117 үйлдвэр транс тос ихээр хэрэглэдэг
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2020 он гэхэд транс тосны хэрэглээг бүр мөсөн хориглох зорилт тавиад байна. Түүнчлэн Европын орнууд транс тосноос татгалзаж эхлээд байгаа аж. Ийн дэлхийн зах зээлээс шахагдаж буй транс тос буурай хөгжилтэй орнууд руу их хэмжээгээр импортлогдох нөхцөл бүрдэж буй тул манай улс импортын тосны хэрэглээнд өндөр шалгуур тавих ёстой гэдгийг эмч, судлаач нар хэлэв.
ШУА, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөллийг оролцуулан транс тосны талаар лхагва гарагт хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр транс тос хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдгийг батлаад байгааг онцолсон юм.
Зүрх судасны өвчин тэр дундаа шигдээс, эрхтэн системийн өвчлөл үүсгээд зогсохгүй жирэмсэн эхчүүд ихээр хэрэглэсэн тохиолдолд оюуны хомсдолтой хүүхэд төрдгийг олон улсын судлаачид тогтоожээ. 1980-аад оны сүүлчээр зүрх судасны өвчнөөр нас барсан хүмүүсийн тоо нэмэгдсэн нь транс тостой холбоотой гэж эмч нар үзжээ. Улмаар транс тос хэрэглэснээс болж жилд 30 мянган хүн нас барж буйг 1994 оны судалгааны дүн харуулжээ.
Транс тосноос болж жилд 30 мянган хүн нас барж буйг 1994 онд тогтоожээ
Дэлхий дахинд транс тосыг 1911 онд анх P&G компани үйлдвэрлэж эхэлжээ. Маргарин болон маргарины найрлагатай ургамлын тосонд транс тос их хэмжээгээр агуулагддаг байна.
Бид МХЕГ-ын Худалдаа үйлдвэр үйлчилгээний хяналтын хэсгийн дарга Л.Гэрэлмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Манай улсад транс тосны хэрэглээ ямар байгаа вэ. Танай байгууллагаас энэ тосны хэрэглээнд хяналт тавьдаг уу?
-Манай байгууллагаас транс тосны судалгаа явуулж байгаа. Энэ оны сүүлчээр судалгааны дүн гарна. Зарим тосны шошгон дээрээс харахад маргарины 25 хувийн найрлагатай гэж бичсэн байдаг. Бид манай улс цаашид юу хийх хэрэгтэй вэ гэдэг талаар хэлэлцэж байна. Бүтээгдэхүүний шошгон дээр транс тосны агууламж ямар байгааг тодорхой бичдэггүй. Тэгэхээр бидэнд хяналт тавих боломж алга.
-Транс тосыг ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд голчлон хэрэглэж байна вэ?
-Гурилан бүтээгдэхүүний үйлдвэрүүд өргөн хэрэглэдэг. Нийслэлд 193 үйлдвэр гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүнээс 117 үйлдвэр транс тосыг хэрэглэж байна. Хамрах хүрээ нь их байгаа учраас холбогдох зөвлөмжийг гаргах хэрэгтэй байх. Транс тосыг хориглолоо гэхэд юу хэрэглэх нь тодорхойгүй байгаа нөхцөлд бид хяналт тавих бололцоогүй юм. Хууль, эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлага тулгарч байна.
-Аль улсаас транс тосыг илүү оруулж ирж байгаа вэ?
-2015 онд маргарины агууламжтай тосыг хэр хэмжээтэйгээр гаалиар оруулж ирсэн тухай мэдээллийг авсан. Энэ мэдээллээс харахад дийлэнх нь ОХУ-аас оруулж ирсэн байгаа. Өнгөрсөн онд л гэхэд маргарины агууламжтай тос 2749.6 тонныг оруулж иржээ. Үүнийг дөрвөн компани оруулж ирдэг. Мөн Малайз, Сингапур, Тайландаас оруулж ирж байна. Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Тунгалагаас дараах асуултанд хариулт авлаа.
-Танай яамнаас транс тосны хэрэглээг хязгаарлахад ямар бодлого барьж байна вэ?
-Ургамлын тосны химийн бүтцийг өөрчлөөд, хатуу хагас хэлбэрт оруулж, хүнсний үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Хадгалалтын хугацаа урт байдгаараа онцлог. Шар тостой харьцуулахад маргариныг идэхэд их зөөлөн байдаг учраас хэрэглээ өсөөд байгаа юм. Баруун Европын орнуудад хийсэн судалгаагаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх цаг болсныг тогтоогоод байна.
Сүүлийн үед түргэн хоол бөгөөд нийтийн хоол үйлдвэрлэл илүү хэрэглэдэг боллоо. Өндөр хөгжилтэй орнууд сүлжээ ресторануудад хатуу шаардлага тавьдаг юм билээ. Манай улсад өнөөдөр эрхзүйн орчин нь бүрдээгүй учраас зохицуулах боломж алга. Супер маркетуудад зарж буй эрдэнэшиш, олон сараар хадгалдаг жигнэмэгүүдэд транс тосны агууламж өндөр байдаг.
Бид эхний ээлжинд маргарины гаалийн албан татварыг нэмэх бодлого барих шаардлагатай байна. УИХ-аас баталсан Импортын бүтээгдэхүүнд гаалийн албан татвар нэмэгдүүлэх тухай тогтоол бий. Маргарины үүнийг одоогоор таван хувь байгаа. Тиймээс гаалийн албан татварыг 20 хүртэл хувиар нэмэх боломжтой. Дэлхийн худалдааны байгууллагатай хийсэн гэрээ хэлэлцээрийн хүрээнд шийднэ.
Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас транс тосны хэрэглээ хэрэглэгчийн түвшинд ямар байна вэ гэдэг талаар судалгаа хийх шаардлагатай байна. Судалгаагүйгээр үйлдвэрлэгчдэд транс тосны хэрэглээг хязгаарла гэж хэлэх боломжгүй. Баруун Европын орнууд 100 грамм тосонд агуулагдах транс тосны хэмжээг хоёр грамм болтол бууруулах зорилт тавьсан юм билээ.
-Хууль эрх зүйн талаас зохицуулалт хийх боломж алга. Энэ талаар та юу хэлэх вэ?
-АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас транс тос буюу маргариныг хүнсний нэмэлтийн ангилалд оруулах шийдвэр гаргасан. Иймд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хуулийн зохицуулалт хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд суурилсан ажил хийх хэрэгтэй.
Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг 2015 оны арванхоёрдугаар сард баталлаа. Энэхүү бодлогод хүний эрүүл мэндэд хохирол учруулах, бусад улс орны хүнсний хэрэглээнээс хасагдаж байгаа бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр оруулж ирэхийг хориглох тухай тусгасан.
Б.Гандолгор
Засгийн газрын мэдээ
URL: