Орон сууцны борлуулалт сэргэж эхэллээ
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өнөөгийн дүр төрхийг тодорхойлох болсон орон сууцны үнийн индекс дөрөвдүгээр сард 3.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас нэг хувиар буурсан үзүүлэлт болж байна. Харин оны оны эхэн үетэй харьцуулахад 1.9 хувиар буурчээ.
Улсын хэмжээнд 28 мянган айлын орон сууц ашиглалтад ороод байна
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орон сууцны үнийн индекс 11.2 хувиар мөн л доошилсон байна. Тухайн сард уг зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин орон сууцны үнийн бууралт үргэлжилсэн хэвээр байгаа нь орон сууцны дундаж ханш буурахад нөлөөлсөн байна. Орон сууцны зах зээлийн үнийн бууралт сүүлийн 18 сарын турш үргэлжилж буй.
Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанийн хараат бусаар хийсэн уг судалгаанаас үзэхэд, шинэ орон сууцны үнийн индекс өнгөрсөн сард 15.2 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.9 хувиар буурсныг харуулж байна.
Харин оны эхэн үетэй харьцуулахад 3.3 хувиар буурсан бөгөөд оны мөн үетэй харьцуулбал 9.5 хувиар багасчээ. Орон сууцны үнэ үргэлжлэн буурч байгаа хэдий ч борлуулалт өнгөрсөн сард харьцангуй сэргэсэн байна. Өөрөөр хэлбэл, удаашралд ороод байсан орон сууцны борлуулалт оны эхэн үетэй харьцуулахад өнгөрсөн сард нэмэгджээ.
Борлуулалт сэргэхийн зэрэгцээ барилгын төслүүд эрчимжиж эхэлсэн байна. Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага байна. Хэдийгээр дөрөвдүгээр сард борлуулалт сэргэсэн ч нийлүүлэлтээ давах түвшинд хүрсэнгүй. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн төлөвөөс харахад ойрын ирээдүйд орон сууцны үнийн бууралт үргэлжлэх хандлага давамгайлж буй. Энэ нь нийлүүлэлт эрэлтээ давсан хэвээр байгааг илтгэнэ.
- Хуучин орон сууцны үнэ сүүлийн 16 сарын хугацаанд илүү эрчимтэй буурсан байна.
- Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж барилгын салбарт 20 гаруй төсөл зогсонги байдалд оржээ.
- Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.
Хуучин орон сууцны үнийн индекс 3.8 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас нэг хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 2.4 хувиар буурчээ. Хуучин орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 13.1 хувиар хямдраад байгаа аж. Тодруулбал, хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 80 сая төгрөг болж хямдарчээ. Зах зээлийн дундаж үнийг харвал хуучин орон сууцны үнэ сүүлийн 16 сарын хугацаанд илүү эрчимтэй буурсан байна.
Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулж орон сууцны барилгын төслүүд “амилж” эхэлсэн аж. Тухайлбал, нийслэлийн дахин төлөвлөлтөд хамрагдсан 38 компанийн 23 нь төслөө эхлүүлжээ. Эдийн засгийн хүндрэл ороод байгаа барилгын салбарт 20 гаруй компанийн төсөл зогсонги байдалд ороод байгаа. Хэдий зарим нь зогссон ч төслүүд шинээр нэмэгдэх болжээ.
Тоон дүнгээр, нийтдээ 44.8 мянган айлын орон сууцны төсөл захиалга авч байгаагаас 28 мянга нь ашиглалтад орсон байна. Ашиглалтад орсон барилгын борлуулалт 70 хувьтай байгаа аж. Харин шинээр 304 төсөл иргэдээс захиалга авч байна.
Монголбанкны мэдээллээр, арилжааны банкууд 5608 иргэний 347.3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авчээ. Үүнээс 1632 иргэний таван хувийн хүүтэй 77.3 тэрбум, 3282 иргэний найман хувийн хүүтэй 219.2 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
URL: