“ЧИМЭЭ” СТУДЫН ЗАХИРАЛ, ДУУЧИН О.БАЯРЖАРГАЛ: ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦСОН БҮЖГИЙН ХАМТЛАГИЙН ДУУГ НЬ ДУУЛСАНДАА БАХАРХДАГ
Дундговь аймгийн Адаацаг сумаас Орчин цагийн нэрт хөгжмийн зохиолч, Төрийн соёрхолт Ц. Нацагдорж, УГЗ найруулагч Сугар, СГЗ зохиолч, сэтгүүлч Зандраабайдий, Хөдөлмөрийн баатар оёдолчин Ё.Норовсүрэн гээд цөөнгүй авьяаслаг уран бүтээлч, алдартнууд төржээ.Тэгвэл ухаан орсон цагаасаа урлагийн авьяас нь тодорч нутгийнхаа “од” болсон нэгэн шавилхан биетэй, шаггүй авьяастай хүү бол дуучин, ая зохиогч Оросоогийн Баяржаргал. Тэрээр энэ сумаас төрсөн анхны дээд мэргэжлийн дуучин бөгөөд улсын хэмжээний цөөнгүй уралдаанд оролцож айраг, түрүү авч байсан авьяаслаг уран бүтээлч юм. Бид “Чимээ” студын захирал, МУСТА дуучин, ая зохиогчО.Баяржаргалтай уулзаж уран бүтээлийн халуун яриа өрнүүллээ.
-Дэгэж дэрвэж явсан бага нас, нутаг усныхаа тухай яриагаа эхлэх үү? Айлын хэд дэхь хүү вэ?
-Тэгье. Хүн бүхэн бага насныхаа тухай ярих дуртай байдаг. Миний бага нас хот хөдөө хоёрын дунд л явж өнгөрсөн дөө. Миний ээж 9 сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн, их ажилсаг, юм юманд авхаалжтай хүн байдаг. Би айлын 4 дэхь хүү, дороо 5 сайхан дүүтэй. Бусдын жишгээр эгч, дүүстэйгээ хурга, тугал хариулж бужигнаж л өслөө. Анх 5 настайдаа уншиж бичээд сурчихсан болохоор юм юманд адтай гэгдсэн хүү байлаа. Ээж маань нэг үе хотод Мал бордох аж ахуйд ажиллаж байсан болохоор Нийслэлийн 19-р дунд сургуульд 1-р ангид орж, хоёр улирал сурчихаад нүүдлийн шувуу шиг нутагтаа очиж үргэлжлүүлж суралцсан. Сургуульд орохоосоо өмнө 6-р сарын 1 нд Хүүхдийн баяраар ажил дээр нь очиход ээж эзгүй байж таартал бэлэг тарааж байсан нэг эгч “Чи гарын үсгээ зурж чадвал бэлэгээ ав” гэхээр нь гарын үсгээ зурчихаад эгч дүү нарынхаа бэлэгийг цуг аваад гэртээ харьж байлаа. Сумын дунд сургуульд хоёр эгчийнхээ хамт дотуур байранд сууна. Бидний үеийнхэн чинь зах зээлийн шуурганд хүүхэд насаа үдсэн ч хэдэн малынхаа буянаар нэг их өлсөж цангаагүй шүү. Харин картын бараанд нилээд очерлосон.
-Хэзээнээс дуулж эхлэв. Анхны тайз чинь мэдээж сургуулийнх байсан биз. Ер нь танай удамд дуучин бий юу? Уралдаан тэмцээнд орж багагүй амжилт үзүүлж байсан гэсэн.
-Би 1-р ангиасаа л сумынхаа дуу хөгжмийн багш Гангаагийн харцанд өртсөн. Хонь хариулж явахдаа радиогоо өвөртлөөд л явна. Ялангуяа “Хүсэлтийн хариу” нэвтрүүлэгийг алгасахгүй сонсоно. Радиогоор Цэрэнчимэд ахын дууг сонссоор “Ээж минь” дууг нь сурчихсан, ганц дуулдаг дуу минь байв. Энэ дуугаараа нутгийнхандаа их тоогдсон. Тэр үед пянз энэ тэр байсан биш, Өвөлдөө ээжийгээ дагаад хотод ирж сургуульд сурдаг байсан болохоор ирж очихдоо Зил- 130 машины кабинд ч их дуулсан даа. Манай удамд одоогоор надаас өөр дуучин төрөөгүй ч ээжийн минь аав нутаг усандаа уртын дуу сайхан дуулдагаараа алдартай хүн байсан юм билээ.Ээж болон ойрын хамаатнууд намайг өвөөгийн сүнс ч гэж ярьдаг. Тэгэхээр би удамтай дуучин байж таарна. Өвөөг маань нутгийнхан нь одоо ч дурсан ярьдаг.Ээж маань 1990 оноос хойш нутагтаа суурьшин малаа маллаж байна. Нэг хэсэг хэдэн хүүхдээ өнгөтэй өөдтэй явуулах гэж хот хөдөөгийн хооронд явжажиллан биднийг бусдаас дутахааргүй сайхан өсгөсөн. Багаасаа л дуулсан болохоор хотод 8-р ангиа төгсөөд ээждээ туслахаар хөдөө гарч 2 жил мал малласан. Намайг урлагийн хүн болохоод ээж маань их дэмжсэн. Харин хоёр эгч маань эсэргүүцэж малчин болгох сонирхолтой байсан ч нэг уралдаан миний урлагийн замд ухралтгүй ороход их түлхэц болсон. Тэр үед манай аймагт “Говийн тэнгэр” поп, рок дууны улсын уралдаан зохиогдож 21 аймгаасдуучид ирж оролцсон их өрсөлдөөнтэй тэмцээн болов. Тэр уралдаанд манай аймгаас сум болгон нэг нэг дуучин оролцуулсан юм. Би нутгаасаа аймагт мотоцикльтэйгээ ирээд театр дээр очоод бүртгүүлэх гэтэл бүртгэл нь дуусчихсан байсан. Гайхаад зогсож байтал одоо энэ УГЗ Д.Ухнаа гуай таараад ” Хаанахын нөхөр вэ чи, Юу ч гэсэн дуулахын чинь сонсоё” гээд дуулуулж үзээд тэмцээндээ ор доо” гэсэн. Сумаа төлөөлсөн би амжилттай оролцож “Үзэгчдийн нэрэмжит” шагнал хүртсэн. Удалгүй 25-р суваг телевизээр улс даяар цацагдаж, ах дүүс хамаатнууд үзчихээд их урам өгсөн. Дараа нь өвөл “Морины дуу хэн сайн дуулах вэ” улсын уралдаанд оролцож УГЗ Бямбабаярын “Уургач хүлэг” дууг дуулаад ёсолтол үзэгчид алга ташисангүй, муу дуулж дээ гэж бодоод эргэтэл нижигнэтэл алга ташисан. Тэр тэмцээнд би МҮЭСТО-ийн дэргэдэх “Эгшиглэн” хамтлагтай анх удаа төвийн том тайзан дээр дуулж 3-р байр эзлэсэн. Дараа нь “Хонгор зул” сонин дээр зурагтайгаагарч, Монгол телевиз, радиогоор дуулж дуучин болох гараагаа эхлэсэн. Тэгээд аймгийнхаа театрт дагалдан дуучнаар 2 жил ажиллахад театрын Уран сайхны удирдаач, найруулагч СТА Д.Доржсүрэн мэргэжлийн урлагийн хүн ямар байх ёстойг ухааруулж , зэмлэл, магтаал бүгдийг хүртээсэн.Тэгээд 2002 онд СУИС-д элсэн орж МУГЖ Д.Бандийн шавь болсон. Намайг 3-р курст байхад багш маань бурхан болж МУГЖ Д.Ганхуяг багш дээр үргэлжлүүлэн сурч сургуулиа төгссөн. Оюутан байхдаа БЦДБЭЧ-ийн дуучнаар ажиллаж Орхон аймагт зохиогдсон Орос, Хятад, Өвөрмонгол,Буриад, Якут зэрэг орнууд оролцсон эстрадын дуучдын ОУ-ын “Хар алт, мөнгөн чавхдас” нэртэй уралдаанд Төрийн шагналт Хангалын хөгжим “Нарт тэнгэрийн дор” дуугаар оролцож Гран при шагнал хүртсэн. Сургуулиа төгсөөд ҮДБЭЧ-д шалгуулаад тэнцсэн ч нэгэн хэвийн амьдралд баригдахгүй, юм юманд хүчээ сорьж үзье гэж бодоод бие дааж уран бүтээл хийхээр “Чимээ” студээ байгуулан ажиллаж байна.
-Бие дааж уран бүтээл хийхэд хөрөнгө мөнгөнөөс эхлээд бэрхшээл багагүй тулгардаг. Ажлын захиалга хэр их ирж байна.
-Ер нь өөрийнхээ хүссэн зүйлийг хийхэд хувь уран бүтээлч илүү чөлөөтэй байдаг учраас би карьер хөөхийг бодоогүй. Амьдралаа авч явахын тулд хичээхээс гадна шинийг эрэлхийж, ихийг сурч мэдэх хэрэгтэй болдог. Хувь хүн уран бүтээл хийхдээ бусдаас ялгарахын тулд ажилтай байхын тулд уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй. 2000 оны эхээр цөөхөн хүн студитэй байсан. Студэд дуу бичүүлэхэд өндөр өртөгтэй байдаг болохоор сайн уран бүтээл гаргахын тулд тодорхой хэмжээний мөнгө шаардлагатай болно. Тэгээд л өөрийн гэсэн студитэй болж уран бүтээлээ хийхээр шийдсэн. Энэ хугацаанд дууны уран бүтээл дээр түлхүү ажиллаж, олон талаас нь судалж багагүй туршлага хуримтлуулсан гэж боддог. Мэргэжлийн дуучин хүн ямар ч төрөл жанрын дууг дуулах чадвартай байх ёстой. Миний хувьд уртын дуу, сонгодогоо ч дуулчихна. Манай студи салбар салбарын хүмүүстэй хамтарч ажилладаг. Ялангуяа эх орноо төлөөлж гадаадад уралдаан тэмцээнд явж байгаа Загварынхан их үйлчлүүлдэг. ОУ-ын Миссийн тэмцээнд явж байгаа бүсгүйчүүд ч бас ирнэ. 2014 онд Манжуурт болсон ОУ-ын Миссийн тэмцээний авьяас төрөлд 2-р байр эзлэсэн бүсгүй маань манай студээр хөгжмийн найруулгаа хийлгэж бидэнтэй хамтарч ажилласан. Солонгост болсон тэмцээний оролцогч ч адилхан. Саяхан Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн “Дууны хорвоо 1,2” дууны цомогийн эмхэтгэл дээр ажилласан.Одоо СУИС-ийн Ардын дууны ангийн оюутнуудын Ардын богино дууны цомог дээр ажиллаж байна.
-СУИС-ийн төгсөгчид ажлын байр ховор. Монголоор дүүрэн чөлөөт нэртэй уран бүтээлчид олширсон гэлцдэг. Зарим нэг хүн жил болгон элсэлт авахыг эсэргүүцдэг. Сайн нь ч саар нь ч төгсөөд байх шиг байна. Дээхнэ үед жил өнжиж элсэлт авдаг байсан. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Урлагт арын хаалга байдаггүй гэдэг. Үнэхээр авьяастай нь сайн уран бүтээл хийхэд гараад л ирнэ.Зүгээр сонирхолтой хэсэг хүмүүс сургуульд сурчихаад дараа өөр ажил эрхлээд явах нь ч байдаг. Энэ бол ямар ч мэргэжил дээр харагддаг. Сүүлийн үед манай цөөнгүй төгсөгчид хөдөө орон нутгийн театрт очиж сайн ажиллаж байх шиг байна. Хотод ажлын байр хомс гэдэг нь үнэн. Төгсөгчдөөс жилд цөөхөн хэдхэн хүн л театр, чуулгуудад ордог. Миний бодлоор Монголд дахиад нэг Сонгодог театр байгуулвал зүгээр санагддаг. Урлаг ард түмнийг соён гэгээрүүлж, хүмүүжүүлдэг учраас төр засгийн зүгээс маш их анхаарал тавих хэрэгтэй. Монгол дуучид дэлхийн хэмжээнд үнэлэгдэж, танигдаж байна. Олон сайн дуучид төгссөн ч ажлын байргүйгээс аргагүйн эрхэнд өөр салбарт ажиллаж амьдралаа залгуулж байна. Дуурийн чиглэлээр ажиллаж хүчээ сорих бодолтой олон уран бүтээлч байгаа ч өнөөдөр ажиллах театр, таатай нөхцөл алга л байна. Элсэлтийн хувьд яамнаас нэг бодлого баримталдаг байх. 1980- аад оны үед кино драм, дуулаачийн ангид өнжиж элсэлт авдаг байсан гэсэн. Энэ бол бас бодох л ёстой асуудал байх. Олон телевиз, продакшнууд ажиллаж байгаа болохоор жүжигчний мэргэжлээр төгссөн хүмүүстхөтлөгч, найруулагчийн ажил олдоод байх шиг байна. Миний хувьд уран бүтээлч болгон заавал олны танил байх албагүй гэж боддог.Манай сургууль сайн сургалттай гэдэг ч үнэхээр авьяастай тэр болгон нь орж байна уу гэдэг нь эргэлзээтэй санагддаг.Манай нэг нэртэй жүжигчин олон жилийн өмнө “Урлагт жинхэнэ авьяастай нь биш дуртай, сонирхолтой нь сургуульд орж төгсөөд ажиллаж байна” гэж хэлсэн байдаг. Олон дунд янз янз л байгаа байх. Багш нар маань “Та нарыг сайн явсан ч, муу явсан ч сургуулийн нэр хамт явна” гэж хэлдэг байлаа.
-Өөрийн чинь хувьд эстрад талдаа илүү сонирхолтой, испани хэл дээр цөөнгүй дуу дуулсан гэж сонссон. Чамаас өөр испани хэл дээр дуулдаг дуучин бий юу?
-Одоогоор испани хэл дээр дуулдаг дуучин байхгүй байхаа. Миний хувьд эстрад дуу тэр дундаа Латин америкийн дуун дээр сүүлийн үед түлхүү ажиллаж байна. Энэ нь нэг хэв загвараас зайлсхийж байна гэсэн үг. Эстрад урлаг бол ямар ч хүн ойлгодог, цэмцгэр дэгжин урлаг гэж би боддог. Дэлхийн урлагт сонгодогоос улбаалсан поп урлаг зөндөө байна. Манайд Латин Америкийн урсгалтай төстэй, дутахгүй сонсголонтой дуулаачийн бүтээл их байна. Төрийн шагналт Хангалын дууны уран бүтээлийг судлахад одоо энэ дэлхийг шуугиулаад байгаа гоё аялгуутай, хэмнэлтэй ямар ч хүн сонсоход сэтгэлд хүрдэг дуунууд байдаг. Аугаа бүхэн дэргэд байдаг гэдэг дээ. Би хэдэн жилийн өмнөөс испани хэл дээр дуулж эхэлсэн. Анх Америкт очсон үедээ хамаатны эгч маань санал тавьж испани хэл дээр дуулсан чинь тэндхийн хүмүүст таалагдаж, хэллэг чинь цэвэрхэн байна гэхээр нь зориглоод уран бүтээл хийх бодол төрсөн. Одоо би итали, испани,англи, орос хэл дээр дуулж байгаа.Монгол дуугаа ч хөрвүүлж испани хэлээр дуулах бодолтой. Дэлхийн хоёр дахь гол хэл бол испани. Америкийн өмнөд хэсэг тэр чигээрээ испаниар ярьдаг гэсэн.Кубын албан ёсны хэл испани. Би сүүлийн үед Монголд суугаа Кубын элчин сайдын яамтай холбоотой хамтарч ажиллаж байгаа. Хэд хэдэн томоохон арга хэмжээндээ намайг урьж дуулуулсан. 2015 онд Австрийн Вена хотод болсон Цэнгээнт бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос анх удаа оролцсон “Сарны бүжиг” хамтлагийн дууг дуулсандаа би бахархдаг. Миний дуулсан дууны хэмнэлд бүжиглэж, эх орныхоо нэрийг гаргаж шагналт 7-р байранд орж, эрэмбээрээ 4-т орсон болохоор их баярласан. Манай бүжгийн спортын төрлөөр уран бүтээлээ туурвидаг хамтлагууд Азиас анх удаа европынхонтой өрсөлдөж сул өрсөлдөгч биш гэдгээ харуулсан. Өмнө нь бүжгийн хамтлагууд интернетээс нэг хөгжим татан бичиж авч монтажлаад л тэмцээндээ оролцдог байсан юм билээ. Тэр ая нь цаанаас тавьсан шалгуурыг хангадаггүй байсан болохоор тодорхой амжилт үзүүлж байгаагүй гэсэн. Хөгжмийн найруулга, ая бүжгэнд маш чухал болохоор сайн сонголт хийх хэрэгтэй. Спорт бүжгэнд Латин Америкийн ая зонхилдог тул миний сонирхолтой нийцэж хөгжмийн найруулгаа монголдоо хийж, өөрөө испани хэл дээр дууг нь дуулсан. Ур чадвар, хөгжмийн найруулгаараа гологдоогүй гэхээр жаахан омогшсон шүү. Бид эвтэй байгаад сэтгэл нийлээд хөдөлмөрлөвөл хаана ч гологдохгүй гэдэг нь тэнд харагдсан.
-Танай ангиас ямар ямар сайн дуучид төрсөн вэ?
-Манай ангийнхны давуу тал бол ихэнх нь мэргэжлээрээ ажиллаж байгаа. Дэлхийн том том уралдаануудад амжилттай оролцож, монгол дуучны хоолойн цараа, авьяасыг аль хэдийнэ зөвшөөрүүлсэн дуурийн дуучин Э.Амартүвшин гавьяат манай ангийн төдийгүй монголчуудын бахархал болсон. АДБ-ийн “Түмэн эх” чуулгын уртын дуучин Мөнхбаатар орчин цагийн уртын дуучдыг магнайлж явна. Эгч дүү дуучины Хишигдэлгэр, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын гоцлол дуучин Осгонбаяр гээд олон сайн дуучид байна. Дуурийн театрт гэхэд 10-аад дуучин ажиллаж байна.
- Сүүлийн үед зарим дуучид амархан нэрд гарахыг эрмэлздэг, нэгэн хэв маягтай чанаргүй уран бүтээл хийж байна гэж үзэгч сонсогчид их шүүмжилдэг. Ер нь урлагт шүүмж судлал байхгүй, энэ салбар хоцрогдож байна. Сулхан уран бүтээлийг мөнгө төлж байнга явуулсанаас хүмүүсийн чихэнд хүчээр хоногшуулдаг гэдэгтэй санал нийлэх үү?
- Энэ бол үнэнийн хувьтай гэж боддог. Ямар ч дууг байнга л FM радиогоор явуулаад байвал хүссэн хүсээгүй хүмүүс мэддэг болчихдог.Нэг үе дууны шүлэг, аяыг батлуулдаг, цензуртэй байсан нь сайн уран бүтээл төрүүлдэг байсан. Одоо бол хэн дуртай нь шүлэг бичиж, ая хийдэг болчихсон. Бас ямар ч шүүмж судлал байхгүй болсон нь олон чанаргүй бүтээл гаргахад хүргэж байна. Жар далаад оны дуунууд шалгуурыг давж одоо ч дуулагдаж байна. Мэдээж энэ цагт ч сайн дуунууд гарч л байна. Телевиз, радиогийнхэн өөрсдөө тодорхой хэмжээний цензур тавьж нийтэд хүргэдэг байх хэрэгтэй.
-Удахгүй бие даасан тоглолтоо хийх гэж байгаа гэсэн. Тоглолтынхоо сониноос ярихгүй юу. Ямар уран бүтээлчид оролцох бол.
-Би уран бүтээлээ хийгээд 10 гаруй жил болоод анх удаа уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байна. “Улаанбаатар” чуулгын байранд 5-р сарын 28-ны 19 цагаас “Амирлахуйн чимээ” нэртэй тоглолтоо хийхээр бэлтгэлдээ ороод явж байна.Тоглолтонд маань Дэлхийн аваргын шагналт ”Сарны бүжиг” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ, СТА, БТА ая зохиогч Ц.Нэргүй, 2015 оны Universe Best songs уралдааны Гран При шагналт Г.Билгүүн, Буриад улсад ажиллаж байгаа залуу дуучин Б.Уранчимэг,”Очирваань-Уул” холбооны дуучин А.Батцэцэг,ОХУ-ын нэрт гитарчин Александр Сага, Турк улсад болсон ОУ-ын наадамд амжилттай оролцоод ирсэн Ө.Шинэсаран болон залуу уран бүтээлчид оролцсон маш өвөрмөгц содон тоглолт болно.
-Анх удаа тоглолтоо хийж байгаа уран бүтээлчид голдуу “Бөхийн өргөө”-г сонгодог. Яагаад “Улаанбаатар” чуулгыг сонгох болов.
-Миний хувьд зориулалтын тайз сонгохыг хүссэн. Бөхийн өргөө, Улсын циркт тоглоход үзэгчидэд жаахан тиймхэн, үнэнийг хэлэхэд үзэгчид рүүгээ нуруугаа харуулахад таатай биш санагддаг.Тоглолт бол мөнгө олохдоо гол бус, ямар уран бүтээлч вэ гэдгээ хүмүүст харуулах, шалгуулахад оршдог гэж боддог.
-Техник хөгжсөнөөс болж дуучид ам барьж дуулах нь их болсон. Мэргэжлийн хүний хувьд энэ тал дээр таны бодол…
- Ам барьдаг дуучид бол нэг их сайн хоолойтой дуучид биш байдаг. Сайн дуучид бол хэзээ ч ам барьдаггүй. Үнэхээр хоолой нь өвдсөн үед бол дуучин хүн дуулах шаардлагагүй гэж боддог. Тийм болохоор би ам барихын эсрэг байдаг. Жижигхэн ресторанд хүртэл ам барьдаг дуучидыг нь үзэж л байсан. Ямар ч амьд харьцаагүй, биеэ барьсан харагддаг. Хүний итгэлийг олоход хэцүү, алдахад амархан байдаг болохоор уран бүтээлчидээ битгий ам барьж дуулаарай гэж уриалж байна. Залуучуудын дунд зорилгоо умартаад амархан аргаар мөнгө олж, нэрд гарахын тулд ёс зүйгүй авирлах хандлага хааяа ажиглагддаг.
Ярилцсанд баярлалаа. Н.УДВАЛ Эх сурвалж: Bolod.mn
URL: