“Ухаа худаг”-ийн ард улстөрчид нуугдсаныг батлах 5 факт!
- Бизнес бол нарийн тооцоолол, аз од, цаг үеийн тохироо гээд олон зүйлээс шалтгаалахаас гадна томрох тусмаа улстөрийн том дэмжлэг үгүйлж байдаг эд. Тэр ч утгаараа MCS группын нөмөр нөөлөг болсон улстөрчдийн ашиг сонирхлын асуудал анхаарал татаж ирсэн юм.
- Тэрдундаа Ухаа худаг ордыг өөрсдийн мөнгөний нэг эх үүсвэрээ болгохын тулд олигархиуд хууль журам зөрчсөн асуудлын баримт бий. Үүх түүхийг нь эргэн харахад, Тавантолгойн ордыг Монголдоо авч үлдсэн гэх гавьяатай С.Батболд, их зүтгэлийнхээ шанд “Ухаа худаг” гэж нэрлэгдэх хэсгийг таслан авч үлдэж, тухайн үеийн Ерөнхий сайд асан М.Энхсайхан, АМГТХЭГ-ын дарга асан Б.Жаргалсайхан нартай хүч хавсран “Энержи ресурс”-ыг байгуулж байсан гэгддэг. За харин бодит байдал дээр энэ консорциумдаа улстөрийн гол хоёр хүчний хамгийн шуналтай хүмүүсийг элсүүлж, улстөрийн хамгаалалтад орсон байдаг. Тэдгээр нөхдүүдийнх нь нэрс Батж.Батбаяр, Т.Бадамжунай, Д.Идэвхтэн, П.Очирбат, С.Батболд, М.Энхсайхан, Г.Батхүү гээд жагсана. Эдгээр нөхдүүд 14 компаниар дамжуулан тухайн ордыг луйвардан гартаа оруулж байгааг тухайн үеийн салбарын байгууллагууд нь мэдэж байсан ч, яаж ч чадаагүй байдаг. Тэгвэл тэд хэрхэн луйвар хийснийг эргэн сануулъя.
Факт-1. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгож хууль зөрчсөн жишээг эндээс харж болно.
Таван толгойн нүүрсний ордоос солбицол бүхий газрыг Үйлдвэр худалдааны сайдын 2006 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 17 дугаар тушаалаар 6 сарын хугацаагаар нөөцөд авсан байдаг. Нөөцөд авсан тухайн талбайд “Энержиресурс” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар 2006 оны 7 дугаар сарын 8-нд өргөдөл өгснийг Геологи, уул уурхайн кадастрын албаны өргөдлийн бүртгэлийн 17967А дугаарт бүртгэжээ.
Харин ГУУКА-ны мэргэжилтэн тухайн өргөдөлд шүүлт хийж, хүсэлт гаргасан талбайн солбицол дээрх тушаалаар нөөцөд авсан болон 287А дугаартай лицензийн талбайтай хэсэгчлэн давхцаж байгааг тогтоож, энэ тухай тэмдэглэсэн боловч ГУУКА-ны дарга Т.Занаширын 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 7-3194 дүгээр албан бичгээр “. . . дээрх талбайг танай компанид олгох боломжтой байна” гэсэн хариуг “Энержиресурс” ХХК-д өгсөн байна. Энэ нь “Энержиресурс” ХХК-ийн ар болсон эзэн улстөрчдийн нөлөөллөөр хийгдсэн зүйл гэдэгт эргэлзэх шалтгаан харагдахгүй байгаа юм.
Факт -2. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Таван толгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах талаар Өмнөговь аймгийн тухайн үеийн удирдлагаас санал авахад 2006 оны 8 дугаар сарын 2-ны 27 дугаар албан бичгээр ”Дэмжинэ” гэсэн саналыг ГУУКА-нд ирүүлжээ. Гэтэл АЗДТГ-ын архивт “Дэмжихгүй” гэсэн утга бүхий албан бичиг хадгалагдаж байсан байгаа юм.
“Дэмжинэ” гэсэн энэхүү санал болон компаний өргөдлийг үндэслэн ГУУКА- ны дарга асан Т.Занаширийн 2006 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 805 дугаар шийдвэрээр “Энержи ресурс” компанид 2135 га талбайн 11943А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь тусгай хэрэгцээний газар нутаг, талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан тохиолдолд хүсэлт гаргасан талбайг олгохоос татгалзаж, тухайн өргөдлийг бүртгэлээс хассанд тооцох тухай Ашигт малтмалын тухай хуулийн (1997 оны) 14.9.2 дахь заалтыг зөрчсөн байгаа юм.
Факт -3. Анхаарал татах нэг зүйл байдаг нь ГУУКА-ны даргын 2006 оны 8 дугаар сарын 28-ны 855 дугаар шийдвэрээр уг талбайн солбицолд өөрчлөлт оруулж, давхацлыг арилгах зохицуулалт хийжээ. Уг нь дээр дурдсан шийдвэрүүдийг УМХГ-ын ГУУХА-наас шалгаад “Ашигт малтмалын тухай (1997 оны) хуулийн 13, 14 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг зөрчиж олгогдсон 11943А дугаар лицензийн талбайд уг хуулийн 48 дугаар зүйлийн 4 дэх заалтын дагуу өөрчлөлт оруулж хуульд нийцүүлэх нь зүйтэй” гэсэн улсын байцаагчийн 2006 оны 11 дүгээр сарын 8-ны 09/67/447 дугаар дүгнэлт бичигджээ. Үүний дагуу сонгон шалгаруулалт дахин хийх шаардлагатай байгаа талаар ч холбогдох байгууллагын зүгээс асуудлыг гарган тавьсан байдаг.
-
2
-
Факт -4. Тавантолгойн нүүрсний орд газарт “Энержи ресурс” ХХК-д хууль зөрчин олгосон 11943А дугаартай лицензийн талбайгаас 101 га талбайг Дайцүки ХХК-д ГУУКА-ны даргын 2006 оны 9 дүгээр сарын 1-ний 891 дүгээр шийдвэрээр шилжүүлсэн байдаг. Ийнхүү хууль зөрчиж “Энержи ресурс” ХХК, Дайцүки ХХК-д олгосон эдгээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг хянан үзэж, зохих журмын дагуу шийдвэрлэх шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг тухайн үед УҮАГ-аас хийж, Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадоржид хууль зөрчиж Энержи ресурс ХХК, Дайцүки ХХК-д олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хянан үзэж, зохих журмын дагуу шийдвэрлэх талаар зөвлөмж хүргүүлж байжээ.
Факт -5. УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын дагуу бол Тавантолгой орд нь Стратегийн орд бөгөөд тус ордод Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Дайцуки ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна гэдгийг УИХ-аас тодорхойлоод өгчихсөн. Гэтэл нэр бүхий улстөрчдийн эзэмшдэг тус компани арван онд Монголиан майнинг корпорэйшн нэрээр Хонконгийн бирж дээр хувьцаа гаргаж 700 сая ам.доллар босгосон. Энэ нь бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг босгохын тулд хувьцаа гаргасан асуудал ч, нөгөө талаас нь харвал Ашигт малтмалын хуулийн 5.6-д Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэж заасныг зөрчиж байгаа хэрэг. Учир нь өмнө нь өгүүлсэнчлэн 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын дагуу бол Тавантолгой ордод Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Дайцуки ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна гэж заасан байгааг ч тодотгомоор байна.
Дээр дурдсан зүйлс бол баримтууд гэдгийг хэлье. Тэрнээс биш МCS, “Энержи ресурс”-ийн нэр сүрэнд зориудаар халдах гэсэн бодлого үгүй гэдгийг хэлье. Монгол төдийгүй дэлхийд хөрөнгөөрөө нэр нь тодрох хэмжээнд хүрсэн гэгддэг эрхэм бол MCS-ийн Ж.Оджаргал билээ. Тэрчлэн түүний төдийгөөс өдийг хүртэлх амжилтад улстөрийн нөмөр нөөлөг байж ирснийг үгүйсгэх нь утгагүй. За бас гадныхны ч нөмөр нөөлөг арвин гэдгийг тэмдэглэн хэлье.
Эх сурвалж: Шуурхай.мн
Б.Тамир
URL: