Сайдаа ч томилох эрх мэдэлгүй Ерөнхий сайдтай бид урагшлах уу, ухрах уу

saihanЗасгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар өнөөдөртөө багтаж Ерөнхий сайдад шинэ нэр өргөн бариад засгийн хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдын асуудлыг хэлэлцэж магадгүй гэнэ. Гэхдээ аливаад хууль дүрэм, ёс суртахуун гэж байхгүй мэтээр хандаж буй эрх баригчид хэлэлцэхгүй ч байж магадгүй л дээ.

Нийгмийн хамгийн чухал салбар эзэнгүй болоод долоон сарыг ардаа үдлээ. Энэ хугацаанд тус яаманд Л.Жамбалжав, Ц.Лхагвасүрэн нарыг томилох гээд харамсалтай нь чадсангүй. Учир нь уг сайдын квотыг МАХН-ынхан засгийг бүрдүүлж буйгийн хувьд “эзэмшиж” байсан. Тэр ч утгаараа тэд хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлээд амжилтыг эс оллоо.

Эвслээс анх ЭМС-ын сайдад Л.Жамбалжав эмчийг санал болгосон ч Ерөнхий сайд “голоод” буцаасан. Дараа “Шударга ёс” эвслийн тэргүүн, МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийгөө Шадар сайдад санал болгож, улмаар одоогийн Шадар сайд Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдад зүтгүүлэх тухай санал болгосон. Гэвч бас л түүний “мөрөөдөл” талаар болсон. Учир нь АТГ-аас түүний ялтай хугацаа дуусаагүй гэсэн хариу өглөө. Угтаа бол Н.Энхбаяр хулхидуулсан хүн. Засгийн газрыг унагах “барьцаар” Ерөнхий сайдтай халз үзсэн ч АН-ынхан түүнд хүссэн суудлыг өгнө, Засгийн газрыг эвслээрээ хамгаалуулаад аваад үлдчих хэмээн өнгөрсөн нэгдүгээр сард чулуу хөөлгөж орхисон. Н.Энхбаяр ч энэ үгэнд нь итгэж шилний цаанаас баахан чихэр долоож байгаад бүтэхгүйгээ мэдээд Солонгос руу явсан түүхтэй.

Харин өнгөрсөн долоо хоногт МАХН-аас Ц.Лхагвасүрэнгийн нэрийг ЭМС-ын сайдад өргөн барьсан. Ерөнхий сайд ч ашгүй нэг юм хүлээн зөвшөөрөөд УИХ-д өргөн барьсан ч Ниймийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаас түүнийг “унагасан” юм.

Ингээд овоо нэг сүүлийн ганц сар ч гэсэн удирдлагатай болох нь гэж байсан ЭМС дахиад эзгүйрлэ. Энэ хугацаанд нийгмийг хамарсан улаанбурхан, салхин цэцэг, H1N1 зэрэг өвчнүүд дэгдэж олон нийтийг сандаргаж байна. Нэгэнт л эвсэл задарч МАХН-аас ЭМС-ын сайдыг томилж чадахгүй юм бол асуудлыг ингэж сунжруулж байхаар эртхэн шиг сайдаа томилох хэрэгтэй шүү дээ. Эрүүл мэндийн салбар өнгөрсөн дөрвөн жилийн турш Засгийн газрын “бонус” салбар, “тоглоом”-ын газар байсаар ирлээ. Ингэсний “ачаар” хамаг ажил нь ч сүйрч гүйцлээ. Ёстой л мэргэжилдээ үнэнч хэдэн эмч нарын буянаар энэ зэрэгтэй яваа нь их юм. Тэдэнд эртхэн шиг сайн менежерийг нь томилж өгөөд хэсэгхэн хугацаанд ч ЭМС-ын салбарыг “буух эзэн, буцах хаягтай” болгосон нь дээр. Үгүй ядахдаа бүрэн эрхийн хугацаагаа дуусгахдаа мөр бүтэн засагтай байвал зүгээр бус уу.

Хамгийн сүүлд эх сурвалжуудын мэдээлж буйгаар АН-ынхан ЭМС-ын сайдаа томилохоор болсон гэсэн. Тиймээс нэгэнт л тодорхой болчихсон асуудлыг шийдвэрлэж эмэгтэй гишүүдээсээ нэгийг нь томилчих Ерөнхий сайдаа. Хэрэв чадахгүй бол чадамжгүй болсон Засгийн газраа тараагаад эртхэн замаа тавьж өгсөн нь дээр.

Ч.Ган /ZALUU.COM/


URL:

Сэтгэгдэл бичих