МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТАЛААР ХЭН, ЮУ ХЭЛЭВ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай УИХ-ын гишүүн Г.Уянгын саналыг хэлэлцсэн.
Энэ үед гишүүдийн олонхи нь “Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх шаардлагагүй асуудал” хэмээн үзлээ. Энэ талаарх Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна
Ш.Түвдэндорж: УИХ Үндсэн хууль зөрчих болно З.Энхболд даргад хандсан хоёр бичиг байна, Г.Уянга гишүүний. Уучлалыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болоод ял шийтгүүлэгч тодорхой хэмжээгээр ялаа эдэлж байх үед үзүүлдэг. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө уучлал үзүүлбэл Ерөнхийлөгч шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байна, энэ нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн асуудал тавиад байгаа.
Гэтэл анхан шатны шүүхийн тогтоол нь 2015 оны нэгдүгээр сарын 30-нд гарч, гардаж авах нь хоёрдугаар сарын 10-ний өдөр байгаа. Ерөнхийлөгчийн зарлиг хоёрдугаар сарын 26-нд гарсан. Бүхэл бүтэн 16 хоног өнгөрсөн. 10 хоногийн дотор Давж заалдах, өргөдөл гомдол гаргах хугацаа дуусдаг. 14 хоногоор бодсон ч дууссан байгаа. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн зарлиг хоёрдугаар сарын 26-нд гарсан учраас. Тэгэхээр Г.Уянга гишүүний тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн байна, хууль зөрчсөн байна гэсэн үндэслэл болохгүй байгаа. Ийм асуудлыг УИХ-аар хэлэлцэж болохгүй.
Хоёрдугаарт, уучлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх. Гуравдугаарт, Үндсэн хуулийн цэц шийдвэрлээгүй байхад Ерөнхийлөгчийн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь зохимжгүй. Ижилхэн институт шүтэлцээгээ эвдсэн ийм асуудал руу орж болохгүй, хэлэлцэж болохгүй. Хэрвээ байнгын хороо хэлэлцэх юм бол Үндсэн хууль зөрчих болно шүү.
Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн хэнтэй ч хувцаалцахгүй бүрэн эрхийг УИХ-руу оруулж ирэх нь утгагүй
Үндсэн хуулийн процедур дээр заасан бүрэн эрх, Үндсэн хуульд заасан бүрэн эрх хоёрыг салгах ёстой. УИХ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд санал гаргаж болно. Гэхдээ УИХ-ыг нэг гишүүн төлөөлөхгүй, 76 гишүүн төлөөлнө. Байнгын хороонд нэг гишүүн байхгүй, харьяалагдах бүх гишүүн энэ эрхээ эдэлнэ. Гишүүн санал гаргах нь тусдаа асуудал. Энэ асуудлыг хэлэлцэх үү гэдэг нь өөр бусад гишүүдэд байгаа эрх.
Уучлал үзүүлсэн асуудал нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар хоёр бүлэг иргэн хоёр удаа Цэцэд хандсан юм билээ.
Үүнтэй холбоотой Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 43 дугаар тогтоол, 2015 оны 58 дугаар тогтоол, 2015 оны 11 дүгээр тогтоол байна. Сая 2016 онд дахиад магадлал гарсан. Хоёр магадлал, хоёр тогтоолтой. Цэцээс Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэх шаардлагагүй. Яагаад гэвэл Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрх байна гэсэн асуудлаар гишүүн нь магадлал гаргаад хоёр удаагийн магадлалаар маргаан үүсгээгүй юм билээ.
Монгол Улсын Үндсэн хуульд уучлал үзүүлэх гэдэг нь Ерөнхийлөгчийн тусгайлсан бүрэн эрх. Ял оноосон эдлүүлэх гэж байгаа тэр үйл ажиллагаанд уучлал үзүүлэх эрхтэй.
Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд заачихсан Ерөнхийлөгчийн хэнтэй ч хувцаалцахгүй бүрэн эрхийг УИХ-руу оруулж ирж, УИХ-тай хуваалцах гэж байгаа бол энэ өөрөө Үндсэн хууль давж гишгүүлж, Үндсэн хуульд халдаж байгаа халдлага. Тийм учраас энэ асуудлыг УИХ хэлэлцэх ямар ч шаардлагагүй.
Р.Гончигдорж: Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээр гарсан шийдвэрт халдах ёс байхгүй
Нэгдүгээрт бид шүүхийн шийдвэрийг шүүхгүй, хоёрдугаарт Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээр гарсан шийдвэрт халдах ёс байхгүй. Энэ хоёр эрхээр бидний эрх хязгаарлагдсан гэж бүрэн ойлгогдож байгаа.
Г.Уянга гишүүн иргэнийхээ хувиар асуудал тавьж болно. УИХ руу оруулах үндэслэл байхгүй. Тийм учраас энэ асуудлыг байнын хороо хэлэлцэж, УИХ-аас Үндсэн хууль зөрсөн тухай асуудлыг Цэц рүү оруулж байгаа хэлбэрлүү шилжүүлэх эрх зүйн үндэс суурь байхгүй гэсэн үг. Г.Уянга гишүүнд зөвлөхөд иргэнийхээ хүрээнд асуудлыг тавь. Хууль эрх зүйн хүрээндээ үндэслэлгүй зүйл.
Эмзэглэж байна. биднийг муу, муухайгаар нь дуудах нь л дээ, сонгуулиар. Тэд ийм муухай, гадаадынхныг хамгаалдаг, монголыг луйвардагсдыг хамгаалдаг гэж. Хэрэгтэй бол энийгээ өөрөө сонгуулиар хэлээд явна л биз дээ.
URL: