Б.Гарамгайбаатарын “гарамгай” булталт

 

3714

Бизнесээс улстөрд шургалсан нөхдүүдийн нэг бол УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар. “Монроуд”-ын гэх тодотголтой тэрбээр улстөрөөр мэргэших гээд хэрэндээ л хичээгээд яваа. Гэхдээ сүүлдээ нэлээд хэтрүүлэх янзтай болоод байна. Сонгуулийн тойрог мандат хэлэлцэх үеэр өөрийгөө ёстой нэг харуулах шиг л боллоо. Ямартаа л удахгүй бүрэн эрх нь дуусах энэ удаагийн парламентын онцгой үгсүүдийн жагсаалтад түүний хэлсэн үгс багтах дээрээ тулаад байна.

Тэрбээр “Монгол Улс нэг тойрог. Бүс нутаг яривал зүүн бүст 4-5 аймаг байдаг. Хэнтий аймаг бол та бүхний цээжээ дэлдэж ярьдаг Чингис хааны төрсөн нутаг…  Үеийн үед УИХ-д баруун аймгуудаас сонгогдсон гишүүд давамгайлж байдаг. Зүүн аймгуудаас 1-2 хүн л байдаг” гэхчлэн хэлж ярьж өгсөн. Үнэндээ бол түүнийг энэ янзаараа удахгүй зарим нэг гишүүн шиг хөх тэнгэр ярих дутаад байна гэж хэлэгсэд байна. Нээрээ ч магадгүй л байна.

Дашрамд өгүүлэхэд, Б.Гарамгайбаатар гишүүн эрх ашгийн зөрчилтэй асуудлуудад холбогдож ирсэн. Тухайлбал, түүний “Монроуд” компани Солонготын даваа хүртэл зам барих ажлыг гүйцэтгэхээсээ өмнө 44 тэрбум төгрөг урьдчилаад авсан гэх асуудалтай холбогдсон. Харин Б.Гарамгайбаатар гишүүн “уг асуудал дээр  би хариулт өгөх нь зохимжгүй. Миний хувьд, энэ компанийг үүсгэн байгуулсан нь үнэн. Гэхдээ компанийн удирдлагыг шилжүүлээд 10 гаруй жил болж байна. Хувьцаа эзэмшдэгийн хувьд мэдээлэл байх нь байна. Үндсэндээ Солонготын давааны чиглэлд 100 км замын тендерт “Монроуд” ХХК орсон байдаг.” хэмээн хэлж байсан юм. Үнэндээ бол асуудлаас гарамгай бултаж чаддаг л хүний тайлбар даа…

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Нэр: Зочин Огноо: 16 May 2016

Улс төрч хүн ийм мангар юм яриад сууж байгаад нь үнэхээр бөөлжис хутгаж байна.

Сэтгэгдэл бичих