Сумын наадмын начны болзолыг 10-20 төлгөөр наймаалцдаг ханш тогтсон
Улс төр менежментийн академийн Ерөнхий захирал Д.Уламбаярын ээлжит захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу. Энэ жилийн наадам ч мөн ч ойртож байна даа. Наадам болохоос өмнө эрхэм дүүд хандаж захих хэдхэн үг байна.
Тээр жил Ц.Цэрэнпунцаг улсын заан байхдаа тухайн цагтаа бөхийн тэнгэрт шинээр од болон гялалзан гарч ирж байсан Б.Ганбатыг амлан авч эр бяр, ид хаваа гайхуулан хаяж байсан барилдаан одоо болтол сэтгэлд хоногшин үлдэж. Үүнээс хойш үзсэн бараг бүх барилдаанууд нэг л амтгүй, сонирхолгүй болоод байгаа юм шиг санагдаад байхаар нь бөх үзэхээ больсон. Сүүлийн үеийн залуучуудын нэр зүсийг ч сайн мэдэхгүй.
Харин Улсын наадмын 5, 7-гийн давааны цол дуудахад нь төв цэнгэлдэхэд орж сонсохыг хичээдэг. Яг тийм гэж тодорхойлж хэлэхэд хэцүү ч гайхамшигтай мэдрэмж төрж эртний домгийн хүчтэнгүүд амилаад гараад ирэх шиг сайхан санагдаж сэтгэл өөрийн эрхгүй огшоод ирдэг. Төсөөлөхөд , эртний хүлэг баатрууд шийдвэрлэх тулаанаа хийх гээд өөр өөрийн цэрэг эрсээ даруулан ирж урд урдаасаа хэрж эгнэн зогсочихоод байх үед нь цэцэн цэлмэг ерөөлч магтаалч дайчид нь өөр өөрийн жанжидынхаа яруу алдрыг магтан дуулж, эсрэг талыхаа цэргүүдийн хор шарыг малтаж үхэх сэхэхээ үзэх эцсийн мөчөө эр зориг, нэр төртэйгөөр угтаж байгаа гүдэсхэн чийрэг эрсийн дүр сэтгэлд ургадаг.
Хүүхэд байхдаа бид газраас чулуу авч “Хонтоорт орохгүй, хонзон санахгүй, хоёр гурав нүдэлдүүл нүдэлдэе” хэмээн хөөрөглөөд чулуугаа хол гэгч шидчихээд зодолддог байлаа. Хамгийн түрүүлж хамраас нь цус гарсаныгаа ялагдсанд тооцоод юу ч болоогүй юм шиг тоглоомоо үргэлжлүүлдэг байсан үе бас санаанд ордог.
Гэтэл манай бөхчүүд орон даяар баярлаж цэнгэж байгаа ард түмнийхээ өмнө цол гуншингаа дуудуулж дуудуулчихаад жинхэнэ огиудас хутгамаар муухан тавилттай жүжигчилсэн тоглолт хийж үзүүлдэг нь хамгийн харамсалтай. Энэ жүжгийг халаагаа өгсөн том цолтонгууд найруулж, талбай дээр барилдахаар гарсан бөхчүүд гол дүрд нь тоглож, засуулууд салбадайг нь хийж, нутаг нутгийн улс төрчид, бизнесменүүд бооцоог нь төлдөг. Бөхийн цол тойрсон найраа, шагнал урамшуулалд зарцуулж байгаа мөнгөний дүн хэдэн арван тэрбумаар эргэлддэг болоод удлаа. Энэ талаар үзэгчид, наадамчдаасаа эхлээд бүгд мэддэг, шүүмжлэн ярьдаг боловч цагаа тулахаар хэн ч мэдээгүй, хэн ч хараагүй, хэн ч сонсоогүй царай гарган гүлдийлдэж явсаар олон жилийн нүүр үзлээ. Шанд нь Монгол бөхийн соёл устаж, бөхийн ёс жудаг, дэг жаяг улам бүдгэрч бөх сонирходог, үздэг, бөхийг хайрладаг хүний тоо жилээс жилд цөөрсөөр байгаа нь бодит төлбөр нь юм. Энэ янзаараа цаашид яваад байвал жуулчид ирэхээр нь үзүүлдэг циркийн үзүүлбэр, эсвэл бооцоо тавьж үздэг нохой зодооноос өөрцгүй юм болж хувирах вий. Ойрхон байна шүү.
Монголчууд хүү төрөхөөр бөх болно гэж бэлэгшээж, харж, шинждэг байлаа. Бөхчүүд эр хүний эрхэм дээд үлгэр дуурайл, эр зориг, тэсвэр тэвчээр, үнэнч шударгын бэлэгдэл, бие бялдарын өв тэгш хөгжлийн төгс илэрхийлэл байсан болоод тэр.
Одоо бол эрэгтэй хүүхдээ бөх болгох сонирхолтой хүмүүсийн тоо улам буурсан. Үр хүүхдүүдээ бохир заваан зүйлд хутгалдчих вий хэмээн ухаалаг эцэг эхчүүд сэрэмжилдэг. Тэдний зөв юм. Яагаад гэдгийг өнгөрсөн зуны наадмуудын хуучраагүй сониноос түүвэрлэн тоймлож харуулахыг хичээлээ. Энд дурьдагдаж байгаа баримтууд хэдийгээр бүх бөхчүүдэд хамаатай гэж хэлж чадахгүй ч нэг үхрийн эврээр дамжуулж бүх бөхчүүдийн нэр төр алдар гавъяаг сэвтүүлж байгааг болгоож үзэхийг хүсье. Нэгэн аймагийн бөхчүүд наадмынхаа түрүү, бай шагналаа алдчих вий гэсэндээ өөр аймгийн бөхчүүдийг барилдуудахгүй гэж новширсон, нэлээдгүй олон сумын наадмын начны болзолыг 10-20 төлөгөөр наймаалцдаг ханш тогтсон, улсын наадмын цолны найраа 300-500 сая /3000-5000 төлөгний үнэ/-д эргэлддэг болсон гэнэ. Урьд нь бөхчүүдийн нэр хууль бус спиртний наймаа, хил давсан арьс шир, ноос ноолуурын контобандын хэрэгт хавчуулагддаг байсан бол одоо уул уурхай ухаж, газар шороог улаанаар нь эргүүлэн цөлмөж байгаа хятадууд, солонгосчуудад үйлчилж уул усаа хамгаалсан нутгийн иргэдээ дээрэлхэж дарамталхад мэр сэр оролцож явдаг болсон гэж сонсогдов. Худлаа л байгаасай. Ингэж явахаар турж үхсэн дээр.
Спорт ирлээ, үзлээ, яллаа /veni, vidi, vici/ гэдгээс ирлээ үзлээ, худалдаж авлаа гэж байдаггүй. Бөх бол спорт төдийгүй Монгол эрчүүдийн мөн чанарыг илтгэсэн ариун голомт юм. Голомтоо самруулахыг хүсдэг ард түмэн, голомтыг нь бохирдуулдаг үр хүүхэд гэж байх ёсгүй шүү залуус аа. Та нар энэ голомтыг тээгч, хөгжүүлэгч, өвлүүлэгч байх ёстой. Хэрэв бөх болохыг хүсч байгаа бол үүнийхээ төлөө амь биеэ зориулах үүрэг ноогдож байгаа шүү бөхчүүд ээ.
Япон эрчүүдийн үлгэр дуурайл болсон самурай, сумогоосоо “бушидо” үзлээ гаргаж авсаны зэрэгцээ тэдний зарим хэсэг нь дэлхий даяар нэр алдараа цуурайтуулсан якуза хэмээх бүлэглэлүүдийг бий болгосоныг бид сонссон. Якуза нар хэдийгээр гэмт хэрэгтнүүд ч гэсэн ард иргэдийнхээ амгалан тайван байдал, харийн хөрөнгө оруулагчид нэртэй цөлмөгчдөөс зах зээлээ хамгаалах голлох хүч нь болж улс орныхоо бүрэн бүтэн байдалд өөр өөрсдийнхөө чадахын хирээр хувь нэмрээ оруулж явдаг. Бүр аргаа барах дээрээ тулбал иймэрхүү шинэ цагийн Цахиур Төмөрүүд болбол ард түмэн чинь дэмжихгүй ч гэсэн ойлгоно.
Эрхэм Э.Оюунболд дүү минь ээ нас залуу байна. Хүрэх оргил өндөр байна. Наана нь “хор”-нд хордчихолгүй үе тэнгийнхэнээ зөв манлайлж Монгол бөхийг цэвэр ариунаар нь авч үлдээрэй хэмээх хичээнгүйлэн гуйж байна.
Хүндэтгэн ёсолсон:
Иргэн Д.Уламбаяр
URL: