О.Сэргэлэн: Элэг шилжүүлэн суулгах хагалгааг анх удаа амжилттай хийсэн

Манай улсын нийт хүн амын 40 гаруй хувь нь элэгний вирусын халдвартай нь судалгаагаар тогтоогдсон. Жилд ойролцоогоор 2500 хүнд элэгний хорт хавдар илэрдгээс 30-45 насныхан зонхилдог байна.

Манай улсад элэгний хорт хавдар нас баралтаараа гуравт жагсдаг. Саяхан Улсын клиникийн төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийжээ. Энэ талаар ЭМШУИС-ийн мэс заслын тэнхмийн эрхлэгч, Монголын элэг шилжүүлэн суулгах төвийн тэргүүн, профессор О.Сэргэлэнтэй ярилцлаа.

-Манай улсад анх удаа элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлээ. Хагалгааны явцын талаар танилцуулахгүй юу?

-Өнгөрсөн сарын 24-нд анх удаа элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн. Мэс засалд элэгний хатууралтай, даралт ихдэх хам шинжтэй 45 настай Т гэдэг эмэгтэй орсон. Түүнд 23 настай хүү нь элэгнийхээ талыг өгсөн. Хагалгаа нийтдээ 17 цаг үргэлжилсэн. Хагалгааг БНСУ-ын “Асами” анагаах ухааны төвийн элэг шилжүүлэн суулгах төвийн эрхлэгч Сон Гуй Ли профессор удирдагч эмчээр оролцсон.

Манай талаас Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдсан 24 хүний бүрэлдэхүүнтэй элэг шилжүүлэн суулгах баг хагалгааг хийсэн. Одоо донор болон өвчтөний бие сайн байгаа. Эрүүл мэндийн сайд энэ хагалгааг хийх гэрээг өнгөрсөн долдугаар сард хийсэн. “Асами” анагаах ухааны төв болон УКТЭ-ийн хооронд хийсэн гэрээнд өвчтөний биеийн байдлыг гайгүй болохоор Солонгост шинжилгээ хийлгэхээр тогтсон заалт байсан юм. Үүний дагуу өвчтөн маань өчигдөр БНСУ-ыг зорилоо. Шинжилгээг нь хийлгэхээр манайхаас хоёр эмч дагалдан явсан.

-Цаашдаа манай эмч нар элэг шилжүүлэн суулгах хагалгааг бие даан хийх боломжтой юу?

-Ер нь хийх боломжтой. Өмнө нь сайд “Асами” анагаах ухааны төвтэй гэрээ байгуулахдаа 200 сая вонын багаж тоног төхөөрөмж авсан. Гэсэн ч зарим багаж төхөөрөмж дутагдалтай байна. Бид энэ талаар Засгийн газарт санал тавьж байсан. Үүнийг нааштайгаар шийдэж өгөх байх гэж найдаж байна.

-Гадаадад энэ төрлийн хагалгааг ямар өртгөөр хийдэг вэ?

-Солонгосын “Асами” төвд энэ төрлийн хагалгааг 200-250 мянган ам.доллараар хийдэг. Финландад цогцосноос элэг шилжүүлэн суулгахад 90 мянган ам.доллар шаардагддаг. Ер нь энэ төрлийн хагалгааг зохих ёсоор хийж байгаа газар 200 мянган ам.доллараас бага өртгөөр хийдэггүй. Бид нарын хувьд элэг шилжүүлэн суулгах хагалгааг ашиг олохын төлөө хийгээгүй. Хамгийн гол нь энэ хагалгааг нэвтрүүлж олон хүний амийг аврах шаардлагатай байгаа учраас өндөр үнэлэхгүй. Зөвхөн хагалгаанд шаардагдаж байгаа эм тариа, багаж тоног төхөөрөмжийнхөө хэмжээнд үнийг нь тогтооно. Эхний хагалгаа даатгал, ямар нэгэн төсөвт ороогүй учраас зөвхөн хагалгаанд шаардагдсан зүйлийг үнэлж 50 сая төгрөгийг нэхэмжилсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна.

-Дараагийн хагалгааны тов гарсан уу?
-Энэ сарын сүүлээр хийхээр болсон. Ингэхдээ бид өвчтөнөө дэлхийн тусгай шалгуураар шалгаж хагалгаа хийнэ.

-Та цогцосноос элэг шилжүүлэн суулгана гэлээ. Энэ нь юугаараа ялгаатай вэ?
-Донорыг хоёр янзаар сонгодог. Нас барж байгаа хүнээс авах, нөгөө нь ижил бүлгийн цустай эрүүл хүнээс авдаг. Тэгэхээр бид эхний хагалгаагаа донорын хуульд заасны дагуу төрсөн хүүгээс нь авсан. Харин цогцосноос элэг шилжүүлэн суулгавал илүү хямд зардал гардаг. Учир нь амьд донороос авч байгаа тохиолдолд өвчтөнөөсөө гадна донороо эмчлэх хэрэгтэй болдог. Хоёрдугаарт цогцосноос элэг авч байгаа тохиолдолд бүтнээр нь тавьдаг. Энэ тохиолдолд хагалгааны үр дүн илүү сайн байдаг. Тиймээс энэ төрлийн донорыг илүү хөгжүүлэх шаардлагатай.

-Манай улсад элгээ донороор өгч байсан хүн гарсан уу?
-Манай улсад бөөр шилжүүлэн суулгах мэс засал хөгжиж байна. 50 гаруй хагалгаа хийснээс дөрөв нь цогцосноос авсан. Тэгэхээр энэ төрлийн хагалгаа манай улсад хөгжих боломжтой. Ер нь бусад оронд эрхтнээ өгнө гэсэн хүн тусгай карттай түүнийгээ аваад явдаг. Тэр хүн аваар осол, гэнэтийн зүйлээр осолдсон тохиолдолд эрх зүйн үндэслэлээр эрхтнийг нь авдаг. Манайд ч гэсэн энэ талын зохицуулалтыг хийх хэрэгтэй байх. Харин элгээ донороор өгсөн тохиолдолд гурван сарын дараа 80 хувь нь төлждөг учраас санаа зовох зүйл гардаггүй.

-Ямар хүний элгийг донороор авах боломжгүй вэ?

-В, С вирустай, ДОХ-ын халдвар авсан, үрэвсэлтэй муу элгийг авдаггүй.

Б.Сэлэнгэ


URL:

Сэтгэгдэл бичих