Исламын улс бүлэглэл Ирак дахь шатахууны үйлдвэрт халдлага үйлдэв
Ирак, Левантын Исламын улс бүлэглэл Багдадын хойд хэсгийн хотын захад химийн үйлдвэрт бөмбөг дэлбэлж 11 хүний амь насанд хүрсэн байна. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар, орон нутгийн цагаар 06 цагийн орчимд Тажи дүүргийн шатахууны үйлдвэрийн орох хаалган дээр машинд тэсрэх бөмбөг ачсан этгээд ирсэн байна.
Энэ үед Исламын улс бүлэглэлийн 6 террорист босогч өөр нэг машинаар ирээд дотогш нэвтэрч аюулгүй байдлынхан болон цагдаа нартай мөргөлдсөн байна. Тэд бүгд сум нэвтэрдэггүй хувцас өмссөн байсан гэж албаны хүн хэллээ. Мөргөлдөөний үед 11 хүн нас барж, 21 хүн гэмтэж бэртсэн байна.
Зэвсэгт бүлэглэл цахим хуудсандаа хийсэн мэдэгдэлдээ, Буугаар зэвсэглэсэн 4 босогч үйлдвэрийн хамгаалалтын хүчинтэй мөргөлдөх үедээ амь насаа алдсан гэж бичжээ. Энэхүү халдлагын улмаас Иракийн хоёр цахилгаан станцын үйл ажиллагаа тасалдахад хүрсэн байна. Исламын улс бүлэглэл өнгөрсөн 7 хоногт Иракт халдлага үйлдэж бараг 100 гаруй хүний амь насанд хүрсэн гэж орон нутгийн агентлаг дамжуулж байна.
Э.Лхагва
URL: