Солонгосын гэрээт ажилтны шалгалтын “өртөг “ 100 000 хүрэв үү
Манайхан эх орноосоо урвасан биш, залхсан биш, зүгээр л амьдрал хайгаад хүний нутагт боолын хөдөлмөр эрхлэхээр хэдэн мянгаараа тэмүүлж байна. Өнгөрөгч гуравдугаар сард бүртгэсэн Сононгост ажиллах хүч илгээх зараар цасан шуурганд урт дараалал үүсгэн амьдрал ахуйгаа дээшлүүлэх их төлөвлөгөө өвөртлөн зогсцгоосон. Бүртгэл шалгалт хоёрын дунд дэндүү их зайтай / урт хугацаатай/ байсан болохоор Солонгос хэлний курсуудад хэдэн арваараа хичээллэж хагас дутуу Солонгосжоод авсан биз.
Гэтэл шалгалтын тов гэгчийг зарлан иргэдийг бараг айлгах шахуу дарамттай зүйлсийг ярьжээ. Тухайлбал, жинсэн өмдтэй оруулахгүй, иргэний үнэмлэхгүй бол оруулахгүй/урд нь гадаад пасспорт эсвэл иргэний үнэмлэх гэж байсан/, ял шийтгэл авсан бол оруулахгүй, хуулвал хөөнө, гар утас оруулахгүй гэх мэтчилэнгээр элчингийн хаалганаас ч “хүнд” хаалгыг “онгойлгуулсан” байна. Энэ мэт дарамттай шалгалт нь 100 хувь цэвэр “явагдсангүй”. Шалгалтнаас гарч ирэх иргэдийн ярианаас сонсох нь ээ. Шалгалт авч байгаа багш нь тестийг нь бөглөж өгөхөд 100 000 төгрөгнөөс эхэлсэн бөгөөд ганц нэг хариу хэлж өгвөл 20 000 төгрөг гэх мэтчилэнгээр “ханш” тогтоосон сурагтай.
Хоёр Монгол хүн нэг Солонгос хүний бүрэлдэхүүнтэй ерөнхий боловсролын сургуулиудын зааланд зохион байгуулагдсан шалгалтаар нийт хэдэн төгрөгний “халтуур” хийсэн бол? Иргэдийг “тэнэг” хэмээн сэтгэж шалгалтыг үнэлэн ажиллах хүчний шаардлагад “тэнцүүлэх” байсан юм бол анхнаасаа яах гэж авсан юм бэ?
Нэг мөр Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүйгээр хичээлийг нь зааж дараа нь шалгалтын “шантаачгүйгээр” нэмэлт “төлбөргүйгээр” шударга авчихаж болохгүй байсан уу. Маш олон яам, Тамгын газар, хоёр орны төлөөлөгчдөөс бүрдсэн энэ ажиллагааны үнэ цэнэ ийнхүү хэдхэн багшийн шуналтай үйлдлээс болон муу муухайгаар хэлэгдэн дорд “үнэлэгдэх” боллоо. Бүхий л зүйлийг “авлигадаж” болдог одоо бүр олон улсын хэмжээнд “авлигадаж” болдогийг Монголчууд гэрчилж байгаа нь энэ үү. Хэнд итгэх вэ.
Б.Саран
ugluu.mn
URL: