Оюутнууд хүйт даасан, өмхий үнэртсэн дотуур байранд амьдарч байна
-Дээр үеийн төмөр ор давхарлан тулсан байгаа нь шинэ зууныг үл санагдуулна-
Хичээлийн шинэ жил эхэлж, хөдөө орон нутгийн оюутнууд ирэхэд өмнө нь тулгардаг том асуудал бол оюутны дотуур байр.
Нийслэлд жил бүр 30-35 мянган оюутан ирж, дотуур байранд амьдардаг гэх судалгаа байдаг. Оюутны тоо олон, дотуур байрны хүрэлцээ бага учраас их, дээд сургуулиудын гадна өдөржин, шөнөжин урт дараалал үүсдэгийг хүн бүр л мэдэх байх.
Өнгөрсөн жил төрийн өмчийн их, дээд сургуулийн дотуур байрны төлбөр 170-220, хувийн сургуулиудынх 170-300 мянган төгрөг байсан. Цахилгаан дулаан болон бараа материалын үнэ нэмэгдсэн гэх шалтгаанаар энэ төлбөр хамгийн багадаа 20-50 мянгаар нэмэгддэг аж. Ингэж төлбөрөө нэмсэн ч засвар хийдэг байр гэвэл өдрийн од шиг.
Энэ нь мөн сүүлийн таван жилийн хугацаанд их, дээд сургуулийн сургалтын төлбөр огцом нэмэгдэж байгаатай ч холбоотой байх. Гэхдээ оюутнуудад үнэтэй ч гэсэн толгой хоргодох юм олдож байгаа нь аз. Гадуур байр хөлсөлбөл үүнээс ч их зардал гарна.
Нэгдүгээр курсийн оюутнууд ногоон гэрлээр шууд л дотуур байранд ордог. Харин үлдсэн оюутнуудын хувьд азын сугалаа сугалахтай л адил. Гэвч сугалаанд аз таарсан нэгнийг тийм ч таатай орчин угтахгүй. Умгар, зэвхий даасан хүйтэн өрөө, хэдэн жилийн тэртээх төмөр ор, халцарч муудсан модон шал, салхи сийгсэн цонх. Уг нь үнээ дагаад чанар гээч зүйл баймаарсан.
Хотыг чиглэсэн оюутан залуусын цуваа одоо л нэг татарч, суурин болж байх шиг байна. Оюутны амьдрал ид буцалж, хөеөгөө цуглуулж буй оготоно адил төвхнөх гэж хэрэндээ л бэдэрч буй энэ цаг үед бид тэдний амьдралыг бодитоор харж сурвалжлахаар явсан юм.
Бидний очсон эхний газар 2010 оны шилдэг байр гэгдэх МУБИС-ийн оюутны дөрөвдүгээр байр. Үүдээр нь ормогц тохилог намуухан орчин угтлаа. Үүдний уулзалтын өрөөнд дөрвөн ширхэг хөргөгч эгнүүлсэн харагдав. Оюутнууд энд махаа хадгалдаг хэмээн байрны жижүүр эгч ярьсан юм.
Оюутны дотуур байранд хөргөгч байна гэдэг ховорхон л тохиолдол. Хөдөөнөөс ирсэн үмх махаа үнэр оруулахгүй иднэ гэдэг сайхан л зүйл. Гэхдээ нэг тасаг таван кг мах хийх эрхтэй аж. Бүтэн малын махтай нь яах юм бол бүү мэд. Таван кг-аа хадгалаад бусдыг нь өмхийрүүлэхгүйн тулд ямар нэгэн арга замыг сонгох л байх даа.
Ингээд үүдний жижүүр эгчийг гуйж байж цааш нэвтэрч оюутнуудын амьдардаг орон байрыг сонирхлоо. Эднийх дөрвөн давхар бөгөөд 400 гаруй оюутан энд аж төрөн сууна. Ингээд бид нэг давхрын тасагт ороход сэрүүхэн, үл ялиг харанхуй орчин хүлээж байсан юм. Энд дөрвөн оюутан амьдардаг аж. Ер нь бүх л тасагт ийм тооны хүн өдөр хоногийг өнгөрөөж буй гэнэ.
Дээр үеийн төмөр ор давхарлан тулсан байгаа нь шинэ зууныг үл санагдуулна. Өрөөндөө ширээ маягийн юмтай ч энд хичээл биш хоолоо хийдэг болов уу гэх сэтгэгдэл төрлөө. Учир нь тэнд цахилгаан тогоо, аяга таваг угсраатай байсан юм. Бүх тасаг л иймэрхүү хэв маягтай байдаг юм байна.
Ганц нэг дажгүй өрөө байдаг ч тэнд нь байрны атаман, деканы танилууд тухалчихдаг гэж оюутнууд битүүхэн ховлож байлаа. Шилдэг байрны төлбөр нь 220 мянга гэнэ. Урьд өмнөхөө бодвол нэг их нэмэгдээгүй гэж оюутнууд олзуурхаж суув. Оюутан хамруулах хүрээ нь бас ч гэж гайгүй санагдаж байлаа.
Шинээр ирсэн буюу нэгдүгээр курсын оюутнуудаа иймээ тиймээ юм ярилгүй шууд оруулж бусад курсынхныг алалцуулж азтай нь орж , ар өврийн хаалгатай нь амьдараг гэдэг юм байх. Өнөөх мөнгө татах энэ тэр асуудлаар бусдаас юугаараа дутах вэ оюутныг байранд байх хугацаандаа байрны эд хогшил эвдэлбэл авна гэж барьцаа болгон 10 мянган төгрөг авдаг байна.
Мөн бүх л байрны бие засах газар нь адилхан эр, эм нь холиотой байдаг. Энд мөн адил. Зурвасхан дурьдахад, иймэрхүү л орчинд оюутнууд амьдарч байна. Мэдээж залуу хүмүүс байгаа болохоор чимээ шуугиан, архи дарсхан байдаг л гэнэ. Ингээд бид цааш ШУТИС-ийн хоёрдугаар байраар зочиллоо.
Энэ байранд 350-иад оюутан дөрвөн давхарт хуваагдан байрладаг юм байна. Нэг өрөөнд тавуулаа амьдардаг аж. Үүдний жижүүрт жаал биеийн байцаалт өгсний эцэст дотогш нэвтэрлээ. Тийм сайхан тохилог орчин биднийг хүлээсэнгүй. Харанхуй, хаа нэг хүний хөлийн чимээ сонсогдож цаанаа л нэг хөндий санагдаж байсан юм.
Нэг оюутантай уулзаж, тэдний өрөөнд түр саатахаар боллоо. Хажууд нь барилга барьж харанхуй дарсан түүний өрөөнд жижиг шар гэрэл сүүмийн харагдана. Мөн л урьдийн адил төмөр ор давхарласан таван хүний тасаг байв. Түүнийг М.Шижирбат гэх бөгөөд энэ байранд дөрвөн жил толгой хоргодож байгаа аж. Түүнтэй хэсэг ярилцлаа.
Тэрбээр “Энд дөрвөн жил амьдарлаа, болж л байна. Оюутан бидэнд үүнээс өөр сонголт байдаггүй болохоор тэгж ингээд болгоод л амьдрах хэрэгтэй. Намайг энд амьдарч байх хугацаанд энэ байранд засвар огт хийгээгүй. Өвөлдөө хүйтэн. Бид нар өөрсдөө дулаалдаг юм. Тэгээд ч нэмэр болохгүй дээ” хэмээн ярьсан юм.
