МАХН-ын хувь заяа “бүрхэг” болж, намын дарга Н.Энхбаяраасаа гишүүд нь “зугтаж” эхлэв

cfc88f8e3cce14f123d78e7289e6199aМАХН-ын гишүүд ээлж дараагаараа намаасаа гарч өөр намыг бараадах боллоо. Өчигдөр гэхэд л хэд хэдэн гишүүн нь намаасаа гарч байгаагаа олон нийтэд зарлах гэж байгаад ахмад гишүүдийнхээ “дайралтанд” өртөв. Ахмадууд нь тэдэн рүү “энэ намын хамаг өрөм тосыг нь авчихаад одоо намаас гарч байгаа нь ямар учиртай вэ” гэх зэргээр элдвээр л хэлж харагдсан.

Ер нь МАХН гэдэг намын хувь заяа ч тун удахгүй бололтой. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ойрын өдрүүдэд дахиад олон гишүүд дэмжигчид нь МАН руу болон бусад улс төрийн хүчинд элсэж, намаа орхихоор болсон гэнэ. Хөдөө орон нутаг дахь намынх нь зарим үүрүүд ч татан буугдах дээрээ тулаад байгаа талаар өгүүллээ.

Ийнхүү сонгуулийн өмнө жижиг буюу гуравдагч гэгддэг улс төрийн хүчнүүдийн дотоод тэмцэл туйлдаа хүрч, “буйр”-аа сэлгэх нь их байна. Тэмцэл гэхээсээ илүүтэй нэг хүний төлөө бүхнээ зориулах нь залууст нь таалагдахгүй болсон бололтой. Уг нь цагтаа Н.Энхбаярын төлөө “нүдээ ухаад өгчихөөс ч буцахгүй” нөхдүүд МАХН-ыг сонгож бас бүрдүүлж байлаа. МАХН-ын хувьд МАН-тай нийлж сонгуульд орно гэж бараг бүтэн жил сүр бадруулсан. Ингээд хоёр намын ажлын хэсгийнхэн нэгдээд ирэх сонгуульд эвсэл болж оролцохоор тохирсон. Гэвч “үхрийн сүүлэн дээр хутга” гэгчээр Н.Энхбаярын “шунал” энэ бүх ажлыг үгүй хийж орхисон юм. Шалтгаан нь Н.Энхбаяр дарга нь өөрөө сонгуульд нэр дэвшихийн тулд хэдэн мянган гишүүд дэмжигчдийнхээ эрх ашгийг уландаа гишгисэн. Тэр МАН-тай МАХН-ыг эвсэл болж сонгуульд оролцохоос хамгийн их айж байсан АН-ыг “шантаажилж” байгаад өөрт зориулсан тогтоолын төслөө байнгын хороогоор дэмжүүлж чадсан.

Ингээд МАН-тай эвсэх тохирооноосоо буцсан Н.Энхбаярыг АН-ынхан дахин мурьж, тэрбээр ёстой юу ч үгүй үлдсэн юм. Үүний дараанаас эхлээд намын гишүүд нь зөвхөн өөрийнхөө төлөө намынхаа эх ашгийг уландаа гишгилээ хэмээн ундуйцаж эхэлсэн түүхтэй. Эхлээд Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Л.Цог нар намаасаа гарсан бол үүний араас Д.Дугаржав тэргүүтэй олон тооны гишүүд нь МАХН-аас татгалзаж байна. Л.Цог саяхан нэгэн хэвлэлд хуучин даргынхаа талаар тун ч дурамжхан үгсийг унагаж суусан. Тэд бүгд дөрвөн жилийн өмнө МАХН гэдэг намын төлөө, Н.Энхбаярын төлөө хамаг байдгаа орхиод ирсэн. Гэвч тэрхүү хичээл зүтгэл нь талаар болсон учир ийнхүү түүнээс зайгаа барьлаа. За, ингээд дөрвөн жилийн өмнө ах минь, найз минь, дарга минь хэмээн цуглаж байсан эрхмүүд дөрвөн жилийн дараа ийнхүү зам мөр нь тал тал тийш салан одлоо. Харин Н.Энхбаяр дарга нь ялтай гэх тогтоолтой, сайд хийж буй хэдэн гишүүдтэйгээ л үлдэж байх шиг байна. Магадгүй нөгөөдүүл нь сайдаа болихоороо гарч одох биз.

Ер нь л Н.Энхбаяртай ойртон нөхөрлөсөн хүн бүр хэсэг хугацааны дараа түүнээс зайгаа авдаг нь гэм биш зан болж. Анх тэрбээр МАХН-ын хамгийн том нь байлаа. Тэр үед бүгд түүнд ойртож, дотно нөхөрлөж явсан. Гэвч хэсэг хугацааны дараа бараг бүгдээрээ л түүнээс нүүр буруулсан. Харин хамгийн хүнд хэцүү үед нь тулж, түшихээр гүйж ирсэн хүмүүс нь өдөө түүнээс мөн л зугтацгааж эхлэв. Н.Энхбаярын хажууд л байгаа бол яагаад түүнийг хамгаалж, хэлсэн ярьсан бүгдийг нь үг үсэггүй тоть шиг дагах ёстой юм бэ. Ардчилсан гэж нэрлэх дуртай энэ нийгэмд хувь хүний үзэл бодол гэж байх ёсгүй юу. Н.Энхбаярыг дордож, доройтож явахад тэднээс өөр хэн хажууд нь байсан бэ. Одоо хэн байна вэ. Бодох л хэрэгтэй.

Энэ бүгдийн хариулт нь Н.Энхбаяр гэдэг хүн өөрөө. Зөвхөн өөрийнхөө төлөө нэг намыг дөрвөн жилийн хугацаанд ажиллууллаа. Тэр ч байтугай Монгол төрийг тэр гацааж, шантаажилж эрх ашгийнхаа төлөө хөдөлгөж байв. Эхлээд тэрбээр, өөрийгөө өршөөлгөж шоронгоос суллагдсан. Дараа нь ялгүйд тооцуулахын тул дөрвөн жилийн турш Өршөөлийн хуулийг эцэс төгсгөлгүй зүтгүүлсэн, намын нөхөр нь бараг өөрөөс нь шалтгаалж хэрэгт холбогдсон байхад Шадар сайд болох гэж Засгийн газрыг бужигнуулсан. Эцэст нь Н.Энхбаяр гэдэг хүн сонгуульд нэр дэвших эрхтэй хэмээн зүтгэж явна. Эцэс төгсгөлгүй түүний шунал намын нөхдөө ийнхүү хажуу бөөрнөөсөө түлхэж орхилоо. Ингээд дуусашгүй шунал хүслээ дарж чадаагүй тэрбээр алтан загасны эмгэн шиг хоосон хоцорч байх шиг байна даа. Ер нь тун удахгүй МАХН гэдэг нам Буян компаниар овоглодог Б.Жаргалсайханы Бүгд Найрамдах нам шиг Н.Энхбаяраас өөр хүнгүй болох вий дээ.

Ч.Ган /ZALUU.COM/

 


URL:

Нэр: Anonymous Огноо: 17 May 2016

enhbayaraas zugtah bish heden joomnuud mongonii unereer guildej baina mahn nam zevershlee

Сэтгэгдэл бичих