КИМ ЧЕН ИР ЗАСГИЙН ЭРХИЙГ ХҮҮДЭЭ ШИЛЖҮҮЛЖ БАЙНА

ТОКИО./ИТАР-ТАСС/. Засгийн эрхийг Ким Чен Ирээс түүний бага хүү Ким Чен Ынд бүрэн шилжүүлэх үйл явц Умард Солонгост явагдаж байна гэж Японы Киодо агентлаг мэдээлжээ. «Сүүлийн жилүүдэд Умард Солонгосын Ерөнхийлөгч Ким Чен Ир улс орныхоо гадаад бодлого болон цөмийн хөтөлбөрийн асуудалд ихээхэн анхаарал тавих болсон» гэдгийг Японы сэтгүүлчид цохон дурдсан байна.

«Түүний сацуу тус улсын дотоод бодлого болон улс орны удирдлагыг Ким Чен Ыны гарт шилжүүлэх явдал улам бүр тодорхой болж байна» хэмээн тус агентлаг Пхеньяны эх сурвалжийн мэдээлснийг иш татан тэмдэглэжээ.

Түүнчлэн БНАСАУ-ын эрх баригчид «залуу удирдагчид» туслах чадвартай байлгах үүднээс дотоод бодлого, цэргийн болон эдийн засгийн аппаратад өөрчлөн байгуулалт хийж эхэлсэн байна. Японы улс төрчид ирэх оны дөрөвдүгээр сарын 14-нд тэмдэглэх Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойн баярын баримт бичгийг иш татжээ. Эл өдөр Умард Солонгосын засгийн эрхийг Ким Чен Ирээс түүний бага хүүд бүрмөсөн шилжүүлэн өгөхөөр төлөвлөсөн байна. Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлагийн /ЦТАК/ мэдээнд дүгнэлт хийхэд, сүүлийн жилүүдэд Ким Чен Ирийг улс орныхоо үйлдвэр, аж ахуйн газруудын үйл ажиллагаатай танилцах үеэр Ким Чен Ын эцгийгээ байнга дагалдан явж байгаад ажиглагчид анхаарлаа хандуулжээ.

Энэ нь Ким Чен Ир улс орноо хэрхэн удирдах болон ард түмэнтэй ямар байдлаар харьцахыг хүүдээ зааж байгаа хэрэг юм. Ким Чен Ын улс төрийн тавцнаа өнгөрсөн жил гарч ирсэн юм. Улс төрчдийн үзэж байгаагаар, түүнээс хойш Умард Солонгосын удирдагчийн эрүүл мэндийн байдал муудаж байгаатай холбогдуулан засгийн эрхийг эцгээс нь хүүд нь шилжүүлэх үйл явцыг түргэтгэж эхэлсэн байна.

Д.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих