Ослоор 10 хүүхэд нас барж 681 хүүхэд гэмтэж бэртжээ
Зам тээврийн осолд өртөх эрсдэлтэй хүмүүс бол мэдээж хүүхдүүд. Тэр дундаа бага насны хүүхэд авто осолд өртөх нь сүүлийн үед нэмэгдэж байна. Өнгөрсөн хоногт гэхэд л таван хүүхэд автомашинд мөргүүлэх, шүргүүлэх зэргээр гэмтэн эмнэлэгт хүрүүлсэн байна. Баянгол дүүргийн нутаг Гранд плазагийн зогсоолд Toyota Prius маркийн 45-82 УНМ дугаартай автомашины жолооч, таван настай Э-г мөргөж гэмтээсэн хэрэг гарлаа. Мөн хорооллын доторх замд хүүхэд мөргөн гэмтээсэн хэрэг гарсан юм.
Сонгинохайрхан дүүргийн нутаг Өнөр хорооллын гудамж наймдугаар байрны долдугаар орцны урд замд Toyota Camry 12-25 УБВ дугаартай автомашины жолооч Т нь явган зорчигч, найман настай А-г мөргөсөн билээ. Энэ мэтчлэн өдөрт 3-4 хүүхэд зам тээврийн осолд өртөж байгааг хууль хяналтын байгууллагууд анхааруулж байгаа юм. Он гарсаар зам тээврийн ослоор 10 хүүхэд нас барж, 681 хүүхэд бэртэж гэмтсэн байна. Дээрх хүүхдүүдийн ихэнх нь явганаар хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртсөн байна.
Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ харгалзах хүнтэй явуулж, замын хөдөлгөөнд хэрхэн зөв, аюулгүй оролцох талаар байнга хэлж ойлгуулах нь чухал юм. Мөн бага насны хүүхдүүдэд жолооч нар зам тавьж өгөх, сургуулийн ойр орчим хүүхдийн хөдөлгөөн ихтэй газруудаар анхаарал болгоомжтой явах хэрэгтэйг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
URL: