Сонгуулийн дараах Тавантолгой ба Кремлийн санаа…
2007 оноос хойш улстөрчдийн амнаас гардаг тренд үгсийн нэг яах аргагүй болсон “Тавантолгой” харин энэ сонгуулиар тэгтлээ олон хэлэгдэхгүй байж мэдэхээр байна. Арга ч үгүй биз дээ. Эрх баригчид уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг улстөржүүлсээр олон хавар, намартай золгосон юм чинь. Тэгэхдээ бас болоогүй ээ. Хэрхэн яаж цэвэрхэн байдлаар сонгуулийн шоу болгох вэ гэдэг дээр хэсэг бүлэг хүмүүс бодлого барьж байж болзошгүй гэх ойлголт 1072-ын дуулиант үйл явдлаас бас анзаарагдаад байгааг хэлэх хэрэгтэй биз.Үнэндээ бол Тавантолгойг хэчнээн моодноос гаргах гээд бүтэхгүй л дээ. Асуудал ард түмний мемори буюу санах ой ямар байхаас л шалтгаална гээд хэлчихэд болох байх. Монгол тийш хараагаа бэлчээж ирсэн гадны гүрнүүдийн хувьд Тавантолгой хэрэгтэй л зүйлс байдаг.
Ямартаа л оффшорын дуулианд нэр нь тодорсон, Монголд “Бату майнинг” гэх компанитай гэгдэж байгаа Олег Дерипаскагийн эрх ашиг Тавантолгой хийгээд төмөр зам, эрчим хүчинд тунчиг хамаатай байж ирсэн л байдаг. Ер нь бол хойд хөршийн ах нар том эрх ашигтай, том л сонирхолтой байдаг. Тэр утгаараа Тавантолгой дээр тийм л байж ирсэн. Хэдийгээр сүүлийн нэг жилийн хугацаанд тэд тоглоомын дүрмийг зохиогчдын нэг биш болж харагдаж байгаа ч, хэрэг дээрээ тэд дараагийн ямар чухаг нүүдлийг тооцоолж байгаа бол? М.Энхсайхан нарын нүдний цөцгийн шиг л эмзэг мэдрэмтгий гээд байсан Мега тодотголтой Тавантолгой төсөл өнөөдрийн хувьд идэвхжил нь дарагдсан байгаа. Гэхдээ энэ нь бүрмөсөн унтарсан гэсэн үг биш болохыг хэн ч ухаж ойлгож таарна. Ямартай ч Тавантолгойг улстөржүүлэхээ болиод, урагшлуулах тухай мессеж идэвхтэй цацагдаж байсан өнгөрсөн жилийн өдийгөөс Х.Баттулга нарын нөгөө айхтар ширүүдүүлээд байсан кампанит маягийн чанартай дуу хоолой харьцангуй нам зөөлөн дээрээ тавигдсан юм. Нэг талаас хэт их нам гүмийн цаана их тэсрэлт бөгөөд эрсдэл дагаж байх магадлал бийгийн хувьд анхаарал татаж л байлаа. Ерөөс Кремлийн эзэд эрх ашгаа хаа нэгтээ гээхийг хүснэ гэж үү? Энэ их нам гүмд бид эргэлзээгүй итгэх ёстой юу? Үүний хариултыг бид өнгөрсөнд болоод өнөөдөрт өрнөж байгаа үйл явдлуудаас уудлан хайгаад үзэхэд, энэ сонгуулийн дараа гэхэд Тавантолгой дахь Оросуудын сонирхол идэвхжих магадлал багагүй байгаа юм.
Яагаад гэж үү?
Эрхэм та санаж байвал, зургаан жилийн өмнө Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжид “Тавантолгой ордыг хамтран ашиглах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгохдоо юуны түрүүнд улс орны хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлэх, улс төр, эдийн засгийн тэнцвэртэй харилцааг бэхжүүлэх хувилбарыг” гаргахыг уг үндэс болгож байв. Харин яг тэр он цагт ОХУ-ын “Төмөр замуудын нэгдэл” тэргүүтэй оролцогчид тендерийн Хураангуй жагсаалтад үлдсэн. Тэгэхдээ тэд “ах”-ын санааг ямагт гаргаж ирсэн нь Солонгосын компанитай хамтрал болж, тэднээр мөнгө босгуулан Тавантолгой зэрэг ордуудын үүц баялгийг үнэ цэнэд хүргэх төмөр замын сүлжээний тэн хагаст эзэн суух гэсэн ашиг сонирхлоо тээж ирсэн юм. Тэгвэл Оросуудыг тийм бодолтой байхад Өмнөд хөршийн өнөөх “Шинхуа” Америкийн “Пибоди”-той нийлэх асуудал яригдаж байсан ч, Японы “Мицуи”-г аюулгүй гэж үзсэн үү, яасан. Ямартай ч эвссэн. Тэгсэн нэг жилийн дараа, Монгол наадам болохоос өмнөхөн Тавантолгойн 40 хувийг Хятад, 24 хувийг Америк, 18 хувийг Орос, 18 хувийг Монголд тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ гэх мэдээлэл гадны дотны хэвлэлүүдээр гараад эхэлсэн. Яг тэр үед Солонгос, Японууд “бидний голлоо” хэмээн гомдоллож байсныг санаж байна, би. Тэгвэл өнөөдрийн тухайд “Сумитомо” Японыг төлөөлж, Тавантолгойн хөрөнгө оруулагчдын хэлэлцээ үр дүнд хүрсэн гэгдэж буй.
Мэдээж тэгээд асуудал энэ хэмжээнд хүрэх хүртэл олон үйл явдал болсон. Дэд бүтэц төмөр замаа шийдээгүй тохиолдолд Тавантолгойг бүхлээр нь хөдөлгөх тухай яриа утгагүй. Тэр ч утгаараа өргөн нарийн царигийн асуудлаа шийдвэрлэх гэж нэлээд юм болов. М.Энхсайхан Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлд тавих төмөр замыг нарийн царигтай тавих нь эдийн засгийн алдагдалгүй хувилбар гэж эхлээд зоргоороо шийдвэрлэсэн. Чингис бондын мөнгөнөөс тийш нь зарцуулах ёстой гэж үзсэн. Тэгээд удалгүй “Монголын төмөр зам” төслийг удирдах эрхээсээ татгалзахад хүрч байв. Гэхдээ тэр үед хоёр хөршийн тэргүүнүүдийн хэдхэн өдрийн зайтай айлчлал болоогүй, улстөрийн нөхцөл байдал өөр байв.
Тэгэхдээ цаагуураа бол улстөрчид шийдвэрүүдээ хэрхэн гаргахаа тохирсон байдгийг илтгэх жишээ олон л доо. Юу гэхээр “Шинхуа” болоод дотоодын “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Энержи ресурс ХХК, “Тавантолгой” ХК хамтран нарийн цариг бүхий төмөр зам барих “Гашуун сухайтын төмөр зам” ХХК-ийг байгуулсан. Тэрхүү төмөр замын уртын хэмжээ нь 18 км буюу богино ч гэлээ, жилдээ 27 сая орчим тонн нүүрсийг өмнөд хөрш рүү тээвэрлэх хүчин чадалтай байна гэсэн. Тэр нь манай улсын нүүрсний жилийн экспортыг дангаараа шийдчих хүчин чадалтай зам босохоор л харагдаад байв. Тиймээс ч нарийн цариг дагасан шүүмж дахиад идэвхжсэн билээ. Юу гэхээр, нэг л газар зөвшөөрөл өгөөд нарийн царигтай зам бариад эхэлчих юм бол ар араасаа олон нарийн төмөр зам Монголд маш богино хугацаанд ороод ирнэ. Үүнийг стратеги төлөвлөгөөтэйгөө уялдуулах бараг боломжгүй болно. Хятадын нарийн төмөр замыг оруулаад ирвэл монголын баялгийг хятадууд ёстой л нэг угжих шиг болно. Юуны өмнө олон мянган хятад наймаачид орж гарна, байнга оршин сууна гэсэн үг. Төмөр зам, тэр тусмаа нарийн царигтай бол Монголын баялгийн урсан гарах хэмжээ, далайц хэд дахин нэмэгдэх болно. Товчхоноор монголчуудын өөрсдийн гараар байгаль, эдийн засаг, түүх соёлын дурсгалыг нь сүйтгэх болно гэх байр сууриуд байсан.
Тэгсэн дараа нь Ерөнхийлөгч албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “…Төмөр замын хувьд Монгол Улс өөрийн гэсэн бодлого, эрх ашигтай гэдгийг та мэдэж байгаа.Тавантолгойгоос урагшаа барих төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, зүтгүүр, өртөөнүүдэд ажиллах инженер ажилчид гээд бүгд Монголынх байна. Ачааг хилээр гаргасны дараа хөрш орны зүтгүүр хүлээн аваад цааш явна. Ачааг хилийн наана асгаад дахин ачина гэж байхгүй. Цагаанхад гэдэг газар нүүрс асгаж, ачиж байгаа шиг гамшиг болгохгүй. Нэвтрүүлэг хийж юм уу тусдаа ярихгүй л байгаа болохоос энэ бол манай бодлого, эрх ашиг шүү дээ.
Энэ асуудлыг бид хөрштэйгөө ярилцаж байгаа. Харин энэ асуудлыг “хэрүүлийн алим” болгож, ажлаа унагаамааргүй байна. Хөрш орнуудад нүүрс мэтийн ачааг тухайн орны царигаар гаргах нь зөв гэж үзэж байгаа. ОХУ руу өргөн царигаар, урд хөрш рүү өөрийх нь царигаар, дугуй солих шаардлагагүй яваг. Ачсан нүүрсийг нь асгаж, дахин тээвэрлэхгүй яваг. Баттулга гишүүн өөрөө сайн мэдэж байгаа. Төмөр замын бодлогын талаар маргалдаад байх хэрэггүй, бидний хэдийнэ шийдсэн асуудал шүү дээ. “Шинээр байгуулах төмөр зам нь одоогийн төмөр замтай шууд холбогдох буюу огтлолцох тохиолдолд түүний царигийн өргөн нь 1520 мм байна” гээд тогтсон. Одоогийн энэ Алтанбулагаас Замын Үүд рүү чиглэсэн төмөр замтай огтлолцохоор бол энэ өргөн царигаар байна шүү гэсэн юм.
Манайхныг ийн ярьж байх зуур Москвагаас бас нэгэн мэдээ ирсэн нь, РЖД компани Тавантолгойн төмөр замын төсөлд гол үүрэг гүйцэтгэх сонирхолтой байгаагаа давхцуулан мэдэгдсэн явдал юм. Энэ бол тэдэнд эргэж ирэх шалтгаан байдгийг илтгэх нэгэн жишээ.
Уулзах сонирхол бий…
Дэлхийн банкны зүгээс бас манай төмөр замын бүтээн байгуулалтуудад оролцох сонирхлоо илэрхийлсэн билээ. Уг нь тэд өмнө нь ОХУ одоогийн нөхцөл байдлаа өөрчилж, төмөр замын багтаамжаа нэмэгдүүлэн, тарифандаа зохицуулалт хийн, боомт зогсоолуудаа ашиглуулах тал дээр Монголын Засгийн газартай хэлэлцээр хийх шаардлагатай гэж байсан бол өөрсдөө ийн сонирхлоо өөрчилсөн байдаг юм. Концессын гэрээгээр явагдах төмөр замын төслүүдэд оролцох боломжтой гэчихсэн нь яг одоо яригдаад байгаа төмөр замтай холбоотой юм л даа. Бас нөгөө “Пибоди” төмөр замд санаатай байгаагаа нуугаагүй.
Тэгвэл Оросууд энэ зуур юу хийж ирэв гэдгийг харъя. Хойд хөрш Тувагийн Элегестийн ордыг эргэлтэд оруулах хүрээнд Элегест-Кызыл-Курагино чиглэлийн 410 км төмөр замыг барих компаниар “СГК-трансстройЯмал”-ыг шалгаруулсан. Гол нь тус чиглэлийн төмөр замыг манай улсын газар нутгаар дайруулан өмнөд хөрштэй холбох бодлогыг Кремлийн эрх баригчид барьж байгаа талаар Оросын хэвлэлд гарсан юм. Энэ нь Оросууд манай гол гарц зах зээл рүү нүүрсээ хүргэхдээ манай газар нутгийг ашиглах гэж байгаа нь, эдийн засгийн аюулгүй байдал талаасаа асуудал дагуулах уу гэдэг асуултыг тавихад бас хүргэсэн.
Ер нь Оросуудын хувьд Тавантолгой болоод төмөр замын төслийн хурдыг сааруулах сонирхлыг тээж ирсэн л байдаг. Ямартаа л Кемерова мужаас Владивосток хүртэлх бүх л нүүрсний уурхай, цахилгаан станцуудын хяналтын багцыг эзэмшдэг СУЭК корпораци нь Улан- Үдэд барьсан нүүрс угаах үйлдвэр болоод Владивостокийн Мухта хойгт барьсан шилжүүлэн ачих байгууламжиндаа оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд хятадын зах зээлийн үнийг буулгахгүй байх шаардлагын улмаас Тавантолгойтой холбоотой асуудлуудыг гацаах ажиллагааг В.Путин өөрөө удирдан явуулсан гэж харахад хүргэх билээ. Энэ нь Оросууд Тавантолгойн төмөр замын төсөлд орж ирэх гээд байгаагийн учиг нь өмнөдийн зах зээлийг алдахгүй гэсэн үндэслэлтэй бас холбоотой л харагддаг.
Хойд хөршийн ашиг сонирхол иймэрхүү байхад манайхан төмөр замтай холбоотой асуудлаар эндээ бас талцаж ирсэн. М.Энхсайхан болохоор төслийн компани “Энержи ресурс” төмөр замаа эзэмшиж явна. Төслийн компанийн 51 хувь нь манай үндэсний компанийн хяналтан дор байна гэж байхад З.Энхболд “төмөр замыг богино хугацаагаар ч хамаагүй аль нэгэн нүүрсний компанид эзэмшүүлж болохгүй. Тавантолгойн төмөр замыг “Энержи ресурс”, “Сумитомо”, “Шинхуа”-гийн хослолд эзэмшүүлж болохгүй.” гэж дуугарсны цаанаас яагаад ч юм В.Путины инээмсэглэл тодрох шиг болж билээ…
Ж.Э.Болорхажид
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: