УИХ-ын гишүүд дараагийнхаа алхмыг хэрэгжүүлэхээ мэдэгдэв

УИХ-ын нэр бүхий 20 гишүүн Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэсэн шаардлагыг өнгөрсөн есдүгээр сарын 7-ны өдөр Ерөнхий сайд С.Батболдод хүргүүлсэн билээ. Шаардлагын хариуг аравдугаар сарын 1-нд хүлээн авахаа мэдэгдсэн юм. Гэвч энэ өдөр амралтын өдөр таарсан, мөн аравдугаар сарын 3-нд чуулганы нээлт болсон учир нэр бүхий гишүүд гурав хоног хойшлуулж өчигдөр албан ёсны хариугаа авахаар Ерөнхий сайд С.Батболдыг төрийн ордны “В” танхимд урьжээ. УИХ-ын гишүүн Н.Батбаяр, З.Энхболд, Ц.Батбаяр, Ц.Даваасүрэн, С.Бямбацогт, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир гэсэн арван гишүүн 11 цагт танхимд уван цуван орж сууцгаагаад гүйцэтгэх засаглалын тэргүүнийг хүлээцгээсэн юм. Гэвч 30 минут өнгөрсний дараа УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж орж ирэн “Өчигдөр ч хэл хүргүүлсэн. Гэвч Ерөнхий сайд бүлгийн хуралтай, одоогоор амжихгүй гэнэ. Үдээс хойш байж болохгүй юу гэсэн хариу хэллээ” гэж мэдэгдсэн юм. Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын гарын үсэгтэй хариу тайлбар бичиг ирүүлсэн гэж Н.Батбаяр гишүүн дуулгаж байв. Тэрхүү бичигтээ “Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь УИХ-аас баталсан хууль, тогтоомжийн хүрээнд хийгдсэн. 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлсэн” гэж тайлбар бичжээ. Хууль тогтоох дээд байгууллагаа үл хүндэтгэж байна гэж Засгийн газрын тэргүүнийг шүүмжлээд танхимд цугласан гишүүд өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Ерөнхий сайд Монгол Улсын хууль дүрмийг дагаж мөрдөж ажиллах ёстой. УИХ-ын гаргасан тогтоол шийдвэр хууль. Гэтэл өнөөдрийг хүртэл Ерөнхий сайд УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх гэж хичээсэнгүй. Бидний шаардлагыг үл тоож байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын гарын үсэгтэй бичиг л илгээжээ. Энэ нь хангалтгүй байна. УИХ-ын 57 дугаар тогтоол нь гурван заалттай. Гуравдугаар заалтад нь хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын хувийг 50 хувьд хүргэх гэж тодорхой заасан байгаа. Гэтэл гэрээ байгуулахдаа 30 жилийн дараа 50 хувьд хүргэх эсэх асуудлыг ярилцана гэж хөрөнгө оруулагч талд найр тавьсныг зөв зүйтэй гээд энэ хүн өнөөдөр багийнхантай ирж уулзахгүй байгаа юм байна л даа. Монголчууд өнөөдөр ингэж талцаж муур хулгана болж тоглохдоо биш ярилцаад нэг зорилготой, эвтэй байх ёстой. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Нийлээд ярилцъя гэхээр зугтааж байна. МАН-ын бүлгийн хурал 12 цагаас эхэлнэ. Үүнээс өмнө бидэнтэй орж ирээд уулзаж болно шүү дээ. Ингэхээр энэ Засгийн газар Монголынх уу, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан Засгийн газар уу гэдгийг ойлгохгүйд хүргэлээ. Засгийн газрын ийм тоомжиргүй байдал нь биднийг дараагийн алхмаа хийхэд хүргэж байна.

Б.Бат-Эрдэнэ: Есдүгээр сарын 7-нд бид шаардлагаа гардуулахдаа гишүүдийн өмнө нь тавьж байсан асуулгуудад хариулт өгдөг шигээ зүйл битгий хийгээрэй. Илүү тодорхой, ахицтай хариулт авна гэдгээ хэлсэн. Гэтэл өнөөдөр өөрт нь асуулга тавихаар УИХ-ын чуулганы хуралдаан дээр нэг сайдыгаа явуулаад тайлбар хийлгэдэг шиг л хандаж байна.

С.Эрдэнэ: Оюу толгойн менежментийн багийн зардлыг төсөл эхлэхээс өмнө гурван хувь, үйл ажиллагаа эхэлсний дараа зургаан хувиар санхүүжүүлэхээр болсон. Энэ нь зардлыг өсгөх гэсэн бас нэг оролдлого. Зэсийн ханш 4400 ам.доллар байхад хөрөнгө оруулалтаа 4.8 жилд нөхчихөөр байгаа юм.

Ц.Даваасүрэн: Энэ асуудал өнөөдөр гараад ирсэн юм шиг хэвлэлээр яриад байна. Анх хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж байх үеэс бид шүүмжилж, сануулж ирсэн. Бид Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагынхаа хариуг авах хугацааг гурав хоногоор сунгаж хүлээлээ. Гэтэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хариу ирүүлж байна. Энэ чинь цаагуураа ямар байдлаар хүлээж авч буйн илрэл. Яг үнэндээ Монголын эзэмшлийн хувь хэмжээг нэмэгдүүлье гэсэн нь 20 гишүүний хүртэх ашиг нэмэгдэх гээд байгаа зүйл биш шүү дээ. Нийт монголчууд л хожно. Нэгэнтээ Засгийн газрын тэргүүн хангалтгүй хариу өгсөн учраас бид дараагийн арга хэмжээг авна.

Д.Балдан-Очир: Шаардлага хүргүүлсэн 20 гишүүнийг бусад гишүүд дэмжиж байгаа. Оюу толгойн гэрээ зөв явбал дараа дараагийн ордын гэрээ тэр жишгээр л явна.

З.Энхболд: Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын хариу, “Айвенхоу майнз”-ынхны гаргасан мэдэгдлийн нэг өгүүлбэртэй үг, үсэг нь ижилхэн байна. “Хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын хууль, парламентын шийдвэрт бүрэн нийцэж байгаа” гэжээ. Тэгэхээр хэн нь хэнээсээ хуулаад байгааг нь ойлгохгүй байна. Зардлаа нөхсөний дараа гэдгийг 30 жилийн дараа гэж гадныхан ойлгож байгаа юм байна. Харин Монголын Засгийн газар, УИХ-д ийм ойлголттой олон гишүүн байгаад харамс ч байна.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Цагаан дээр хараар бичсэн хуулийг Засгийн газар нэг өөр, УИХ-ын гишүүд нэг өөрөөр ойлгодог болчихоод байгаа, сүүлийн үед. Үнэндээ энэ ордын 34 хувийг монголчууд өөрсдөө худалдаж аваад, дээр нь хоёр тэрбум ам.долларын өрөнд уначихсан сууж байхад “Айвенхоу майнз” 3.6 тэрбум ам.доллар босгочихоод сууж байна. Уг нь энэ орд Монгол Улсын ард түмний баялаг юм чинь бид яагаад нэг тал болоод эрх ашгаа хамгаалж болдоггүй юм бэ, ийм л шаардлага тавьж байгаа” гэлээ. Тэд ийнхүү байр сууриа илэрхийлсний дараа “Сэтгүүлчдийн асуултад хариулахгүй. Яагаад гэвэл бид өнөөдөр хэвлэлийн хурал зарлаагүй, Засгийн газрын тэргүүн, түүний багийнхантай Оюу толгойн гэрээг УИХ-аас гаргасан 57 дугаар тогтоолтой нийцүүлэх талаар ярилцахыг хүссэн юм” гэв.

Д.ДОРЖПАГМА

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих