Офшор гэдэг нь хулгайн мөнгө хадгалдаг газар!

527-14631189468

Саяхан шуугиан тарьсан Panama Papers гэх офшор данстангуудыг илчилсэн ажиллагааны үр дүнд дэлхийн олон улсууд офшор нууц данстай өөрсдийнхөө иргэдэд хариуцлага тооцож эхэлсэн байна.
Зарим улс орнууд офшор буюу нууц дансыг хууль бус гэж үзээд хуулиар хориглодог заримд нь хориглосон заалт байдаггүй. Гэхдээ аль ч улсад хууль ёсны болоод хууль бусаар олсон орлогоо татвараас зувчуулан офшор дансанд хадгалах нь хориотой.
Тийм ч учраас дэлхийн улс орнууд офшор данстангуудад хатуу хариуцлага тооцож, хэрэг үүсгэж эхэлсэн байна. АНУ, Канад, Япон, Энэтхэг, Украйн зэрэг улсуудын засгийн газраас офшор данстай нь илэрсэн өөрсдийн иргэд, компаниудад хариуцлага тооцох, хэргийг мөрдөх тусгай комисс байгуулж шийдвэрлэхээ мэдэгдсэн бөгөөд тухайлбал Канадын сангийн сайд Даяна Либотилиур (Diane Lebouthillier) асуудалд нухацтай хандаж нарийвчлан шалгах, шаардлагатай бол эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн хэрэг үүсгэх болно гэдгээ мэдэгдсэн байна.
Panama Papers-ээр ил болсон офшор данстай нөхдүүдээс нэлээд шуугиан тарьсан нь Исланд улсын ерөнхий сайд Зигмунд Ганлассон (Sigmundur Davнр Gunnlaugsson) юм. Улс нь эдийн засгийн хямралд орж, дампуурлаа зарлан яахаа алдаад байхад ерөнхий сайд нь нууц офшор данстай, түүндээ их хэмжээний мөнгө хадгалж байсанд дургүйцсэн Исландын ард түмэн эсэргүүцлийн жагсаал хийж ерөнхий сайдаа огцоруулсан төдийгүи асуудалд дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна гэж үзэн парламентаа бүхэлд нь огцоруулах асуудлыг нухацтайгаар хөндөж байсан.
Офшор бүртгэлтэй компанид хувь эзэмшиж байсан нь илэрсэн Испанийн аж үйлдвэрийн сайд Хусе Сориа (Jose Manuel Soria) мөн огцорсон бөгөөд Францын ерөнхийлөгч Франсуа Олланд офшор данс нь илэрсэн Францын иргэд, ялангуяа улс төрчидтэй хатуу хариуцлага тооцож, хуульд заагдсан бүх л шийтгэлийг хүлээлгэх болно гэдгээ мэдэгдэж байсан. Офшор данс түүнээс үүдэлтэй хөрөнгийн гадагш чиглэсэн урсгалтай шийдвэртэй тэмцэж байгаа улсуудын нэг нь ОХУ бөгөөд өнгөрсөн жил Оросын засгийн газраас төрийн өндөр албан тушаалтнууддаа гадаадад данстай байхыг хуулиар хориглосон байдаг.
Ард түмнийх нь дургүйцлийг хүргэж, улс төрчидийг нь огцоруулах, хуулиар шийтгэх үндэслэл болоод байгаа офшор данс гэгч нь яг юу юм бэ? Офшор (offshore) гэсэн үгнээс эхэлье. Офшор гэдэг үг нь шууд утгаараа эргийн гадна, хол, далд гэсэн утгатай үг. Тэгвэл эдийн засагт офшор данс, офшор компани гэдэг нь төр засгийн хяналтаас гадна, далд байгаа хувь хүмүүс, компанийн данс, бүртгэлийг хэлдэг. Офшор данс, бүртгэл нь тухайн улсын засаглал, хууль эрх зүйн хүрээллээс гадна, нууцлалыг нь сайтар хадгалдаг баталгаа бүхий гадаадын улсууд, газар нутагт нээгдсэн байдаг. Дэлхийн ихэнх улсуудын хувьд Кайманы арлууд, Виржиний арлууд, Бахамын арлууд, Бермүдын арлууд, Швейцар, Люксембүрг, Панам, Недерланд, Хонг Конг зэрэг улсууд офшор банкны данс нээх, офшор компани байгуулхад хамгийн тааламжтай офшор бүс, офшор улс болдог.
Хувь хүмүүс, компаниуд гадаад улс орнуудад данстай, бизнесийн бүртгэлтэй байх нь ихэнх улсуудын хувьд хууль зөрчсөн асуудал уу гэвэл үгүй. Тэгвэл асуудал юунд байна вэ гэвэл офшор бүс, офшор данс нь хяналтаас гадна, нууц, далд байдагт оршдог. Өөрөөр хэлбэл бохир эх үүсвэртэй байсан ч хамаагүй дансанд буй мөнгө, компанид эргэлдэж буй хөрөнгийн нууцлалыг найдвартай хадгалж байдаг.
Тиймээс дээр дурдагдсан офшор бүс, улсууд нь офшор дансны эзэд, компани эзэмшигчидийн бүртгэлийг маш нууц, чандлан хадгалдаг ба бусад улс орнуудаас, олон улсын түвшинд шаардсан үед ч харилцагчийнхаа мэдээллийг ил болгодоггүй эрх зүйн орчинтой. Офшор бүсийн өөр нэг онцлог нь бүртгэлтэй компаниудынхаа ашиг, орлогоос татвар авдаггүй зөвхөн банкны данс нээх, компани бүртгүүлхэд голчлон багаахан хэмжээний тогтсон төлбөр авдаг нь гадаад улс орнуудаас харилцагч татах гол нөхцөл нь болдог.
Үүнээс үзхэд офшор бүс, офшор данс нь компаниуд, хувь хүмүүсийн хувьд татвараас зугтах, хуулийн дагуу эсвэл хууль бусаар олсон хөрөнгө, орлогоо нуух тааламжтай нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд хөрөнгө орлогоо нуухыг хүссэн, татвар төлөхийг хүсээгүй хувь хүмүүс, компаниудын зорин очдог гол газар нь болж хувирсан юм. Офшор бүс, офшор дансны орчин бүрдүүлдэг улсуудын хувьд офшор бүс, улс байх гол хөшүүрэг нь офшор статусаас орж ирэх орлого байдаг. Тийм ч учраас орлогын эх үүсвэр муутай жижиг арлын улсууд, жижиг эдийн засагтай бүс нутгууд офшор нөхцлийг бүрдүүлэх нь түгээмэл.
Нийгэм, эдийн засгийн харьцаа нь төлөвшсөн, тогтворжсон улсуудын хувьд офшор данс, бүртгэл нь ихэвчлэн татвараас зайлс хийх орчин нь болдог. Харин хоцронгуй хөгжилтэй, нийгэм, эдийн засгийн бүтэц, харьцаа нь төлөвшөөгүй Монгол мэтийн улсуудын хувьд офшор данс, офшор компани гэдэг нь татвараас зайлс хийх төдий бус мөн хууль бусаар олсон байж болох орлогоо нуух гол хэрэгсэл болдог.
Panama Papers-тэй холбоотойгоор өнөөдөр манайд үүсээд байгаа нөхцөл байдлыг харвал зарим улс төрчидийн зүгээс офшор данс нь ямар ч хууль зөрчсөн юм биш, “баялаг бүтээгчид” нь бизнесийн тааламжтай орчныг сонгон ажиллах нь зөв гэх зэрэг эдийн засгийн үндэслэлгүй, ёс суртахуун, хууль эрх зүйн хэм хэмээг огоорсон тайлбар өгч хууль бус байж болох орлогоо нуун дарагдуулах, татвараас зугтахыг зөвтгөх оролдлого хийж байгаа нь тун харамсалтай. Гэвч авилга, хээл хахууль, хууль бус аргаар олсон байж болох орлогоо нуун дарагдуулж гадаадад байршуулсан хүмүүс баялгийг бүтээж байна уу, эсвэл баялгийг гадагш зөөн дундруулж байна уу гэдгийг Монголчууд ялгахтайгаа болсон гэдгийг хэлэх нь зүйтэй.
Монголд их мөнгө, орлоготой хүмүүсийн хувьд бизнес, татварын орчин бол харьцангуй тааламжтай, ялангуяа Монголын банк, санхүүгийн орчин бол үнэндээ диваажин л гэсэн үг. Татвар гэж юм төлөхгүй, арилжааны хэдэн банкинд нь мөнгөө хадгалж дэлхийд хаа ч байхгүй өндөр 14-16% хүүг нь идээд л хэвтэж байх боломжтой. Мэдээж мөнгөний чинь эх үүсвэр цэвэр бол шүү дээ.
Харин бохир, хууль бус аргаар олсон мөнгө бол найдваргүй, үргэлж айдас, болгоожлолыг дагуулдаг, тиймээс офшор гаргах нь л найдвартай. Энэ нь ялангуяа бидний нэрлэж заншсан төрөөс төрсөн тэрбумтангуудад илүү хамааралтай. Тиймээс Panama papers-т яригдаж буй шиг 40-50 иар тогтохгүй тооны офшор данстангууд Монголоос илэрч буй нь цочирдоод байх зүйл биш ч сүүлийн 25 жилийн турш төр барьсан МАН, АН-ын засаглалын үед манай нийгэм ямаршуухан хэмжээний ялзрал завхралд хүрснийг илтгэж буй юм.
Офшор данстангуудыг цагаатгах, хамгаалах, өмгөөлөх ямар ч үндэслэл хэнд ч, хаа ч байхгүй. Үүнийг ялангуяа МАНАН-гийн нөхдүүд онцгой анхаарах ёстой. Товчхондоо офшор данс, офшор компани гэдэг бол хууль бус орлого, бохир мөнгийг нуун дарагдуулдаг, татвараас зугтагсадыг оргонуулдаг газар юм. Тиймээс офшор данстангууд хууль хүчний байгууллагуудын анхаарлын гадна үлдэх ёсгүй.
Х.Батсуурь

URL:

Сэтгэгдэл бичих