Хувьцааныхан
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг зарж байна, худалдаж авч байна гэсэн бужигнаан сар гаруй болсон ч намжсангүй. Хувьцааны сургаар бэлэн мөнгөний эрэлд гарсан иргэд Урт цагаан, Эмээлт зах зэрэг хөл ихтэй газар дараалал үүсгэсэн учраас төрийн байгууллагуудыг яаралтай мэдэгдэл хийхэд хүргэв. Иргэдийг үймж эхэлснээс хойш Цагдаагийн байгууллага, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны хорооноос тайлбар хийв. Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын газрын орлогч дарга Т.Жамбаажамц “Хувьцаа анх эзэмшүүлсэн хүнээс өөр хүн рүү шилжихгүй байх нөхцөл нь хэвээр хадгалагдаж байгаа.
Өөрөөр хэлбэл, ямар нэг байдлаар өөр этгээдэд худалдаж, шилжүүлэх, өмчлөх, бэлэглэх эрх үүсээгүй гэсэн үг. Яг хэдийнээс энэ хувьцаа арилжаалагдаж, эзэмшигч нь хэдийнээс зарж, үрэх асуудал тодорхойгүй байна. Засгийн газраас үүнийг шийднэ. Тиймээс хувьцаа зарж, худалдан авч байгаа гэх мэдээллүүд хуурамч, олон нийтийг төөрөгдүүлсэн” гэсэн бол ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн байгууллагаас хувьцаа худалдаж байна, худалдан авч байна гэх мэдээлэлд шалгалт явуулж байна. Шалгалтын дүнд хувьцаагаа зарсан, худалдан авсан асуудал одоо хүртэл тогтоогдоогүй байна. Худал мэдээллийг санаатайгаар тарааж, зохион байгуулж, иргэдийг цуглуулж, ямар нэг санаа зорилго агуулж байгаа хүмүүсийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцно” гэсэн юм. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компаниас хувьцаа авлаа, өглөө гэсэн мэдээлэл ирээгүй гэх тайлбарыг өгч байв.
Ийнхүү төрийн байгууллагууд мэдэгдэл хийгээд 14 хонож байна. Гэтэл иргэд хувьцаагаа зарна, мөнгө олно гэсэн найдлагаа гээсэнгүй. Энэ байдал бүр нийслэлээс орон нутаг руу шилжлээ. Өөрөөр хэлбэл, хувьцаагаа зарах гэж горьдлого тээн Урт цагаан, 100 айл орчимд өнжиж байгаа хүмүүсийн ихэнх нь орон нутгаас нийслэлийг зорьж ирсэн гэх. Бид өнгөрсөн баасан гаригт Урт цагааныг зориход эхний өдрүүдийнх шиг нэг дор 50-60-аараа цугларч бөөгнөрсөн нь харагдаагүй ч 5-6-уулаа хувьцаа авах хүмүүсийг хүлээсээр л байв. Цагдаагийн байгууллага мэдээлэл хийж, хүмүүсийг шалгаж эхлэх сургаар олуулаа нэг дор цугларахаа больж Урт цагааныг тойрч тарж байрладаг болсон гэдгийг тэд хэлж байлаа. Үнэхээр хувьцаагаа зарсан хүн байгаа эсэхийг лавлахад “Машин ирээд хүмүүсийг аваад явдаг гэсэн. Явсан хүмүүс эргэж ирдэггүй болохоор хувьцаагаа зарчихаад гэртээ харьчихдаг байх. Анх хувьцааг 800 мянган төгрөгөөр авч байна гэсэн бол сүүлийн үед 100-300 мянган төгрөг болж үнэ нь унасан” гэцгээж байв. Тэр дунд хөдөөнөөс ирж хувьцаагаа зарах гэж 10 гаруй хоног Урт цагаанаар эргэлдэж байна гэх бүсгүй хувьцаа худалдах гэрээ хэмээн тамгатай цаас үзүүлэв. Бусад хүмүүс ч гэсэн дурын брокер диллерийн компани дээр очиж бичиг баримтаа үзүүлж, өөрийн нэр дээрх хувьцаагаа шалгуулаад 5000 төгрөг төлж гэрээ гаргуулж авцгаасан байлаа. Данс нээлгэх гэрээ гэх цаасан дээр “Харилцагчийн хадгаламжийн дансны нууцыг хадгалж, гүйлгээг цаг хугацаанд шуурхай хийнэ” гэжээ. Нөгөөх бүсгүйгээс зарим зүйлийг асуухад “Би өмнө нь гуравдугаар сургууль дээр хэд хоног зогссон юм. Сүүлийн хоёр өдөр энд зогсч байна. Заримдаа том жийптэй, эсвэл приус ирж зогсоод хүмүүсийг суулгаж аваад явдаг. Гэхдээ хэтэрхий олон хүн бөөгнөрсөн газар анхаарал татна. Мөн машин руу орох гэж дайралдсан хүмүүс замбараагүй байдал үүсгэнэ гээд 4-5-аараа байгаа газар зогсоод “Суу” гэдэг гэсэн” гэв. Мөн зарим нэг хүмүүс шөнө 23:00 цагаас хойш л олон машин ирдэг. Урд шөнө бол бужигнууллаа гэцгээж байв. Гэхдээ хувьцаа зарсан, зарахыг нь харсан нэг ч хүнтэй тааралдсангүй.
Эндээс нэг зүйлийг харж болохоор. Төрийн байгууллагууд нь худал ташаа мэдээлэл гэж мэдэгдсээр байтал иргэд яагаад ажил, амьдралаа хойш нь тавьж зогссоор байна. Хүмүүсийн төрдөө итгэх итгэл хаачив. Мөн 10 хоног зогсоод хувьцаагаа зарж чадаагүй, зарсан гээд мөнгөө барьж яваа хүнийг хараагүй байж мухар сүсгээр гадаа гандаж, хөдөө хөхөрч суугаа ард түмний амьдрал үнэхээр хямарсаныг харуулж байна уу. Ирээдүйд ямар ч үнэ хүрч, ашиг олж болох, үр хүүхдэдээ эд хөрөнгө болгон үлдээх 1072 ширхэг хувьцаагаа 100 мянган төгрөгөөр арилжина гэж байгаа хүмүүсийн оюун санаа юуг өгүүлнэ вэ. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл гэдгийг сонсч, харсаар байгаа хувьцааныхан хаа нэгтэйгээс хэн нэгэн ирж хувьцааг нь авна гэж итгэсээр. Одоо ч хувьцааныхан зогссоор л…
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: