“Монголдоо үлдсэн бол Нора гэж хүн энэ орчлон дээр байхгүй байсан”
Нора. Энэ нэрийг уншмагц өвөрмөц төрхтэй модель бүсгүй таны санаанд бууж байгаа болов уу. Харин түүний жинхэнэ нэрийг Д.Оюунномин гэдэг. Монгол моделиуд дундаас олон улсад хамгийн өндөр амжилт гаргасан тэрбээр Нью-Йорк, Милан, Парис, Токио, Сингапур, Хонконгийн загварын агентлагт харьяалагдахын зэрэгцээ дэлхийд нэр хүндтэй Chanel, Hermes, Vivienne Westwood (брэнд дизайнер), Emilio Pucci зэрэг брэнд болон Монголын бүхий л чадварлаг, томоохон дизайнеруудтай хамтран ажилладаг.
Би амжилтад илүү шунахгүй. Өнөөдрийн “би”-дээ л сэтгэл хангалуун амьдардаг
16 жил загвар өмсөж буй Нора 40 гаруй орноор аялж, 10 гаруй улсад амьдарч, ажиллаж байсан ч таны төсөөлснөөс ч илүү гэр бүлсэг нэгэн. “Гэр бүлээс өөр үнэ цэнэтэй зүйл энэ ертөнцөд хаана ч байхгүй. Миний ээж, эгч, дүү нараас минь чухал зүйл хаа ч үгүй” хэмээх тэрбээр сүүлийн арваад жилийг хилийн чанадад өнгөрүүлэхдээ энэ бүхнийг илүүтэй ухаарсан биз ээ.
Түүнтэй ярилцахаар хоёр ч удаа уулзаж суухад шулуун, шударга, бодсон санаснаа нуулгүй хэлчихдэг нь анзаарагдаж байв. Энэ бүх чанар нь бас цас хараад хүүхэд шиг баярладаг нь сэтгэлд гэгээ татуулсан юм. Хэдий зуны урин дулаан ойртсон ч биднийг ярилцаж суухад хотын төвийн буйдхан кафены гэгээвчээр цас орж харагдсан нь түүнийг ийн баясгасан хэрэг. Ингээд олныг үл нуршин эх орондоо ирээд удаагүй түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Сайн уу Нора. Монголд ямар төлөвлөгөөтэй ирсэн бэ?
-Гэр бүлийнхэн дээрээ ирлээ. Арав гаруй хонож байна. Өвлийн утаа арилж, хаврын урь ороод дулаарахаар Монголд гоё байдаг. Ер нь би жилд хоёр сараас дээшгүй хугацаанд нэгээс хоёр удаа заавал эх орондоо ирдэг. Энэ удаад сар гаруйн хугацаанд байж, хэд хэдэн ажил хийхээр төлөвлөсөн.
-Тухайлбал ямар ажлууд төлөвлөсөн бол?
-Би өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Нью-Йоркт гэрэл зургийн чиглэлээр суралцаж, төгссөн. Тэр дундаа хөрөг зургаар дагнаж байгаа. Ирэх долдугаар сарын сүүлчээр Монголд хөрөг зургийн анхны үзэсгэлэнгээ гаргах бодолтой байна. Гэрэл зурагчин хүн бүх зүйлийн зургийг авдаг. Харин хөрөг зургаар дагнах нь хүний дотоод сэтгэлтэй холбогддог гэдэг утгаараа илүү хүнд төрөл. Зурагчин болоод зургаа даруулж буй тухайн хүний хооронд гүнзгий дотоод холбоо үүсдэг.
-Хэзээнээс гэрэл зураг сонирхож эхэлсэн бэ?
-Олон жил модель хийх явцад хүн гэрэл зурагчин, мэргэжлийн нүүр будагч болон дизайнеруудтай нягт холбоотой ажилладаг. Ялангуяа гэрэл зурагчид тухайн моделийг нэр алдарт хүрэхэд гол нөлөө үзүүлдэг. Сүүлийн таван жил гэрэл зураг маш их сонирхож, сурах юмсан гэж боддог байлаа.
Мэргэжлийн түвшинд загвар өмсөхөө болиод сурмаар санагдсан хэрэг. Гэрэл зурагчны хувьд надад мэдрэмж, авьяас байгаа гэдгээ ойлгосон. Гэхдээ би загвар өмсөхөө больсны дараа ч гэрэл зурагчнаар дагнах бодолгүй байна. Сонирхлын түвшинд, хобби маягаар хөгжүүлээд явах хүсэлтэй. Ирэх есдүгээр сараас өөр чиглэлээр ХБНГУ-д сурах төлөвлөгөө бий.
- Карьертаа гаргасан таны хамгийн том амжилт юу вэ?
-Өнөөдрийн хувь хүн миний хамгийн том амжилт. Амжилтыг хүмүүс тэр бүр ойлгодоггүй. Гэтэл амжилт гэдэг тухайн хүний юу хүсэж, юунд тэмүүлж байгаагаас шалтгаалж ямар ч байж болно. Би амжилтад илүү шунахгүй. Өнөөдөртөө, өнөөдрийн байгаа “би”-дээ л сэтгэл хангалуун амьдардаг хүн дээ. Насны эцэст бидэнд гэр бүл, үр хүүхэд, туулж өнгөрүүлсэн амьдралын дурсамж хамгийн үнэ цэнэтэй.
-Сингапур дахь сургуулиа хаяж, Миланыг зорьж байсан тань их зориг. Ийм шийдвэрийг гаргахад юу нөлөөлсөн бэ?
-Энэ бүхэнд хүсэл мөрөөдөл минь нөлөөлсөн. Миланд очиж загвар өмссөн модель Монголын түүхэнд олон биш. Би Милан руу явснаар өөртөө бүхэл бүтэн дэлхийг нээсэн. Өөрийнхөө ертөнцөд гэсэн үг шүү дээ. Тэнд байх хугацаандаа Европын олон орноор аялж, түүх, соёлоос нь суралцсан. Мөн моделийн хувиар ч би ихийг сурч, ур чадвараа дээшлүүлсэн. Надад амьдралын том хичээл болсон гэж боддог.
-Хэрэв Нора гадагшаа явж загвар өмсөлгүй Монголдоо үлдсэн бол одоогийн Норагаас хэр ялгаатай байх байсан бол?
-Тэгвэл Нора гэж хүн энэ орчлон дээр байхгүй байсан. Энэ нэр ч байхгүй. Өмнө нь би Монголд загвар өмсдөг байсан ч одоогийнх шигээ дайчин, тэмүүлэлтэй модель байгаагүй.
-Танд хамгийн үнэтэй зөвлөгөөг хэн өгч байв?
-Нэг удаа Сингапурт хичээлээ тараад эгчтэйгээ хамт явж байтал дэлгүүрийн үзмэрийн цонхонд маш үнэтэй, чамин даашинз байхыг олж харсан. Тэгээд би эгчдээ “Ямар гоё даашинз вэ. Энэ даашинзыг өмсөж үзэх юмсан. Даанч чадахгүй байх даа” гэхэд “Энэ даашинз байтугайг өмсөж, хэрэглэнэ гэж бодож бай, дүү минь” хэмээн тэр хэлж билээ. Үүнээс хойш би ямар нэг зүйлийг зүгээр л мөрөөдөөд өнгөрөх биш, “Би чадна”, “Би хийх болно” гэж тэмүүлж, өөртөө итгэдэг болсон.
-Хүн өөрийгөө танин мэдэхэд хамгийн чухал алхам таны хувьд юу вэ?
-Өөртэйгөө ярилцах. Өөрийгөө сонсох, мэдрэх. Өөрөө өөртөө үнэнч, шударга байж, шаардлага тавих. Таалагдахгүй байгаа зан чанараа өөрчлөх. Мэдэхгүй зүйл байсан ч шинэ зүйл сурч, мэдэхийг эрмэлзэх. Өөрөө өөртэйгөө ажиллах.
-Бужигнасан олноос түр хөндийрч дотогшоо хэрхэн төвлөрдөг вэ?
-Энэ тийм амар зүйл биш. Хэрхэн төвлөрдөг вэ гэвэл би хөгжим сонсдог. Хөгжим хүнийг хаа ч аваачиж, ямар ч дурсамж руу хөтөлж чаддаг. Далайн эрэг дээр сууж найзуудтайгаа хамт сонссон хөгжмөө Монголд ирээд сонсоход яг л тэр үедээ эргээд очсон мэт санагддаг. Миний, чиний, ер нь хүн бүрийн мартагдашгүй дурсамж хөгжимтэй холбоотой. Учир нь хүмүүс аз жаргалтай үедээ, найзуудтайгаа уулзаж суухдаа, цэнгээний газарт орохдоо гээд л ямар ч үед хөгжим сонсдог.
-Загвар өмсөгч хүнд мэдрэмж чухал гэдэг. Таны бодлоор мэдрэмж төрөлхийн зүйл үү, эсвэл мэдрэмжийг хөгжүүлж болох уу?
-Мэдрэмжийг хөгжүүлж болно. Бид харж чадахгүй ч хүн бүрт мэдрэмж бий. Хүн дуртай, өөрт сонирхолтой зүйлээ хийж байж мэдрэмжтэй болдог. Тухайлбал, хэн нэгэн хоол хийж чаддаггүй байя гэж бодъё.
Гэвч тэр хүн хоол хийхийг хүсэж, ямар нэг байдлаар сайхан амттай хоол хийчихвэл түүнээсээ урам зориг авна. Үүнээс үүдэн түүнд “Би хоол хийж чадах юм байна” гэсэн итгэл төрнө. Энэ итгэлээр тэр дараагийн удаа ахиад хоол хийнэ. Ингээд хоол хийх бүрт нь амтлахаас эхлээд түүний бүхий л мэдрэмж хөгжиж, урам зориг авч, өөртөө итгэх итгэл бий болдог. Хүний мэргэжил ч мэдрэмжээс үүсдэг. Хүн ямар нэг зүйлийг сонирхон судалж, хийх тусам тухайн зүйлтэй холбоотой мэдрэмж нь хөгждөг.
-Та олон оронд амьдарч, бас аялж байсан. Аль нэг оронд очоод хамгийн түрүүнд юуг нь онцолж, анзаардаг вэ?
-Хүн. Тухайн орны бүх зүйл амьдарч буй хүмүүсээс нь шалтгаалдаг. Хүмүүс байхгүй бол соёл, шашин, хоол хүнс гээд бүх зүйл байхгүй. Бүхий л орон өөр өөрийн амьдралын хэв маяг, хоолны соёл, хэлтэй. Ийм ялгаатай байгаа нь тухайн улсын хүмүүсээс л шалтгаалж буй хэрэг. Хийдэг, сонирхдог бүх зүйлс минь хүнтэй холбоотой.
Нэг зүйлийг зүгээр л мөрөөдөөд өнгөрөх биш, “Би чадна”, “Би хийх болно” гэж тэмүүлж, өөртөө итгэдэг
Би шинэ хүмүүстэй танилцаж, тэдэнтэй ярилцах дуртай. Зарим хүн өөртэйгөө ижил үзэл бодолтой хүнтэй ярилцах сонирхолтой байдаг бол миний хувьд эсрэгээр өөрөөсөө өөр хүнтэй уулзах дуртай. Тийм ч учраас би их аялдаг. “Яагаад байшингаа олон давхар бус, намхан барьдаг юм бол?”, “Яагаад машинаа баруун эсвэл зүүн гар талаар нь барьдаг юм бол?”. Хүмүүс л үүнийг шийддэг.
-Ном бичиж байгаа гэж сонссон. Энэ талаараа хуваалцахгүй юу?
-Би олон орноор хэрэн хэсэж явсан. Их ч зүйл сурсан. Аль нэг оронд очоод газрын зураг бариад л, ийшээ явна, тэнд очно гэх зэргээр төлөвлөөд байдаггүй. Үүний оронд хотын төвд нь очоод хүссэн зүг рүүгээ хараад алхдаг. Би шинэ хотод төөрөх дуртай. “Let’s get lost” гэж өөртөө хэлдэг.
Нэг газар төөрөхөд олон шинэ зүйлийг нээж илрүүлдэг. Нью-Йорк, Парис, Милан, Сингапур, Хонконг хотыг би маш сайн мэднэ. Иймээс ч өөрийн үзсэн, харснаа бусадтай хуваалцахыг хүсэж, “Нью-Йоркт гэр бүл эсвэл найз бүсгүйтэйгээ ороход тохиромжтой ямар ресторан байдаг вэ?” гэх зэргээр найздаа зөвлөж буй мэт хэлбэрээр хөтөч номоо (guide book) бичиж байна.
-Таны бодлоор хүнийг хамгийн их чимдэг зүйл юу вэ?
-Сайхан сэтгэл. Хүмүүс мэдлэг гэж ярьдаг. Мэдлэг үнэхээр чухал л даа. Учир нь хүн мэдлэгтэй байж л амьдарна. Гэхдээ сайхан сэтгэл хүнийг хамгийн их чимдэг. Тийм ч царайлаг, мэдлэгтэй биш ч хүний хайрыг татдаг сайхан хүмүүс байдаг. Ийм хүн гаднаасаа гэрэлтдэг. Нүд нь хүртэл өөр.
Х.Цолмон
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
yanaa yamar aimaar yum be , Nora baihgui baisan bol Mongol yaah baisiim be ? tamin ee ?… Nora -tai Mongol l Mongol shuu dee…
Дөрвөн жил төрийг самарлаа, эдийн засгийг самарлаа, ард түмний амьдралыг самарлаа. Одоо ард түмний сонголтыг самрах нь л дээ. Ийм нөхцөл байдал үүссэн учраас би санал хураалтад оролцохоос татгалзаж байна.
Аргагүй л богино үстэй юм даа!
Yriltslaga n mash ih taalagdlaa
Аавтайгаа адилхан нүдтэй юм Дагва ах сайхан залуу байсан даа. Амьдарч байсан байшин чинь сэлэнгэд бна лээ би саяхан.очоод ирсэн. та нар жаахан бсан дөө ах бэр эгчтэйгээ танайд очдог бсан юмөө