СИСКО КОМПАНИАС УХААЛАГ УЛААНБААТАР ХӨТӨЛБӨРИЙН ХАТУУ ДЭД БҮТЦИЙН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Нийслэлийн ИТХ-ын 2014 оны 16/11 дүгээр тогтоолоор баталсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг үр ашигтайгаар хэрэгжүүлэх гол түлхүүр нь Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хатуу дэд бүтцийн мастер төлөвлөгөө юм. Энэхүү ажлыг Ухаалаг хотын шийдлээрээ дэлхийд тэргүүлэгч Сиско компани гүйцэтгэв.
Сиско компани нь дээрх ажлын хүрээнд Ухаалаг хотын хатуу дэд бүтцийг бий болгох шийдэл, аргачлалууд, түүнийг хэрэгжүүлэх үе шатууд болон санхүүгийн тооцооллын орлуулсан НЭГДСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ, шийдлүүдийн харилцан уялдаа, харьцуулалт, нарийвчилсан судалгааг тусгасан ДЭЛГЭРЭНГҮЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, төслийн хүрээнд эхний ээлжинд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай 58 шийдлийн дэлгэрэнгүй төлөвлөгөөг тусгасан ДЭЛГЭРЭНГҮЙ ШИЙДЛҮҮД гэсэн 3 хэсгээс бүрдсэн 60 шийдлийг эмхтгэн Англи болон Монгол хэл дээрх нийт 13 боть баримт материалыг боловсруулжээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Ухаалаг Улаанбаатарын хатуу дэд бүтцийн мастер төлөвлөгөөг хийж гүйцэтгэсэн Сиско компанийхандаа талархалаа илэрхийлье. Цахилгаангүй газар хүн амьдарч чадахгүйтэй адил 21 дүгээр зууны иргэд ухаалаг биш хотод амьдрахгүй нь мэдээж. Миний хувьд Улаанбаатарыг ухаалаг хот болгож чадахгүй бол яанаа гэсэн айдастай явдаг. Өнөөдөр тэрхүү айдас үгүй боллоо. Учир нь дэлхийд алдартай Сиско компанийн боловсруулсан хатуу дэд бүтцийн мастер төлөвлөгөө Улаанбаатарыг дэлхийд тэргүүлэх ухаалаг хот болгоно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн маш их хичээл зүтгэл гаргаж богино хугацаанд өөрийн хөрөнгөөр бүтээсэнд үнэхээр баяртай байна. Сискогийн мастер төлөвлөгөөтэй байхад бид хөрөнгө оруулагчдыг гуйхааргүй боллоо” гэлээ.
Тэдгээр шийдлээс дурдвал:
- Улаанбаатар хотын иргэдийг төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл, лавлагаа, тасалбар борлуулах, төлбөр төлөх, сурталчилгаа зэрэг олон төрлийн үйлчилгээгээр хангах
- Олон нийтийн газарт байршуулах боломж бүхий Ухаалаг киоск
- Иргэд хол ойроос үл хамааран эмчийн үзлэг, шинжилгээ, заавар зөвлөгөөг зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг цахим буюу дүрсээ харж уулзах технологийн тусламжтай авах боломж бүхий Алсын зайн эмч
- Нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, түгжрэлийг бууруулах замын хөдөлгөөний нэгдсэн удирдлагын төвийн шийдэл зэрэг олон үр ашигтай шийдлүүд багтсан байгаа юм.
- АЛСЫН ХАРАА. Ухаалаг хотын үйл ажиллагааны зорилтыг удирдлага менежмент, үйлчилгээ, сүлжээний төвшинд тодорхойлсон.
- ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТРАТЕГИ. Ухаалаг үйлчилгээнүүдийн жагсаалт, ач холбогдлын дараалал, бүтэц, архитектурын загваруудыг боловсруулсан.
- БИЗНЕСИЙН СТРАТЕГИ. Ухаалаг хот төслийг удирдах бүтэц, ажлын зохион байгуулалт, хүний нөөц, технологийн бодлого шийдлүүд, санхүүгийн төлөвлөлтийг хэрхэн хийх талаар заавар, үлгэр жишээ Улаанбаатар хотын онцлогт тохируулан боловсруулсан.
- ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ. Ухаалаг хотын үйлчилгээний салбаруудад хэрэглэгдэх технологийн шийдлүүд, нууцлал хамгаалал зэргийг хэрхэн шийдэх талаар зөвлөмж, шийдлийг санал болгосон байгаа.
- МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДСЭН ПЛАТФОРМ. Дата төв, сүлжээний дэд бүтэц, мэдээллийн дэд бүтэц, шуурхай удирдлагын төв, хяналтын системүүдийн технологийн шийдлүүдийг дэлгэрэнгүй тусгасан байгаа.
- НЭВТРҮҮЛЭХ АРГАЧЛАЛ. Энэ нь Ухаалаг хотын шийдлийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх ажлын зохион байгуулалт, төлөвлөгөө, ажлын үе шатууд, хариуцлагын тогтолцоо зэргийг олон улсын ухаалаг хотуудын туршлагыг судалсны үндсэн дээр Улаанбаатар хотын онцлогт тохируулан боловсруулсан байна.
URL: