АРДЧИЛСАН НАМ улам л ардчилалгүй болж байна

an39Өчигдөр /2016.05.11/ СЕХ-оос тойрог, мандатыг хотод 28, хөдөө 48 хэмээн хуваарилж, Байнгын хороонд тогтоолоо өргөн барив. Үүний дагуу СЕХ-ны тогтоолыг хэлэлцэх ёстой байсан ч тодорхой шалтгаангүйгээр хойшлуулж, намууд бүлгийн даргынхаа өрөөнд шөнөжин хуралдав.

АН СЕХ-ны тойргийн хуваарилалтанд шууд бусаар нөлөөлж магадгүй хэмээн олон нийт хардаж байсан. Гэтэл АН-ын МАН-д тавьсан саналын дагуу СЕХ тогтоолоо бариад ороод ирэв. Үүнд гайхах зүйлгүй, анхнаасаа АН-ын тоглоомын дүрмээр ажиллах нь тодорхой байсан.

  • Олон нийт харин СЕХ, АН-ын гар барилцсан хуваарилалтыг юу гэж харж байна вэ?

Шударга зарчмаар өрсөлдөж, ирэх парламентийг байгуулах нь улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал дээшлэх үү, улам доройтох уу гэдэг гол асуудал шийдэгдэнэ. Үүнийг эрх баригч нам зүгээр л олонх болох зөөлөн суудал хэмээн харж байгаа нь харамсалтай. 

Өдийд аль хэдийн өөрсдөдөө ашигтай биш ард түмэнд ашигтай шийдвэр гаргачихаад, сонгуульд нэр дэвших гишүүдийн нэрсээ зарлачихсан байх ёстой. Харамсалтай нь одоогоор тойргийн мандатын хуваарилалт ч шийдэгдээгүй байна.

Намын жагсаалтгүй болсон учир  тойроггүй үлдчих вий, улаан шугамаар таслуулчихвий гэсэн айдас хэн бүхэнд байгаа.

Ирэх сонгуульд ч жагсаалтаар гарч ирнэ хэмээн тун додигор байсан гишүүдийн зүрх нь амаараа гарах дөхөж буй. Тиймээс тойргоо тойглоогүй, хөл ч тавиагүй гишүүд эхнээсээ бууриа сэлгэх ажилд шуурхай орсон сурагтай.

Жишээлбэл, АН-ын Г.Батхүү Өвөрхангайд бус нийслэлийн Хан-Уул дүүрэгт, Д.Зоригт, Ч.Сайханбилэг нар Баянзүрхт, З.Энхболд Баянгол дүүрэгт өрсөлдөхөөр хэдийнэ бэлтгэлдээ орсон гэнэ.

Тэгвэл МАН-аас Д.Оюунхорол, Ж.Энхбаяр нар Баянзүрхт, Ц.Нямдорж, Д.Сарангэрэл нар Хан-Уул дүүрэгт нэр дэшинэ гэх таамаг бий.

Энэ жилийн сонгууль бие даагч нарт тун хүндхэн сорил болох нь дээ. Учир нь эрх баригч нам жижиг намуудыг өөртөө нэгтгэж, бие даагч нарыг тойрог, мандатын хуваарилалтаар шахаж байна. Өчигдөр л гэхэд Монголын Либерал намын удирдлагууд АН-д элсэж, гишүүдээ ч элсэхийг уриалаад авсан. Бие даагч нар гарч ирсэн ч эвсэл байгуулах хэмжээнд биш бол ганц, ганцаараа юу ч хийх боломжгүй гэдгийг өнгөрсөн сонгуулиудад бие дааж гарч ирсэн гишүүдээс харж болно. Ямартай ч өнөөдөр СЕХ-ны тогтоолыг хэлэлцэж, батлах уу үгүй юу гэдгийг харах л үлдлээ. Тоглоом хаашаа ч эргэж болох юм.

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих