Зөвшөөрөлгүй хайрганы карьер ажлын хөлсөнд өгчээ
ХУД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэр “Шувуун фабрик”-т хайрганы карьерууд хэдэн арваараа үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр карьерууд зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй эсэхэд тавьдаг хяналт сул байдаг. Жил гаруйн хугацаанд зөвшөөрөлгүйгээр хайрга олборлож, талыг там болгосон “Г” компани ажлынхаа хөлсийг өгөхгүй хэл ам дагуулж эхэллээ. Тус компанид хувийн машинаараа хайрга зөөж, 22 сая төгрөгийн ажлын хөлсөндөө байр авахаар гэрээлсэн ёсоороо Д гэх залуу өнгөрсөн онд байрандаа оржээ. Гэтэл саяхнаас компанийн захирал “-Санхүүжилтгүй болсон учраас байраа буцааж авна, шүүхдээд мөнгөө олж аваарай” хэмээн дарамтлах болсон байна. 3 талт бартерын гэрээ хууль ёсны дагуу байгаа ч ийнхүү дээрмийн аргаар асуудлыг шийдэхээр улайрч байгаад залуу гомдолтой байгаа юм. Түүнчлэн “Г” компани нь хайрга олборлох зөвшөөрөлгүй бөгөөд жил гаруйн хугацаанд үйл ажиллагаа явуулсны үр дүнд талыг там болгосон дүр зураг харагдаж байлаа. Бид компанийн захиралтай холбогдож энэ талаар тодруулах гэсэн боловч хөдөө явсан гэх тайлбарыг ажилчид нь өгсөн юм. Энэ талаар эргэн мэдээлэх болно.
Э.Ууганзаяа
zuvsongolt.mn
URL: