Нийслэлийн өдрөөс өмнө тохижилтыг дуусгах үүрэг хүлээлээ
Нийслэлийн Удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өчигдөр боллоо. Энэ удаагийн хурлаар ирэх оны нийслэлийн төсөв болон удахгүй болох “Нийслэлийн өдөр”-ийг зохион байгуулах, мөн өвөлжилтийн талаар хэлэлцлээ.
Өвөлжилтийн бэлтгэл 93 хувьтай байна
Орон сууц нийтийн аж ахуйн газрын мэдээллээр өнгөрсөн есдүгээр сарын 15-нд төвийн шугамд холбогдсон аж ахуй нэгж, айл өрхүүдэд халаалт өгсөн. Харин энэ сарын 1-н гэхэд бусад бүх орон сууц, аж ахуй нэгжүүд халаалттай болсон байна. Зарим нэг орон сууц төвийн шугамыг нь солих, засварлах шаардлагатай байгаа учраас халаалт өгөөгүй байгаа гэв. Тухайлбал, Баянзүрх дүүргийн УУС-ийн 15-р хорооллын байрууд, мөн Биокомбинатын орон сууцнуудад халаалтгүй байгаа аж. Гэвч энэ асуудлыг шийдвэрлэхээр холбогдох байгууллага нь ажиллаж байгаа гэлээ. Нийтийн зориулалттай орон сууцны барилгуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар СӨХ-ны дээд зөвлөлийн дарга Р. Жигжид “ОСНААГ-тай хамтран хаврын үзлэг засварын ажлыг хийж хэвшүүлсний үр дүнд өвөлжилтийн бэлтгэл 93 хувьтай байгаа. Энэ зун 64 байрны дээвэрт их засвар хийж, 126 цахилгаан шат шинэчлэхээс 32-ыг нь шинэчилсэн. 34 шат угсралтын шатандаа, 60 нь тендер шалгаруулалтын шатанд явж байна. Сууц өмчлөгчдийн холбоо өөрсдийн нөөц бололцоогоор 431 орцонд засвар хийж, 16 мянга 282 урт метр инженерийн шугам сүлжээ, 40 мянга 870 урт метр дээврийн хэсэгчилсэн засварыг хийсэн” гэлээ.
Хүн ам, өрхийн дэвтрийг шинэчлэн бүртгэнэ
Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын захирамжаар нийслэлд амьдарч байгаа хүн ам, өрхийн дэвтэр шинэчлэн бүртгэх ажлыг хийхээр болсон. Энэ ажлыг ондоо багтаан дуусгахаар төлөвлөжээ. Нийтдээ есөн дүүрэгт 364 мянга 800 өрх бий гэж тооцоолон дэвтэр хэвлэсэн байгаа аж. Хүн ам, өрхийн дэвтрийг шинэчлэн бүртгэх ажлыг хорооны зохион байгуулагч болон хэсгийн ахлагч нар гардан гүйцэтгэх гэнэ. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Ц. Болдсайхан “Ирэх жил сонгууль болно. Сонгуулийн үеэр гол маргаан дэгдээдэг хүн амын бүртгэл тооллогод чухал үр дүнтэй ажил байна” гэлээ. Хүн ам, өрхийн дэвтэр шинэчлэлтийн ажлыг оны эцэст, харин мэдээллийн санг ирэх жилийн эхний улиралд дуусгахаар төлөвлөөд байгаа гэв.
Хан-уул дүүрэг бүтээн байгуулалтаа танилцууллаа
Дүүргүүдэд эрх шилжсэн ажлын талаар дүүрэг бүр Удирдах ажилтны шуурхай хуралд тайлагнадаг. Энэ удаад Хан-Уул дүүрэгт 2011 онд хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилтын ажлын талаар мэдээлэл хийлээ. Улсын төсвөөр есөн сургуулийг иж бүрэн компьютер бүхий лаборторитой болгож, дөрвөн сургуульд багш хөгжлийн төв байгуулахын зэрэгцээ “Англи хэл бидний хоёр дахь хэл”, “Иргэний боловсрол ирээдүй” төслүүдийг хэрэгжүүлж тус бүр тав, таван сурагчийг Тайвань улсад амруулахаар болжээ. Мөн нийслэлийн төсвөөр тус дүүрэгт хэрэгжүүлэх том ажлын нэг нь дүүргийн төр захиргааны төв байр барьж буй. Барилгыг ирэх оны наймдугаар сард хүлээн авахаар төлөвлөж буй гэв. Одоо суурийн ажил явагдаж нэг тэрбум төгрөг зарцуулаад байна гэж Засаг дарга Ж.Ганхуяг хэллээ. Үүнээс гадна Ажилчны алдар талбайн тохижилт, III хороо 19 дүгээр байрны дэргэдэх цэцэрлэгт хүрээлэн, найм, есдүгээр байрны тохижилтын ажлууд 100 хувь дууссан гэнэ. Харин То вангийн гудамжны тохижилтын ажил 75 хувь, Богджавзундамбын гудамжных 10 хувь байгаа бөгөөд Зайсангийн гудамжны тохижилтын ажил дуусаагүй байгаа аж. Эдгээрийг “Нийслэлийн өдөр”-ийн өмнө амжуулж дуусгана гэж хэлэв. Ажил удааширч буй гол шалтгаанаа газрын маргаантай холбоотой гэж тус дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг тайлбарласан юм.
Нийслэлд ирэх жил 95 тэрбумын бүтээн байгуулалт хийгдэнэ
УИХ-ын намрын чуулган эхэлж төсвийн тодотгол хэлэлцэж эхэлсэн үед Улаанбаатар хотын төсөвтэй холбоотой мэдээллийг Нийслэлийн Засаг дарга Г. Мөнхбаяр танилцуулав. Улаанбаатар хотод жилд 794 тэрбум төгрөг зарж байж иргэдээ ая тухтай амьдруулна гэсэн тооцоо бий. Гэвч өнгөрсөн жилүүдэд олсон мөнгөнийхөө ихэнхийг улсад тушаачихдаг байсан бол энэ жил анх удаа улсад орлого өгөхгүй байхаар одоо яригдаж байгаа юм байна. Ингэж чадвал 95 тэрбум төгрөг захиран зарцуулах эрхтэй болно гэсэн үг. Хотын дарга Г.Мөнхбаяр “Энэ мөнгийг иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцлийг сайжруулахад зарцуулах болно. Өмнө нь хөрөнгөгүйн улмаас тохижилтын ажил хийсний дараахь арчилгаа тордлогоо орхигддог байсан бол ирэх жил асуудлыг хамтад нь шийдэх боломжтой болно. Ингэж байж хийсэн ажлын үр дүн гарна. Түүнчлэн гэр хорооллын орчин ахуй руу чиглэсэн ажил түлхүү хийнэ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн эмнэлгүүдийг дэмжих нь хотын гол бодлогын ажил байна. Жилд нэг эмнэлэгт 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ” гэв.
Хот хогоор дүүрч байна
Онцгой байдлын газарт сүүлийн үед ирж буй дуудлагын дийлэнхийг хог шатсан гэх дуудлага эзэлж байгаа. Хогоо ачихгүй удаж байгаагаас ийм “түймэр” дэгдэж байгааг дүүргийн дарга нарт анхааруулсан. Мөн “Цахилгаан тээвэр” компани хогны мөнгийг цахилгааны мөнгөтэй цуг авч байгаа бөгөөд нийт хүн амын 80 хувь нь хог, цахилгааны мөнгөө төлж байна. Хогны мөнгийг орж ирсэн даруйд нь Хог хаягдлын санд тушааж байгаа. Гэтэл ТҮК-ийн дарга нар нь манайхаас мөнгөө нэхээд байна гэсэн гомдлыг “Цахилгаан тээвэр” компанийн дарга хэлж байсан. Өнгөрсөн хавар хур хогноосоо салсан ч дахиад л хот хогондоо дарагдаж эхэллээ. Тиймээс хүйтрэхээс өмнө энэ асуудлыг яаралтай шийдэж олон дамжлага дамжихгүйгээр шууд ТҮК-д нь шилжүүүлэх хэрэгтэй байна гэж албаныханд санууллаа. Ирэх оны төсөвт хороо бүрт нэг буюу 152 хогны машин гэж тооцоолон парк шинэчлэлт хийхээр төсөвт суулгасан байгаа аж. Үүнийг иргэдээс хогны мөнгө нэмж авах шаардлагагүйгээр зохицуулах боломжтойг Хотын дарга санууллаа. Мөн “Нийслэлийн өдөр”-ийг угтаж энэ сарын 22-нд бүх нийтийн их цэвэрлэгээ хийхээр болжээ. Тиймээс албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд шаардлага хүргүүлж, заавал их цэвэрлэгээ хийх ёстой гэдгийг ойлгуулах хэрэгтэй гэв. Мөн “Нийслэлийн өдөр”-өөс өмнө тохижилт, засвар, шинэчлэлийн ажлыг хийж дуусгахыг Хотын дарга Г.Мөнхбаяр үүрэгдлээ.
URL: