Өнөөгийн хүч, хар машиндаа эрдсэн АН СОНГУУЛИЙН ГАЗРЫН зургаа тодорхойллоо
Өчигдөрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн барьсан УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтоох тухай тогтоолын төслийг эцэслэн баталлаа. баталлаа ч гэж АН-ынхан хүч түрэн өөрт ашигтайгаар сонгуулийн тойрог буюу газрын зургаа зурж чадлаа.
Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхлэхээсээ л маргаан дагуулсан уг тогтоолын төсөл УИХ-ын зарим гишүуний сонирхлыг бүхэлд нь ил гаргав. Учир нь хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ хязгаараас хамаарч сонгуулийн тойрог мандатын хуваарилалтыг гаргах байсан ч тэгсэнгүй. Харин ч үндсэн хуулийг уландаа гишгэж өөрсийн дарга нарынхаа гарах магадлалд илүү анхаарсан хуулийн төсөл боллоо хэмээн үзэж болохоор байна.
Тодруулбал: АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарыг дурдаж болно. Түүний хувьд Цэцийн дүгнэлт гараагүй, намын жагсаалт хэвээр үлдсэн бол АН-аас эхний гуравт эрэмбэлэгдэх нь тодорхой болоод байсан. Сонгогдсон тойрог болох Хэнтий аймагтаа ажиллах нь битгий хэл орныхоо хүнд зайгаа тавьж өгөөд байсан шалтгаан нь ч энэ байв. Гэвч намын жагсаалтыг халсан өдрөөс Бүлгийн даргадаа тойрог олж өгөх шаардлага АН-д тулгарсан нь Хэнтийг гурван мандаттай болгох байжээ. Хүн амын тоогоороо хавь илүү Дорнод аймагт хоёр мандат хуваарилсан атлаа 72 мянган хүнтэйд нь гурвыг өгөх зарчмаар шүү дээ. Уг нь МАН-ын бүлгээс хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзаж тойрог мандатын хуваарилалтаа хийх горимын санал дэвшүүлсэн ч тусыг олоогүй. Харин СЕХ хоёр мандат хуваарилах санал оруулж ирсэн Сүхбаатар аймгаас нэг мандатыг нь сугалаад Увс руу шилжүүлж орхив.
Нэг үгээр хэлбэл, 72 мянган хүн амтай Хэнтийг гурван гишүүн төлөөлөх бол 59 мянган хүнтэй Сүхбаатарчуудын дуу хоолойг ганцхан хүн парламентад хүргэхээр болж байна. Зүй ёсоор бол Сүхбаатар аймагт хуваарилсан хоёр мандатын нэгийг нь Увс руу шилжүүлэхгүйгээр Хэнтийгээс бүр тодруулбал Бүлгийн даргадаа зориулж гаргасан нэг мандатаа шилжүүлсэн бол АН-ынхан гоё харагдах байлаа. Гэвч тэгсэнгүй, тийм зүйл ч болсонгүй. АН-ынхан товчлуурын илүүгээ гаргаж Сонгуулийн төв байгууллага, сөрөг хүчнийхээ саналыг тусгалгүйгээр хүч түрсээр бусдынхаа ашиг сонирхлыг гүйцээв. Тэр дундаа Бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт зориулсан эс үйлдэл АН-ын рейтингийг улам л уруудуулж муухай харагдуулчихлаа.
Мөн Говь-Алтай аймаг Монгол улсын хэмжээнд газар нутгаараа хоёрт, хүн ам 60900 байхад ГАНЦХАН мандат олгож байгаа. Гэтэл Өмнөговь аймаг нутаг дэвсгэрээрээ нэгт ордогч хүн ам нь 46800 байхад 2 мандат олгож байгаа нь өнөө ардчилал гээд яриад тойглоод байдагтайгаа тэрсэлдсэн үйлдэл болоод байна. Ерөнхийдөө бол Говь-Алтай УЛААНААР амьсгалдаг гэж болно тэгэхээр нэгийг өгч нэг ч гэсэн АН-ын тойргоо авч үлдсэн нь дээр л дээ. Харин Өмнөговь бол өөр ЦЭНХЭРТЭХ буюу АН-ыг сонгох магадлал ихтэй.
Ирэх сонгуулийг АН-ынхан өнөөгийн хүчтэй байдал, хар машиныхаа хүчээр ирэх сонгуульд ялалт байгуулна гэсэн бати итгэлтэйгээр бусад нам эвслүүдийг илт гадуурхаж байгаа нь энэ сонгуулийн тойргоос харж болохоор байна.
|
URL: