АН-ЫГ ЗОРИХ ЖИЖИГ НАМЫН ДАРГА НАРЫН ЗАМ БАЛРАХГҮЙ
“Хамгийн сүүлд гарсан “Сант Марал”-ын судалгаагаар АН, МАН-ын рейтинг ойролцоо, гэхдээ 20 хувиас хэтрэхгүй байснаас АН, МАН-ынхан сонгууль болохоос хоёр сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, 48:28 гэсэн пропорциональ системээр биш олон мандат бүхий жижигчилсэн тойргоор буюу 76 мажоритор системээр сонгуулийг явуулахаар тохиролцсон” гэх яриа сарын өмнө гарч байлаа. Магадгүй энэ нь үнэний хувьтай байж энэ удаагийн сонгууль мажоритор системээр явах болсон. Тэгвэл энэ систем нь жижиг намуудад халгаатай. Үндсэндээ энэ удаагийн сонгуулийг Н.Энхбаяр болон жижиг намуудад “баяртай” гэж хэлэх сонгууль ч гэж тодорхойлоод байгаа билээ. Тиймээс жижиг намын дарга нар “Амь амиа бодоорой” хэмээн тойрог горилж, хоёр нам руу хуваагдан уралдах боллоо. Ингээд АН-д хэн хэн очиж байгааг сонирхуулъя.
Хамгийн түрүүнд МҮАН-ын дарга М.Энхсайхан АН-д эргэн очихоо мэдэгдсэн. Тодруулбал, намынхаа мөрийн хөтөлбөрийг боловсруулж байна хэмээн их л идэвхтэй жиргэж суусан М.Энхсайхан гэнэтхэн л “МҮАН энэ сонгуульд оролцохоо болилоо, АН-ыг дэмжинэ” хэмээн мэдэгдээд АН-д очсон. Бодит эсэхийг цаг хугацаа харуулах ч АН түүнд сонгуулийн штабаа удирдуулах болзол тавьсан гэлцэх юм билээ.
Тэгвэл гуравдагч шинэ хүчний төлөөлөл болно хэмээн гарч ирсэн ХҮН-ын дарга гэгдэх Т.Ганболд намын гишүүдээ хөөж орхичихоод АН-ыг дэмжинэ гээд гүйгээд явчихав. Уг нь ХҮН нийгэмд нэлээд танигдаж, найдлага тавих хэмжээний болтлоо явж чадсаныг дурдах нь зүйтэй. Гэсэн ч дотоод зөрчлөө шийдэж чадахгүй байсаар ийм байдалд хүрч, С.Боргил тэргүүтэй залуус бие даан нэр дэвшихээр болов. Үндсэндээ ХҮН-ын дотор юу болоод байгааг ойлгоход ч бэрх болсон. Харин Т.Ганболд “ХҮН-ын үүсгэн байгуулагч нь С.Ганбаатар, санхүүжүүлэгч нь би” хэмээн зарлаад эзэн нь юмаа мэдэж байна гэсэн шиг АН-ыг дэмжинэ гээд алга болоотохов. АН түүнд юу амласан нь одоогоор нууц байна.
Харин техникийн зарим алдаанаас болоод СЕХ-нд бүртгүүлж чадаагүй гэх тайлбар өгөөд байгаа С.Оюун дарга мөн л АН-ыг дэмжихээр очлоо. Түүгээр ч үл барам ИЗНН-ын гурван даргын нэг болох С.Дэмбэрэл намаасаа гарч АН-д очжээ. Түүнд АН Чингэлтэй дүүрэгт нэр дэвших эрх өгсөн бололтой. Ийн тэрбээр ИЗНН-ын гурван даргаас ганцаараа нэр дэвших нь. Ингэснээр С.Оюун ахынхаа оронд парламентад орж ирэн нам байгуулсан цагаасаа УИХ-д суудалтай байж ирсэн ИЗНН ирэх парламентад төлөөлөлтэй байх уу, үгүй юу гэсэн асуудал үүсээд байна. Учир нь ганцхан С.Дэмбэрэлд л тойрог амласан бололтой.
Жижиг намуудын дарга нар АН руу гүйх цувааг Эх орон намын дарга Б.Эрдэнэбат үргэлжлүүлэв. “Эрэл”-ийн гэх тодотголтой Б.Эрдэнэбат М.Энхсайхантай “Эх орон-Ардчилал” эвслийг байгуулж явсан товарищ. Тэгвэл мань эр энэ удаа эвсэх хүн олсонгүй бололтой. Тиймдээ ч намаа орхиод АН-д гүйж очих шийдвэр гаргажээ. Ингэснээр тэрбээр Хөвсгөл аймагт нэр дэвших эрх өвөртлөх гэнэ. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын “Ерэн баатрын дууль”-д “Хөшөө тийш очих ардын зам баларсангүй” гэдэг шиг АН-ыг зорих жижиг намын дарга нарын зам балрахгүй нь бололтой. Тавдугаар сарын 23-ныг хүртэл хэн хэн АН тийш очихыг таашгүй.
URL: