УИХ хуралдана гэж гурилдлаа
Төлөвлөсөн хуваарийн дагуу бол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнгөрсөн баасан гаригийн өглөө эхэлэх байлаа. Гэвч ирц бүрдээгүйн улмаас үдээс хойш л хуралдсан юм. Гэхдээ оройхон гараад ширүүхэн дайрна гэдэг шиг үдээс хойш эхэлсэн чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд, дэд дарга Р.Гончигдорж нар ээлжлэн удирдаж шөнө болтол хуралдууллаа. Сонгуулийн тогтолцоогоо эцэслэн баталсан гишүүдийн идэвх сулрах нь ойлгомжтой. Тиймээс нэг ирц бүрдүүлсэн дээр нь гэсэн шиг ийнхүү цаг сунган хуралдаж хуулиудыг бөөнд нь баталлаа. Ирц хууль батлах хэмжээнд бүрдсэн хэдий ч чуулганыхаа танхимд сууж хууль батлалцсан нь цөөн байв. Хэлэлцэж буй хуулийн төслүүдтэйгээ холбогдуулан асуулт асуух гишүүн ч байсангүй. О.Баасанхүү гишүүн л хааяа нэг асуулт асууж, Р.Гончигдорж дарга “Гишүүдээ санал хураалт явуулах гэж байна. Чуулганы танхимд орж ирнэ үү”, “Гишүүдээ санал хураалт явуулж байна шүү” хэмээн байн байн анхааруулж байлаа. Яг үнэндээ УИХ хуралдана гэж гурилдлаа. Үүнийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ шүүмжлэн “Ямар ч ирц байхгүй. Есхөн гишүүнтэй, бусдын кнопыг дарцгаагаад хууль баталж сууна” гэсэн тайлбартай бичлэгийг цахим хуудсандаа оруулсан нь олны анхаарлыг татлаа.
Шөнө дөл болтол хуралдаа суусан цөөхөн хэдэн гишүүн бараг өөрсдөөсөө ч олон хууль баталлаа. Тухайлбал, Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Шүүхийн тухай багц хуулийн төсөл 2013 онд батлагдсанаар аймаг бүрт байсан давж заалдах шатны шүүхийг бүсчилж байгуулсан билээ. Гэвч үүнийг нь Цэц Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж дүгнэсэн. Тиймээс Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болж Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачлан өргөн барьсан юм. Уг төслийг баталснаар аймаг, дүүргүүдийн дунд байгаа давж заалдах шатны шүүхийг татан буулгаж аймагт, дүүрэг бүрт байгуулахаар боллоо. Гэхдээ Багануур, Налайх дүүргийн дунд байгаа давж заалдах шатны шүүхийг хэвээр үлдээж байгаа юм. Уг өөрчлөлтийг ирэх сарын 1-нээс мөрдөж эхлэх бөгөөд шүүхүүдийг өөрчлөн байгуулахад 2.5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.
Дээрх хуулийн төслөөс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, хамт өргөн мэдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Хилийн, Татварын ерөнхий хууль, Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хохирогчид нөхөн олговор олгох тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Эрүүгийн хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталлаа. Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан юм. Түүнчлэн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг баталлаа.
URL: