Монголын тал 70 сая долларыг “Khan Resources”-д шилжүүлэхэд бэлэн болсон гэв
ЛОНДОН. /Reuters/. Канадын “Khan Resources” компанид 70 сая долларын төлбөрийг төлөхөд бэлэн болсон гэж Монголын Засгийн газрын эх сурвалж энэ сарын 13-нд мэдэгдэв. Монгол энэ төлбөрийг төлснөөр тус улс дахь хөрөнгө оруулагчдыг үргээж, долоон жил үргэлжилсэн маргааныг эцэслэх юм.
Дөрвөн жил дараалан эдийн засгийн өсөлт нь буурсан Монгол гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээхийн тулд гадны компаниудтай үүсгэсэн маргаанаа нэг нэгээр нь цэгцлэн шийдсээр байна.
Монголын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засгаа сэргээхийн тулд “Монголд бизнес эрхлэхэд нээлттэй” гэсэн уриаг дэлхий дахинд түгээж байгаа билээ. Монголын эдийн засгийн өсөлт энэ жил 0.1 хувьтай байна гэж Азийн Хөгжлийн банк таамаглажээ.
“Монгол улс нэр хүндээ сэргээж, харилцаагаа сайжруулахаар хичээж буйг бид харуулахыг хүсч байна. “Khan Resources” компанийн нөхөн олговрыг төлөхөөр 70 сая долларыг эскроу дансанд хийсэн” гэж эх сурвалж мэдэгджээ.
Гүйлгээ хараахан хийгдээгүй байгаа учраас эх сурвалж нэрээ нууцлахыг хүссэн байна.
Харин Монголын Сангийн яам уг мэдээлэлтэй холбогдуулан тайлбар өгөхөөс татгалзжээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: