхэг хувьцааг амилуулах юм байна. Тодруулбал, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах компанид “Эрдэнэс Тавантолгой”-н эзэмших хувийг 51-ээс доошгүй байхаар тогтоожээ. Улмаар шинээр барих төмөр замын суурь бүгдийг “Барих-ашиглах-өмчлөх-шилжүүлэх” нөхцөлөөр концесс эзэмших компанийн 51-ээс доошгүй хувийг “Монголын төмөр зам”-ийг эзэмших нь зүйтэй гзж үзсэн байна.

Мөн Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд болон үндэсний компаниудын хувьцааг саналын эрхгүй байхаар заасан. Энэхүү шийдвэр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байгаа аж. Энэхүү шийдвэрийг хүчингүй болгох заалтыг хуулийн төсөлдөө суулгасан байна. Ингэснээр иргэд эзэмшлийн хувьцаагаа захиран зарцуулах эрхтэй болох аж. Улмаар Засгийн газарг “Эрдэнэс Таванталгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлыг хамгаалж, тздний эзэмшлийн хувьцааг эдийн засгийн үр өгөөжтэй байх зохицуулалтыг гэрээнд тусгахыг үүрэг болгосон байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 82.89 хувь буюу 12 433326819 ширхэг нь төрийн мэдэлд байдаг бол 17.05 хувь буюу 2558175510 ширхгийг 2.4 сая иргэн, 0.06 хувь буюу 8497671 ширхэг хувьцааг үндэсний 553 компани хуваан эзэмшиж байгаа юм. Засгийн газар 2012 онд нэг сая төгрөгийн үнэ бүхий 1072 хувьцааг 2.7 иргэнд эзэмшүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэд үүний үр шимийг нэг ч иргэн хүртээгүй. Харин нэг сая төгрөгөөр үнэлсэн 1072 хувьцаа компанийн байдлаас шалтгаалан өнөөдөр хэдээр үнэлэгдэхийг хэн ч мэдэхгүй суугаа.

Энэ хугацаанд “Эрдэнэс тавантолгой” компанийн “Чалко”-д төлөх өр сунжирч, одоогийн байдлаар 150 сая ам.доллар үлдсэн байгаа. Мөн тус компани түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан олборлолт тээвэрлэлтийн ашгаа ч нөхөж чадахгүйд хүрсэн бөгөөд 2014 оны наймдугаар сараас өнгөрсөн оны арванхоёрдугаар сар хүртэд олборлолтоо зогоосон. Улмаар БНХАУ-ын “TTJVCo” компани олборлолтыг үргэлжлүүлж, мөн урд хөршийн “Чалко”-гийн өрөнд нүүрс гаргасаар байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой”-н өнөөгийн байдал ийм байна. Тэгвэл Л.Эрдэнэчимэг гишүүн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 20 хүртэлх хувийг дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээг авах боломж бүрдэнэ” гэлээ.

Мөн Засгийн газар дээрх тогтоолын төсөлд нийцүүлэн хөрөнгө оруулагч сонгон шалгаруулах нь нээлттэй. Ингэснээр Ухаахудагаас Гашуунсухайт чиглэл болон Тавантолгой, Сайншанд, Хөөт, Чойбалсан, Эрээнцав зэрэг бусад чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг онцлов. Эдгээр агуулга багтсан Таван-толгойн төсөлтэй холбоотой УИХ-ын тогтоол шийдвэрүүд мундахгүй олон бий. Гэвч хэрэгжсэн нь хэд бол. Төлөвлөгөө ёсоор энэ чиглэлийн төмөр зам хэдийнэ ашиглалтад орчихсон, ашгаа өгөөд эхэлсэн байх учиртай. Өөрөөр хэлбэл, одоогийнхоос хоёр дахин их нүүрс экспортолж, жилд 30 сая тонн нүүрс экспортлох зорилгодоо хүрэхээр байв. Ямартай ч Тавантолтойг хөдөлж, иргэд хувьцааныхаа үр шимийг хүртэнэ гэх итгэлийн суурь нь дээрх тогтоолын төсөл байж мэдэх юм. Гэхдээ сонгуулийн дараа бүрдэх Засгийн газар л үүнийг үргэлжлүүлнэ.

 

Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих