Оффшор дахь хөрөнгийг ил гаргах хуулийн төсөл санаачиллаа
Сүүлийн үед улстерчдийн нэр холбогдох болсон оффшор дансны асуудлыг цэгцлэх хуулийн гурван төслийг УИХ-ын гишүүн Г.Уянга санаачлан боловсруулжээ. Хууль санаачлагчийн зүгээс дотоодод Эдийн засгийн ил тод байдлын хуулийг хэрэгжүүлснээр Монгол Улсын ДНБ-ийг 1.5 дахин нугалах хэмжээний хөрөнгө буюу 35 их наяд тегрөг ил болсон. Гадаад дахь оффшор данс ил болгох хуультай болсноор үүнээс их хөрөнгө сүүдрээс гарах боломжтой. Энэ нь эдийн засагт эерэг үр дүн авчирна гэж харжээ.
Учир нь оффшор бүс дэх өндөр зэрэглэлийн нууцлалтай данс нээлгэхэд нэг сая ам.доллар (хоёр тэрбум төгрөг)-ын босготой байдаг аж. Тиймээс гадаад дахь банк, санхүүгийн данс болон үл хөдлөх эд хөрөнгийн тухай, Оффшор данс, оффшор компаниудын ил тод байдлын тухай болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг энэ долоо хоногт Засгийн газарт хүргүүлэхээр зэхсэн байна. УИХ-ын гишүүн Г.Уянга “Хуульдаа төрийн албан хаагчид, өндөр албан тушаалтнууд гадаад дахь хөрөнгө орлогоо сайн дураар ил болгох, хөрөнгө орлогын эх үүсвэрээ тайлбарлах зэргийг зохицуулахаар тусгасан. Уг хуультай холбоотойгоор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Улмаар гадаадад оффшор данс эзэмшдэг. Түүнийгээ хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ тусгаагүй бол сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах заалт тусгасан.
Мөн оффшор дансаа нуун дарагдуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болно” гэв.
Оффшор данс, оффшор компаниудын ил тод бавдлын тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Энэ хуулиар төрийн албан хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдийн гурван сарын хугацаанд гадаадад буй бүх төрлийн данс, үл хөдлөх хөрөнгөө ил болгох зохицуулалт хийх аж. Харин заасан хугацаанд зохих мэдүүлгээ өгөөгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгажээ. Энэ талаар эдийн засагч Х.Батсуурь “Саяхан ил болсон “Панамын баримтууд”-ын дүнд эхний 49 монгол иргэнтэй холбоотой мэдээлэл бий. 49 хүний нуун дарагдуулсан хөрөнгийн хэмжээ одоогоор ил болоогүй байгаа ч энэ нь Монгол мөнгөөр тооцвол их наядаар тооцогдох хөрөнгө байх нь тодорхой. Монгол Улсын нийт гадаад өр хамгийн багадаа 23.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Үүнээс чухам хэчнээн нь гадаадын оффшор дансанд хадгалагдаж, манай баланс дээр гадаад өр болон тусгагдаж байгааг мэдэхэд бэрх. Ямартай ч найм орчим тэрбум ам.доллар нь Засгийн газрын төлөх өр бөгөөд, татвар төлөгчдийн нуруун дээр ирэх ачаа. Оффшор данстангууд хөрөнгөө ил болгож хууль бус хөрөнгийг улсын орлого болгосноор Засгийн газрын өрийн асуудал бүрэн шийдэгдэж төсөвт үүссэн дарамт, эдийн засгийн хямралыг арилгах боломж нээгдэнэ. Бидний санаачилж буй энэ хуулиуд нь төрөөс төрсөн тэрбумтнууц, цаашид төрөхөөр горьдож буй тэрбумтнуудын асуудалд цэг тавина” гэлээ.
Д.ДОРЖ
URL: