Германд нэг нам дангаараа ялалт байгуулах нь ховор
Европын орнуудад эвслийн Засгийн газар байгуулагдсан жишээ хамгийн олон байна. Гэхдээ тэдгээрийн дийлэнх нь бүрэлдэхүүндээ жижиг намуудын төлөөллийг багтаадаг. Харин хамгийн хүч, нөлөөтэй голлох хоёр нам хамтран Засгийн газар байгуулах явдал харьцангуй цөөхөн аж. Харин Ази, Латин Америкийн орнуудад улстөрчид тэр бүр эвсдэггүй бололтой.
Канадад 1864 онд анхны их эвслийн Засгийн газрыг байгуулж байв. Дэлхийн нэгдүгээр дайны үед тус улсын Ерөнхий сайд Роберт Борден сөрөг хүчнийхэнтэйгээ зөвшилцөхийг оролдож байсан нь хоёр дахь нь. Харамсалтай нь түүний оролдлого бүтээгүй юм.
Өнгөрсөн 2008 онд парламентын сонгууль болсны дараа Канадын улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй болсон. Тус улсын 308 суудалтай Нийтийн танхимд эрх баригч Консерватив нам 37 хувийн санал авч олонх болж чадаагүй учир цөөнхийн Засгийн газар байгуулан ажиллаж эхэлжээ. Гэвч сөрөг хүчний жижиг намууд нэгдэн шинэ Засгийн газрыг тараах оролдлого хийсэн боловч үр дүнд хүрээгүй юм.
Энэ удаагийн сонгууль хамгийн муу ирцтэй болж, иргэдийнх нь ердөө 58.3 хувь нь санал өгчээ. Ийм үед дахин сонгууль явуулах нь явуургүй санаа байсан учир одоо болтол өөрчлөгдсөн зүйл алга байна.
Финлянд улс 1917 онд тусгаар тогтнолоо зарласны дараа хамгийн анх эвслийн Засгийн газартай болж байв. Хамгийн сүүлд 2007 оны сонгуулиар тус улсын хамгийн нөлөө бүхий хоёр нам иргэдийнхээ саналыг хувааж авчээ. Тиймээс тэд эвсэж, бас хоёр жижиг намыг бүрэлдэхүүндээ оруулан эвслийн Засгийн газар байгуулсан юм. Финляндаас гадна Швед, Норвеги, Дани, Герман, Нидерланд, Бельги, Швейцарь, Австри, Италид эрх баригч хүчнүүд хамтран улсаа удирдаж байна.
Германы Христийн ардчилсан нам, Социалист ардчилсан нам 2005 оны сонгуулийн дараа хамтарч, “Их эвсэл” хэмээн нэрлэгдсэн Засгийн газрыг байгуулжээ. Ангела Меркель Канцлер болсныхаа дараа энэ эвслийг толгойлж байв. Харин 2009 оноос эхлэн Социалист ардчилсан нам сөрөг хүчин болж “Их эвсэл” гэдэг нэр утгаа алдсан. Гэхдээ өнөөдөр Германы Засгийн газрын бүрэлдэхүүнд олон намын төлөөлөл багтаж байгаа. Ер нь тус улсын бүх нийтийн сонгуульд аль нэгэн нам дангаараа ялалт байгуулах нь ховор тохиолдол гэдгийг ажиглагчид онцолдог.
Нидерландад 1918 оноос хойш эвслийн Засгийн газар ажиллаж байна. Христийн ардчилсан нам 1994 он хүртэл эвсэлд нь багтдаг байж. Харин 2002 оноос “Ягаан эвсэл” байгуулагдсан юм. Социалистуудыг төлөөлдөг улаан өнгө, либеральчуудын цэнхэр өнгөтэй нэгдэж байгаа гэсэн санааг гаргах үүднээс “Ягаан эвсэл” хэмээн нэрлэжээ. Энэхүү Засгийн газрыг Христийн ардчилсан намын Жан Питер Бэлкенеде удирдаж байсан боловч хугацаанаасаа өмнө албаа хүлээлгэж өгсөн юм. Энэ нь Афганистанд цэргээ илгээснээс болж хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсантай холбоотой.
Харин өнгөрсөн онд болсон сонгуулиар олонхийн санал авсан барууны үзэл баримтлалтай Ардчилал, эрх чөлөөний төлөөх ардын нам болон Ардчилсан Христийн нам хамтран эвслийн Засгийн газар байгуулжээ. Тус улсын улстөрчид өнгөрсөн оны зургаадугаар сард болсон сонгуулийн дараа дөрвөн сарын турш хэлэлцээр хийж байж ийм шийдэлд хүрсэн. Түүнээс хойш тарж, бутраагүй л байна.
Бельгийн иргэд фламанд буюу голланд хэлээр ярьдаг хойд нутгийнхан болон франц хэлтэй өмнөд нутгийнхан гэж хуваагддаг. Энэ ялгаанаас болж аль эртнээс хойд, өмнөдөөрөө ялгаран талцсаар Иржээ. Эцэст нь 2007 онд болсон сонгуулиар энэ хоёр хэсгийг төлөөлдөг намууд нь дангаараа ялалт байгуулж чадаагүйн улмаас эвслийн Засгийн газар байгуулагдсан байна. Гэвч дөнгөж нэг жилийн ой дээрээ эвсэл нь задарчээ. Өнгөрсөн зургаадугаар сард болсон сонгуулийн үр дүн мөн л будилаантай гарч, Бельгийн улстөрчид одоог хүртэл Засгийн газраа байгуулж чадаагүй байгаа.
Их Британид анхны эвслийн Засгийн газар дэлхийн нэгдүгээр дайны үед 1915 онд байгуулагдаж байв. Тухайн үед олон намын төлөөллийг бүрэлдэхүүндээ багтааж, Ерөнхий сайдаар Херберт Аскүйт сонгогджээ. Гэвч энэ эвсэл урт наслаагүй юм. Эдийн засгийн их хямралын үед 1931 онд “Үндэсний Засгийн газар” гэх нэрийн дор Английн гурван нам эвсэж байв. Харин 1974 онд тус улсын Консерватив нам цөөнхийн Засгийн газар байгуулан найман сарын турш ажиллаж, Либераль намтай эвсэх оролдлого хийж байжээ.
Их Британид өнгөрсөн онд болсон сонгуулийн дүнд Консерватив, Либераль демократ нам аль, аль нь олон санал авч, Либераль демократ эвслийн Засгийн газар байгуулсан юм.
Швейцарьчууд 1959 оноос хойш эвслийн дөрвөн Засгийн газрын нүүрийг үзэж байна. Харин Италийн хамтарсан Засгийн газар маш богино настай. Тус улс 1945 оноос хойш нийт 61 удаа эвслийн Засгийн газар байгуулж байв. Ирландын Засгийн газрын бүрэлдэхүүнд жижиг намуудын төлөөлөл багтдаг. Одоогийн засаг захиргаа нь Сайн гаел болон Хөдөлмөрийн намын гишүүдийг бүрэлдэхүүндээ оруулжээ.
Тус улс 1989 оноос хойш эвслийн Засгийн газар байгуулж болно гэдгийг хуулиндаа тусгаж өгсөн байна. Европын орнуудаас гадна Энэтхэг, Пакистан, Бразиль, Израйль, Япон улс эвслийн Засгийн газартай. Энэтхэгийн одоогийн “Нэгдсэн дэвшилтэт холбоо” нэртэй эвслийн Засгийн газрын бүрэлдэхүүнд 13 намын төлөөлөл багтжээ.
Т.Элиса
URL: