Өрийн босго: Мэдэхгүйгээс болж алдав уу, завшив уу?

527-1463448556FOTOГадаад өр, өрийн босго, хязгаарын талаар мэдлэг муутай, одоог хүртэл ойлгоогүйгээс “хохирч” яваа байж болох нэгэн асуудлын талаар ярилцья. Энэ асуудал бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, эдийн засагчид, улс төрчид, мэргэжилтнүүдэд илүүтэй хамаатай асуудал. Юу вэ гэвэл манай эдийн засаг­чид, улстөрчид, мэргэ­жилт­нүүд Засгийн газ­рын гадаад өр, Засгийн газ­рын нийт өр хоёроо ял­гаж чадахгүй, хольж хут­гаад байгаа явдал юм.
Дэлхийн банк, ОУВС-аас манай Засгийн газарт гадаад өрийн тал дээр өгч буй зөвлөмж нь Засгийн газрын гадаад өрийн хэмжээг (external public debt) өнөөгийн үнэ цэнээр  (ӨҮЦ) тооцсоноор  ДНБ-ийн 40 хувь гэсэн хязгаартай байхаар заасан.
Гэтэл бид анхнаасаа 2010 онд баталсан төсвийн тогтвортой байдлын тухай хуульдаа үүнийг Засгийн газрын гадаад өрийн бус харин нийт өрийн босго, өөрөөр хэлбэл Засгийн газрын гадаад болоод дотоод өрийн нийлбэрийн босго байхаар тусган оруулсан.
Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ний 40 хувиас хэтрэхгүй байх-хэмээн заасан байгаа. Энэ босго нь олон улсын байгууллагуудаас зөвлөмж болгосон Засгийн газрын гадаад өрийн босго бус, харин Засгийн газрын нийт өрийн хязгаар болж хэрэгжсэн байна.
Ямартай ч өртэй холбоотой бичиг баримтууд, тайланд хуульд заагдсан 40 хувийн босго нь Засгийн газрын өрийн (гадаад ба дотоод өр–public debt) хязгаар гэж алдаатайгаар тусгагдсаар ирсэн бөгөөд Засгийн газрын гадаад өрийг тусад нь авч үзэн тавигдсан ша­лгуур, босгонд нь харь­цуу­лсан мэргэжлийн дүгнэлт дутагдсаар байгаа юм.
Тухайн үед манай Засгийн газартай хамтран ажиллаж байсан ДБ, ОУВС-ийн нөхдүүд ч энэ асуудлыг анзааралгүйгээр, “эндүүрсэн” хэвээр явуул­сан нь хачирхалтай. Гэхдээ со­хорсон биш завшив гэг­чээр энэ асуудал ард тү­мэнд тустай, харин гаднаас зээл авах дуртай эрх баригчдын хүслийг ихээхэн хяз­гаар­ласан нөхцөл болсон юм.
Дэлхийн банк (ДБ), Олон улсын валютын сангийн (ОУВС) CPIA буюу улс орнуудын эдийн засгийн институт, бодлогод өгдөг үнэлэмжээр Монгол Улс 3.41 оноо авч (2009-2011) “medium performer” буюу дунд ангилалд багтсан бөгөөд энэ ангилалд орсны хувьд манай улсын өрийн тогтвортой байдлын таван шал­гуурууд бүгд одоо мөр­дөж буй, мөрдөгдөж байх ёстой хэмжээнд, тухайлбал Засгийн газрын гадаад өрийн хязгаар (external public debt) ДНБ-ий 40 хувь байх зөвлөмж өгөгдсөн байдаг.
Эдгээр таван шалгуу­рын гол зорилго нь үзүү­лэлт бүрийн хэмжээ өгөгд­сөн шалгуурын босгонд хэр дөхөж очсон байна вэ гэдгийг  харуулж сэрэмжлүүлэх юм. Хэрэв таван шалгуурын зөвхөн нэг нь л зөрчигдсөн, шалгуур босгоос давсан байвал энэ нь тухайн улс гадаад өрийн “ӨНДӨР ЭРСДЭЛ”-д орлоо гэдгийг харуулж буй хэрэг.
Өнөөдөр манайд хэрэгжиж буй шалгуураар Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 52.1 хувь байгаа нь 40 хувийн босгоос хэтэрсэн үзүүлэлт бөгөөд өндөр эрсдэлийн бүсэд орсныг илтгэж  буй юм. Тиймээс манай зарим эдийн засагчид, улстөрчдийн яриад байгаа шиг “таван шалгуураас зөвхөн нэг нь л зөрчигдсөн байна, бусад нь хэмжээндээ байгаа учраас манай улс өрийн дарамтанд ороогүй, эрсдэлгүй” гэх тайлбар нь үндэслэлгүй юм.
Өр зээлийн талаарх нэгдмэл ойлголт үгүй, мөн өрийн удирдлагын хууль дүрэм бусад бичиг баримтад зөрүүтэй тусгагдсан ойлголтын улмаас манай улстөрчид, эдийн засагчид өрийн талаар буруу, зөрүү ярих нь түгээмэл төдийгүй олон улсын санхүүгийн байгууллагуудын  төлөөллүүд ч манай улсын өрийн талаар үнэн зөв төсөөлөлтэй байдаг гэдэг нь эргэлзээтэй харагддаг.
Дэлхийн банк, ОУВС, эдийн засагчид, шинжээчдийн зүгээс Засгийн газрын гадаад өр төдий бус Засгийн газрын нийт өрийн тогтвортой байдлын тал дээр хийсэн дүгнэлт, зөвлөмжүүд бас байдаг. Монголын хувьд “medium performer” буюу дунд ангилалд багтсан нь Засгийн газрын нийт өрийн босгыг өнөөгийн үнэ цэнээр тооцсоноор (ӨҮЦ) ДНБ-ий 40 хувь биш харин 56 хувьд харин нэрлэсэн үнээр тооцвол 62 хувь байвал зохино гэсэн заалтууд байдаг.
Гэвч тухайн үед ажиллаж байсан олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөгчид болоод манай Засгийн газар, Сангийн яамны мэргэжилтнүүдийн харилцан үл ойлголцол, магадгүй аль алиных нь ур чадвар дутагдсаны улмаас эндүүрэл гарч Засгийн газрын өрийн хязгаарыг байх ёстой 56 биш харин 40 хувиар тогтоож өөрсдийнхөө зээл авах боломжийг хязгаарласан.  Өөрөөр хэлбэл Засгийн газар маань өр зээлээ 16 хувь буюу ойролцоогоор 3.5 их наядаар (ӨҮЦ) нэмэгдүүлэх боломжоо мэдэхгүйгээсээ болж алдсан гэсэн үг. Хэн нэгэн хүн үүн дээр үнэмшил төрүүлэхүйц, бодитой тайлбар өгөх буй за.
Харамсалтай нь гадны мэргэжилтэн гэх сэтэр зүүсэн нөхдийн үгийг сохроор дагаж, мэргэжлийн алдаа хийсэн байж болох шийдвэр гаргагчид маань тухайн үед энэхүү алдаагаа ухаарч засах замаар нэмж зээл авах боломжоо хөнгөхөнөөр нэ­мэг­дүүлхийн оронд өрийг зохицуулж буй төсвийн тогтвортой байдлын тухай хууль дахь заалтуудыг өөрчлөх, өрийн удиртгалын тухай хуулийг шинээр батлах замаар өрийн менежментийн олон улсын стандартуудыг зөрчиж, хүчээр, өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн эрх зүйн орчинг бүрдүүлэн нэмж зээл авсан.
Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн  6.2.-т “энэ хуулийн 6.1.4-т заасан Засгийн газрын өрийн хязгаар нь эрчим хүч, төмөр зам, уул уурхайн салбарын хуулийн этгээ­дэд Засгийн газар хувь нийлүүлсэн хөрөнгө оруу­лах зориулалттай бөгөөд тухайн хуулийн этгээдийн ашгаас эргэн төлөг­дөх нөхцөлтэй байгуул­сан гэ­рээний дагуу авсан Засгийн газрын зээл, эсхүл гэрээний энэхүү нөхцөлөөр гаргасан Засгийн газрын баталгаанд хамаарахгүй.”  19.3.-т “… өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2015 оны төсвийн жилд одоо байгаа түвшинд нь буюу 58.3 хувиас, 2016 оны төсвийн жилд 55 хувиас, 2017 оны төсвийн жилд 50 хувиас, 2018 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна,” гэсэн өөрчлөлт, заалтууд оруулсан нь өрийн менеж­ментийн олон улсын стан­дартыг зөрчсөн, Зас­гийн газарт хэрээсээ хэтэр­сэн өр тавих эрх зүйн орчинг бүрдүүлсэн муй­хар үйлдлүүд болсон юм.
Хуульд оруулсан өөрч­лөл­түүд нь эрх баригч­дад Засгийн газрын өрийг хязгааргүйгээр нэмэг­дүүлэх үүд хаалгыг нээж өгсөн ба энэ ч үүднээс эрх баригчид уул уурхай, төмөр зам, эрчим хүчний салбарт авч буй нэрийн дор асар их зээлийг авсаар байна. Тухайлбал, Энэтхэгээс авч буй $1 тэрбумын зээл, Хятадаас авах $1 тэрбумын зээл, Эгийн голын цахилгаан станцыг барих бас $1 тэрбумын зээл гэх мэт бусад зээлүүд бүгд манай Засгийн газрын өрийин босгын гадуур орж ирэх, мөн гараад явах бүрэн боломжтой ба тэгж ч байгаа.
ӨНӨӨГИЙН ҮНЭ ЦЭНЭ-ӨҮЦ БА “discount rate, ”ХЯМДРУУЛАГЧИЙН АСУУДАЛ
Өрийн менежменттэй холбоотой өөр нэгэн асуудал нь манай өрийн менежментед хэрэглэдэг “Өнөөгийн үнэ цэнэ” ба ӨҮЦ-ийг  тогтооход хэрэглэдэг “discount rate” буюу хямдруулагчийн асуудал юм. Өрийн тогтвортой байдлын шалгууруудад өрийн ӨҮЦ-ийг хэрэглэдэг. Гэвч энэ нь өрийг бодит байдлаас бага харагдуулдаг гэсэн шүүмжлэл дагуулаад буй. Өрийг нэрлэсэн үнээр нь тооцох нь зөв зүйтэй гэсэн саналууд байдаг нь үгүйсгэх аргагүй зөв.
Манай улсын хувьд ӨҮЦ-ийг тогтооход хэрэглэдэг “discount rate”- ийг чухам хэрхэн яаж, хэдээр тогтоож байгаа нь ил тод биш байгаа юм. Үнэндээ “discount rate”-ийг хэдий чинээ өндөр тогтооно төдий чинээгээр өрийн хэмжээг бага харагдуулах боломжтой. ОУВС-ийн гаргасан зөвлөмжөөр 15 жилээс бага хугацаатай зээлд 3.11 хувь “discount rate” хэрэглэх учиртай.
Харин манай улс гадаад бондуудын ӨҮЦ-ийг тодорхойлохдоо чухам хэдэн хувийн “discount rate” хэрэглэж байгаа вэ гэдэг нь тодорхой биш байгаа бөгөөд магадгүй зохих хувиас өндөр, 5-7 хувийн “discount rate”ашиглаж өрөө бага харагдуулж байж болох уу гэсэн асуудлууд байгаа юм. Тухайлбал, 2015 оны эцсээр манай Засгийн газрын өр ӨҮЦ-ээр 13, 672.5 тэрбум  (нэрлэсэн үнээр 15,569.1 тэрбум ) төгрөг байсан нь байх ёстой дүнгээс бага харагдуулсан тоо юу гэсэн асуултыг төрүүлж буй юм.
ӨҮЦ болоод “discount rate” нь эрх баригчдын хувьд өрийн дүнг бодит байдлаас нь доогуур харагдуулах нэг сайхан арга хэрэгсэл болоод буй. Манайхан үүнийг тун чадамгай ашиглаж буй юм. Ер нь эргэлзээг арилгахын тулд, бүх зүйлийг ил, тодорхой байлгахын тулд манай Засгийн газрын өрийг нэрлэсэн үнээр нь тооцоод явах нь зөв бөгөөд олон улсын санхүүгийн байгуул­лагуудын зүгээс ч энэ тал дээр өгсөн зөвлөмжүүд байдаг. Судалгаанаас үзэхэд манай Засгийн газрын өрийн босго нь нэрлэсэн үнээр ДНБ-ий 60-62 хувь байх боломжтой.
Дүгнээд хэлэхэд, эдийн засагчид, улс төрчид маань өрийн талаар ойлголт муутай, өрийн босго, хязгаарын учрыг олоогүй, хольж хутгасан нь ихээхэн будлиан үүсгээд байгаа төдийгүй манай өрийн менежментийн удирдлагууд мэргэжлийн хувьд ямаршуухан түвшинд байгааг харуулж буй хэрэг. Өрийн менежментийн асуудлыг онцгойлон авч үзэх шаардлага байгааг харуулж байна.
Нөгөө талаас Монгол Улс дотооддоо өрийн менежментийн эрх зүйн орчингоо, өрийн ангиллаа яаж ч өөрчиллөө гэсэн улсын нийт өрийн дүн өөрчлөгдөхгүй, өр багасахгүй, бид төлөх ёстой дүнгээ төлөх шаард­лагатай болно. Га­даад улс орнууд, олон улсын санхүүгийн байгууллагууд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартаар, аргачлалаар манай улсын өрийн менеж­ментийн чадавхийг үнэлж, эдийн засагт нь үнэлэлт дүгнэлтээ өгч байгаа.
Тухайлбал, улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог Moody’s, Standard and Poor’s, Fitch гэх байгуул­лагуудын үнэлгээ нь улс орнуудын эдийн засгийн толь болдог. Өнөөдөр эдгээр агентлагуудаас манай улсад өгсөн үнэлэмж В2 зэрэглэлтэй байгаа нь манай улс эдийн засгийн чадавхи муутай, найдваргүй зээлдэгчийн тоонд орсон байгааг харуулж буй хэрэг юм.
Засгийн газрын зүгээс тайлбарлаж буй шиг улсын эдийн засаг сайн яваа, хямрал байхгүй, өрийн дарамт үгүй байгаа юм бол манай улс ийм муу үнэлгээ авах учиргүй.
Өрийн төрөл, босго, менеж­ментийн талаар хоёр талдаа ойлголтын зө­рүүтэй байхад Дэлхийн банк, ОУВС-аас манайд өгч буй зөвлөмжүүд нь хэр бодитой, үнэ цэнэтэй вэ гэдэг асуудал мөн анхаарал татахгүй байхын аргагүй.
Эрх баригчид өрийн менежментийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчилс­нөөрөө ард түмнээ л хуурч байгаагаас өөр хэнийг ч хуурч байгаа асуудал биш юм. Монголд өнөөдөр гадаад өрөөс  үүдэлтэй эдийн засгийн гүнзгий хямрал нүүрлээд байгаа үнэнээс бид бултаж чадахгүй.
Эдийн засагч Х.Батсуурь

URL:

Сэтгэгдэл бичих