Хэнтий аймгийн АН-аас сонгуульд 39 хүн нэр дэвшихээр бүртгүүллээ
Xэнтий аймгийн Ардчилсан намаас аймгийн ИТХ-ын сонгуулийн 25 тойрогт 39 хүний нэр дэвшүүлснээ аймгийн сонгуулийн хороонд хуулийн хугацаанд нь бүртгүүлж нэр дэвшигчдийнхээ холбогдох материалыг хүлээлгэн өглөө.
Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн залуу нь 30 настай, хамгийн ахмад нь 59 настай, нийт нэр дэвшигчдийн 18 хувь буюу 6 нь эмэгтэйчүүд байна. Бүх нэр дэвшигчид дээд боловсролтой, ажил мэргэжлийн хувьд бүх салбарыг төлөөлсөн бөгөөд өмнөх сонгуулиудад 1-4 удаа сонгогдсон хүмүүсээс гадна анх удаагаа нэр дэвшиж байгаа 19 хүн байгаа нь ажээ.
Аймгийн хэмжээнд гурван мандаттай тойрог 3, хоёр мандаттай тойрог 6, бусад нь нэг мандаттай агаад хүн ам ихтэй Хэрлэн сумын 1,2, 3-р баг тус бүр 3 мандаттай, Бор-Өндөр, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр зэрэг 6 сум 2 мандаттай байна.
Энэ удаад төрийн албанаасаа 7 хүн түдгэлзэж сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсний дотор “Радио телевизийн үндэсний сүлжээний газар” ТӨК-ий дэд захирал Д.Аюурбунь, аймгийн Засаг даргын орлогч Г.Ганхуяг, Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхмандах нарын хүмүүс байна.
Ийнхүү Ардчилсан нам нэр дэвшигчдээ нас хүйс, боловсрол ажил мэргэжлийн хувьд бүх салбарыг хамруулан, аймгийн ИТХ-д өөрсдийн дуу хоолойгоо хүргэж ажиллаж чадахуйц чадварлаг багийг бүрдүүлэн нэр дэвшүүллээ. Энэ удаагийн сонгуулийн шинэ хуулиар тухайн нэр дэвшигч хэн бэ гэдгийг материал бүрдүүлэлтээс нь бүрэн харж болно.
Нэр дэвшигч ямар нэгэн өр төлбөртэй эсэх, шүүхээр ял шийтгүүлж байсан эсэх, гэмт хэрэгт холбогдсон эсэх, татвараас зайлсхийсэн эсэх зэрэг бүх шалгуур үзүүлэлтийг хангаад сонгогдож байгаа учраас нэлээд чадварлаг цэвэр баг өрсөлдөөнд тодорч гарсан гэдгийг аймгийн Ардчилсан намын сонгуулийн штабаас онцоллоо.
Хэнтий аймаг О.Буянхишиг
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: