С.Баярцогт, Д.Зоригт нараар “туг тахих”-аар зэхэж байна

Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 4-ний өдөр буюу өчигдөр 11.00 цагт Оюутолгойн асуудлаар шаардлага хүргүүлсэн УИХ-ын гишүүдтэй уулзах” тов гаргасан ч уулзалт болсонгүй. Их хурлын гишүүд цаг гаруй хүлээж ядаад эцэст нь хэвлэлийнхэнд хандаж Засгийн тэргүүн, Засгийн газартай хариуцлага тооцох тухай ярьж дотор давчдуулсан уур бухимдлаа арайхийн гадагшлуулснаар асуудал хэсэгтээ намжив.
Ерөнхий сайдын ирээгүй шалтгаан МАН-ын бүлэг хуралдсантай холбоотой гэнэ. Төр засгийн тусгай үйлчилгээний “Элит” төвд өчигдөр МАН-ынхан 12 цагт цуглажээ. Энэхүү цуглаанаа тэд олны анхааралд өртүүлэхгүйн тулд “Бүлгийн хурал” гэж нэрлэсэн байна. Харин хэзээнээс МАН-ын бүлгийн хуралд сайд, дэд сайд, Удирдах зөвлөлийнхөн суух эрхтэй болсон нь тайлбаргүй үлдэв. Тэнд МАН-ын бодлогыг тодорхойлж, шийдвэрээ нэгтгэдэг Удирдах зөвлөлийн гишүүд олон харагджээ.
С.Батболдын “Хурлын дараа уулзъя” гэсэн үгийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж гишүүдэд дайсан нь олон улстөрчийг эргэлзэж тээнэгэлзэхэд хүргэсэн байна.
МАН-ын хойшлуулж болшгүй уулзалтын үеэр ирэх сонгуулийн зардал, улсын төсөв, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, амлалтаа хэрхэн яаж биелүүлэх вэ, зарим сайд нарыг өөрчлөх зэрэг аргагүй чухал асуудал ярьсан дуулдана. Ялангуяа төрийн мөнгийг атгаж байгаа Сангийн яамыг өөрсдийн мэдэлд авч чадаагүй нь энэ хурлын гол хөндөх асуудал байж. Тиймээс нэн даруй Ардчилсан намын сайдыг таягдан хаяад оронд нь өөрийн хүнээ тавих нь зүйтэй гж ярилцжээ. Ингэхдээ золионд нь барцад ихтэй байгаа Д.Зоригт сайдыг явуулъя гэж хэлэлцсэн сурагтай. Тус хурлын үеэр өнөөдөр Ардчилсан намыг засгаас гаргах цаг болсон утгатай үгсийг олон хүн сулхан ч гэсэн хэлсэн байна.

Д.Эрдэнэтуяа/www.now.mn/

URL:

Сэтгэгдэл бичих