Тавантолгойн “нууц ноёд” тодорч эхэллээ

Тавантолгойн “галт тэрэг” зогсоолоос нэгэнт хөдөлж, тасал бартай зорчигчдоо аль хэдийн суудалд нь залжээ. Гэхдээ ганц хоёр “туулай” галт тэрэгний хаа нэгтээ багтаж амжсан гэдгийг албаныхан шивэр авир хийх болов. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр уг ордын гэрээт борлуулагчийн тендерийг оноос өмнө зарлахаа холбогдох газраас мэдэгдээд байгаа билээ. Мөн “Эрдэнэс МГЛ” компани эзэмшигчийнхээ хувьд ордыг ашиглаж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, тус компанийн уурхай ашиглалтад орж, ажиллах хөрөнгө оруулагч, олборлогчоо тодруулах гэж байгаа гэнэ.

Одоогийн байдлаар уг ордод олборлолт хийж буй “Тавантолгой” ХК 169 га талбайг хамарсан 287 А тусгай зөвшөөрлийг эзэмшдэг аж. Ингэснээр 2004 оноос эхлэн жилдээ 100 орчим мянган тонн коксжих нүүрсийг Гашуун сухайтын боомтоор урд хөрш рүү экспортолж байна. Харин 2000 оноос “Энержи ресурс” ХХК тус ордын бусад томоохон талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшсээр ирэв.

Гэтэл үүний хажуугаар иргэн Б.Цогтсайхан буюу “Дайцүки” компанийг үүсгэн байгуулагч тус ордын 101 га талбайгаас нүүрс олборлох ашиглалтын лицензийг 30 жилийн хугацаатайгаар авсан тухай эх сурвалж мэдээлэв. Түүнийг Монголын ард түмэн “Буян”-гийн Жагаагийн төрсөн дүү гэдгээр нь андахгүй мэднэ. Харин түүний ах Үйлдвэр худалдааны сайд байх үед буюу 2006 оны наймдугаар сард уг лицензийг халааслаж амжсан гэдгийг эл хүрээнийхэн одоо ч хэлдэг л юм билээ.

Түүнчлэн БНХАУ-ын иргэн Гуо Юу Чи гэх эрхмийн нэр дуулдаж байна. Тэрбээр “Броэд”, “Морин луу” гэх компаниудыг үүсгэн байгуулж эзэмшдэг аж. Харин эдгээр компани нь Тавантолгойн 56 012 га талбайгаас нүүрс олборлох ашиглалтын лицензтэй.

Тэгэхээр “Эрдэнэс МГЛ” 100 хувь төрийн өмчит ХК 68 522 га газар эзэмшдэг гэвэл энэ гадаадын иргэн манай улсаас дутахааргүй томоохон хэмжээний газартай болж таарах нь ээ. Тэгээд бүр монголчуудын хэдэн үеэрээ идэх хөрөнгөнөөс бидэнтэй дүйцэхүйц хувь эзэмшдэг гээд бодохоор яах аргагүй харамсаж халагламаар хэрэг шүү. Түүнчлэн эл харийн иргэний “Броэд” компанийн талаар дуулгахад, мөн л 2006 оны наймдугаар сард буюу Б.Жаргалсайханыг сайд байхад Тавантолгойн ордын Гашуун овоо хэмээх газар 37 350 га талбайгаас нүүрс олборлох 60 жилийн хугацаатай ашиглалтын лиценз өвөртөлж амжжээ.

Харин “Морин луу” компанийнхаа нэр дээр тус ордын Дуулга толгойгоос 18 662 га газраас нүүрс олборлох 60 жилийн хугацаатай лиценз авсан байна. Энэ нь бас л манай улсын хамгийн том талбай бүхий ашиглалтын лицензийн нэг юм.

Тэгэхээр С.Баярын Засгийн газрын үед Тавантолгойн хамаг лицензийг төр хуу хамж, 100 хувь мэдэлдээ авсан гэдэг нь олигархиудын ээлжит дэглэлт жүжиг байжээ. Магадгүй үүнээс өөр хувь хүн, компанийн нэр дээр лиценз байхгүй гэсэн баталгаа алга. Мөн энд нэг зүйлийг тодруулахад, Тавантолгойгоос үндэсний компаниудаа шахаж буй тухай чих дэлсэв. Тухайлбал, “Монгол 999”- ийг ч гэх мэдээлэл байна. Гэхдээ 999-ийн бөөрөнд “Тавантолгой транс” байдгийг хэн хүнгүй мэднэ. Харин транс чинь “Тавантолгой” ХК-ийн дотор хувьцаа эзэмшдэг хүнийх нь компани юм гэнэ.

