Анвар Аль Авлакигийн үхэлд хэн холбоотойг тогтоож байна

Алан хядах Аль Каида террорист байгууллага өөрийн нөлөө бүхий толгойлогчдын нэг Анвар аль Авлакиг Америкийн тусгайгийнханы явуулсан ажиллагааны дүнд амиа алдсан гэх мэдээллийг үгүйсгэжээ. Анвар аль Авлаки нь Аль Каида террорист байгууллагын Арабын хойг дахь бүлэглэлийг тэргүүлж байсан.

Түүнийг өнгөрсөн баасан гаригт Йемены нутагт явуулсан тусгай ажиллагааны үеэр олж устгасан гэж Вашингтоны эрх баригчид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. Аль Каидагийн Арабын хойг дахь террорист бүлэглэлийн толгойлогч Анвар аль Авлакийг Америкийн тагнуулын нисэгчгүй онгоцоор тагнан мөшгиж, Йемены нутаг дэвсгэрт, Эль Жауф мужид тусгай ажиллагаа явуулан өнгөрсөн баасан гаригт устгасан юм. Нисэгчгүй онгоц Авлакигийн сууж явсан машин руу агаараас пуужингаар харваж дайралт хийн устгасан байна. Гэсэн ч Авлакигийн гэх цогцсыг түүний удирддаг бүлэглэлийн 25 гишүүн толгойлогчийнхоо гэж батлаагүй байна. Тиймээс тэд амиа алдсан хүний цогцсонд ДНК-ийн шинжилгээ хийхийг шаардаж байна. Анвар аль Авлаки нь Америкт төрж өссөн, сүүлд лалын сүмд номлогч хийж байгаад алан хядагчидтай нийлсэн юм. Тэрээр 90-ээд оны дундуур Детройтын лалын сүмийн номлогч байжээ. Сүүлд энэ сүмийн хоёр хүн 9/11-ний халдлагыг зохион байгуулж, үйлдэхэд гар бие оролцсон юм.

Авлаки 2002-2004 онуудад Англид амьдарч байхдаа залууст зориулан шашны ном айлдвар айлдаж, энэ үеэс алан хядлага терроризмын үзэлд уриалан дуудаж байжээ. Сүүлд 2007 оноос эхлэн Йемены нутагт орогнон нуугдаж байжээ. Авлаки нь алан хядах Аль Каида байгууллагын Арабын хойг дахь бүлэглэлийг толгойлж, тэрээр үзэл бодолдоо үнэнч, бусдыг ятган итгүүлэгч, үзэл суртлыг дэвэргэгч нэгэн байжээ.

Тэрээр сүүлийн 3 жилийн хугацаанд Аль Каидагийн үйлдсэн халдлага дайралтыг голчлон зохион байгуулж, ард нь зогсож байсан юм. Түүний төлөвлөж зохион байгуулсан халдлагуудын дотор Америкийн Техас дахь Форт Худын цэргийн бааз дээр болсон буудалцаан, түүнчлэн Детройтын тэнгэрт онгоц дэлбэлэхийг завдсан хэрэг зэргийг тоочиж болно.


URL:

Сэтгэгдэл бичих