Эдний төлбөр анх 150 мянга байснаа жил бүр 10, 20-оор өссөөр байгаад энэ жил 180 мянга болсон байна. Бусад сургуулийг бодвол харьцангуй хямдхан л санагдаж байлаа. Байрны амьдрал гэхээрээ хоол ундны асуудал ордог нь нууц биш. Эдний хувьд тус тусдаа хоол хийж иддэг гэнэ. Үүнээс гадна дөнгөж ороод гарах тэр хугацаанд 00-ын эхүүн үнэр хамар цоргиж дотор муухай оргиж байлаа. Түр ороод гарах миний хувьд хэцүүхэн байхад яаж бүтэн жил энд амьдарна даа гэх бодол төрж байлаа.
Тэндээс гараад МУИС-ийн хоёрдугаар дотуур байрыг зорилоо. Бас шалгуулдагаараа шалгуулж арай гэж нэг юм орлоо. Энэ байр багш, оюутаных аж. Мөн л дөрвөн давхар бөгөөд 420 гаруй оюутан амьдарч байгаа гэнэ. Бид хоёр давхарын нэгэн өрөөнд зочилсон юм. Тэнд мөн л өнөөх төмөр цагаан ор харагдаж байсан. Жижигхэн телевиз, нөгөө л нэг байдаг тогоо, шанага гээд л оюутны ахуйн хэрэглээнүүд.
Харанхуй оргисон хонгилын ханаар дүүрэн зарлал хадсан байлаа. Орифлеймын бараа зарна. 50 хувийн хөнгөлөлттэй, цагийн ажилд оюутан авна гээд л энэ тэндгүй байх нь тэр. Уг нь нэг давхартаа зарлалын самбартай л юм билээ. Энэ байр бас ч гэж эрин зуунд алхаж яваа бололтой. Интернэтийн өрөө, уншлагын танхим гэх мэт ганц нэг тусгай өрөөтэй байсан. Байрны төлбөр нь мөн л жил ирэх тусам 20 мянгаар нэмэгдсэн. Энэ жил бүр 50 мянгаар өссөн байна. Уг нь одоогоос дөрвөн жилийн өмнө 160 байсан бол өдгөө 250 болон чангарсан гэнэ.
Оюутнууд иймэрхүү орчинд амь зууж байна. Энэ талаар зарим нэг зүйлийг асуухаар байрны декантай уулзах гэсэн боловч эзгүй, байгаа нэг нь уулзахыг хүссэнгүй. Үнэндээ манай улсад оюутны дотуур байр хангалтгүй байгаа нь нууц биш. Хүн нэмэхийн хирээр хүнс нэмэгддэг хойно сургуульд сурах оюутны тоо нэмэгдэх бүр оюутны байруудыг нэмэх шаардлага зайлшгүй тулгарсан нь нэг өрөөнд дөрөв, таваараа овоорсон энэ мэт байдлаас харагдаж байна. Гэтэл үүнийг хэрэгжүүлж, хийж байгаа сургууль гэвэл нэг ч алга.
“Сургалтын төлбөрөө нэммээр байна” гэж орилохоос биш “Оюутнууд ийм орчинд амьдарч байна, ингэж нөхцлийг нь сайжруулмаар байна” гэж дуугардаг удирдлага ч байхгүй. Оюутны байранд багтаж шингэхгүйгээсээ болоод зарим нэг нь чийг ханхалсан цонхтой, цонхгүй харанхуй татсан подваль, гэр хороололд гэр, байшин, айлын хажуу өрөө гээд хаана л амьдарч болох газар хаана байна тэр болгоныг л онгичоно.
Хөөрхий оюутнууд өнгөрсөн зууны төрхтэй, өмхий үнэртсэн жорлонтой, үглэж дарамталсан жижүүртэй зутруу л амьдарч байна. Улсын тэргүүний дотуур байр нь л хүн амьдрахад хэцүү байгаа юм чинь бусад нь ямар байх нь ойлгомжтой биз дээ. Төлбөрөө нэмсэн шигээ байраа засаач, сургуулийн захирлууд аа. Дээрээс нь оюутнуудын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй МОХ-ны нөхдүүд юу хийгээд байна вэ. Ядаж л төмөр орноос нь салгаад өгөөч.
Р.Эрдэнэболд
URL: