Төрийн гурван өндөрлөг мод тарилаа

2f7c8bb32b1aeca5896c835f0eae5219Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгох зарлиг 2010 онд гаргасан байдаг. Энэ дагуу төр, засгийн удирдагчид болон УИХ-ын гишүүд жил бүрийн энэ өдөр мод тарьдаг уламжлалтай. Зургаа дахь жилдээ зохион байгуулсан бүх нийтээр мод тарих өдрөөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дархан 50 жил” цэцэрлэгт мод тарьсан бол УИХ-ын дарга З.Энхболд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Парламент 2” төгөлд мод тарьсан юм. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дамбадаржаа дахь Ой судалгаа, хөгжлийн төвийн цэцэрлэгт хүрээлэнд нарс мод тарилаа.

Ц.ЭЛБЭГДОРЖ: Дархан хотод ирж мод тарих үйл ажиллагаанд оролцож байна. Манай ард иргэд, албан байгууллагууд бүгд мод тарьж байгаа. Сүүлийн үед сонсогдож байгаа нэг сайн мэдээ бол тарьсан моддын ургалт их сайн байгаа. Аймаг, хотууд бүгдээрээ цэцэрлэгт хүрээлэнтэй болсон. Мод арчилж сурсан.

Мод тарих үндэсний өдөр бий болгосноор нийт 9 сая орчим мод тарьсан. Үүний 70 хувь нь ургажээ гэсэн мэдээлэл гарч байна. Ялангуяа мод багатай газруудад мод тарих, мод үржүүлэх ажлыг нэмж хийх ёстой гэж бодож байна.

 

З.ЭНХБОДД: Орчин үеийн тулгамдсан асуудлын нэг бол дэлхийн цаг агаарын дулаарал, байгаль экологийн тэнцвэр аддагдан цөлжилт эрчимтэй явагдаж байгаа явдал юм. Эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалж, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааны нэг чухал санаачилга, ногоон модоо олноор тарьж ургуулах аян Монгол оронд эхлээд уламжлал болон хэвшиж байгаад баяртай байна. Агаарын бохирдлыг бууруулж, цэвэр агаар бэлэглэх гол эх үүсвэр бол ой мод, ногоон орчин билээ. Иймээс хот, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд нийт иргэд, байгууллага, та бүхний идэвх санаачилга, оролцоо хамгаас чухал юм.

 

Ч.САЙХАНБИЛЭГ: Ерөнхийлөгчийн Мод тарих үндэсний өдрийг зарлах тухай зарлиг ёсчлогдсоноос хойш долоон жилийн хугацаанд давхардсан тоогоор манай улсын сая гаруй иргэн, 55400 гаруй аж ахуйн нэгж, байгууллага найман сая гаруй тарьц суулгасны 70 орчим хувь нь буюу 5.6 сая мод ургаж буй гэсэн дүн мэдээг мэргэжлийн байгууллагууд гаргасан байна. Энэ нь мод тарьчихаад тордолгүй орхидог байсан хуучны хандлага ул болж, энэ чухал ажилд хандах иргэдийн сэтгэлгээнд эерэг өөрчлөлт гарсныг илтгэж байна гэж Ерөнхий сайд хэлпээ. Мод, бут, сөөг, цэцэг тарих, арчлан хамгаалж ургуулах нь амьдралын зөв хэв шинж болж байгаад сэтгэл хангалуун байгаа.

 

С.СҮЛД

 


URL:

Сэтгэгдэл бичих