Тэгэхээр энд яах аргагүй сонирхлын шууд зөрчил байгааг нотолж байна. Гэхдээ хамгийн хачирхалтай нь энэ хэрэг явдлыг орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлынхан шалгаж, шийдвэрлэх эрхтэй байдаг аж. Харин тус ордод хөрөнгө оруулж, хамтрах сонирхолтой компани, консорциум буюу бидний нэрлэдгээр стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг энэ сарын 8-ны өдөр албан ёсоор зарласан.

Энэ тухай 2010 оны долдугаар сарын 7-нд УИХ-ын 39 дүгээр тогтоол батлагдсаныг уншигчид санаж буй байх. Уг тогтоол нь Тавантолгойн орд газрыг ашиглах үзэл баримтлал юм. Үүний нэг үндсэн хэсэг нь ордын тодорхой хэсэг талбайд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор нэг компани юм уу, нэгдсэн консорциумыг сонгон шалгаруулах ёстой байдаг.

Энэ хүрээнд нэг зүйлийг дуулгахад, одоогийн байдлаар Хятадын “Шиньхуа энержи”, Японы “Иточу” болон “Мицуй”, БНСУ-ын КОРЕС, ОХУ- ын “Оросын төмөр зам”, Америкийн “Пибоди энержи”, Энэтхэгийн “Жиндал стийл энд пауэр”, Бразилийн “Вале” зэрэг компани, консорциум оролцоод байгаа гэнэ.

Харин эдгээр компаниас урд хөршийн “Шиньхуа энержи” болон АНУ-ын “Пибоди энержи” хөрөнгө оруулагчаар хүчтэй яригдаж байгааг эх сурвалж үгүйсгэсэнгүй. Энэ хоёр компанийн талаар тоймлон хүргэхэд, “Пибоди энержийн” хувьд дэлхийн хамгийн том хувийн хэвшлийн компани юм. Энэ компанийн нүүрсний бүтээгдэхүүн нь өөрийн улсынхаа эрчим хүчний үйлдвэрлэлийн 10, дэлхийн бүх орнуудын хоёр орчим хувийг хангадаг гэсэн мэдээлэл байна.

Мөн Ерөнхий сайд асан С.Баяртай уулзах үеэрээ Тавантолгойд зөвхөн нүүрс олборлоод зогсохгүй шингэн түлш, шатагч хий зэрэг дагалдах үйлдвэрлэл эрхлэх нь зүйтэй хэмээн сонирхлоо илэрхийлсэн байдаг.

Харин “Шиньхуа энержи” нь өөрийн улсдаа нүүрс олборлолтоороо толгой цохьдог компани. Гэхдээ олборлолт явуулдаг ихэнх орд нь Өвөрмонгол орчимд байдаг аж. Уг нь Оюутолгойн гэрээний үед манай томчуудын баримталж байсан “хөрш”-үүдтэйгээ хамтрахгүй гэсэн төрийн бодлого энэ удаад замхарсан юм болов уу.

Ямартай ч энэ компанийг олигархиуд таалж буй тухай “бор шувуу” шаргал ордноор хөврөх боллоо. Дашрамд дуулгахад, Тавантолгойн орд газрын Цанхийн зүүн хэсэгт гэрээгээр олборлолт явуулах компанийн тендерийг Үнэлгээний хорооноос буцаачихаад байгаа. Уг нь урьдчилсан сонгон шалгаруулалтаар гурван компани шалгарсан нь Австралийн Лейтон, Макмахан, Германы PBM байсан юм. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийг үндсэнд нь байгуулжээ. Одоогоор Улсын бүртгэлд бүртгүүлэх шатандаа явж байгаа гэнэ. Мөн Төлөөлөн удирдах зөвлөл нь томилогдсон байна.

О.Сүлд http://niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих