Хятад дахь чанаргүй зээлийн хямрал
ХОНКОНГ — Хятадын банкуудын хувьд Bohai Steel мэт компаниудад зээл олгох нь хялбар шийд байв. Зээлдүүлэгчид төрийн дэмжлэгийг найдвартай баталгаа болгодог. Гэтэл эрэлт буурснаар Bohai Steel 30 тэрбум ам.долларын өрөө төлж чадахгүйд хүрчээ. 100 гаруй зээлдүүлэгч нь сандарч, компани болон нутгийн захиргаатай зууралдсан хэлэлцээ хийж эхлэв.
Сайн цагт ихээр зээлсэн компаниуд Хятадын өсөлт саарах үед хүндрэлд орж, тус улсад чанаргүй зээлийн хэмжээ өслөө. Бээжин энэ оны эхний гурван сарын өсөлт 6.7 хувь хүртэл доошилсныг зарласан нь долоон жилийн доод үзүүлэлт юм. Эхний улиралд зээлийн хэмжээ нэмэгдээгүй бол өсөлт бүр ч доогуур гарч болох байлаа. Эдийн засгийн ихэнхийг хянадаг Коммунист нам болон банкуудын хувьд эрсдэл нэмэгдэж байна.
Хятадын албан ёсны мэдээгээр дотоодын валютаар авсан зээл 2009 оноос хойш гурав дахин өсөж, гуравдугаар сарын эцсийн байдлаар 98.6 их наяд юань буюу 15 их наяд ам.долларт хүрчээ. Энэ нь гуравдугаар сарын эцэс хүртэлх 12 сарын Хятадын ДНБ-ий 144 хувьтай тэнцсэн ба Хятадын хөгжлийн түвшний хувьд харьцангуй өндөр үзүүлэлт юм.
Чанаргүй зээл өсөхийн зэрэгцээ Хятадын төрийн томоохон банкуудын ашиг оны эхний гурван сард дээшилсэнгүй. Bohai Steel компанийн удирдлага энэ оны эхэнд банкуудад хандаж, Хятадад өсөлт саарснаас гангийн эрэлт багассан тул дэмжлэг үзүүлэхийг уриалсан. Нэгдүгээр сард Bohai Steel өөртэй нь адил Тяньжин хотын хөрөнгө оруулалттай China Bohai банкны албаныхантай уулзжээ. Уг уулзалт дээр тус группийн ерөнхий менежер Ян Зешен “Банкууд санхүүгийн хүчтэй дэмжлэгээ үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байна” гэжээ.
Тус компанийн вебсайтад Bank of China, Industrial Bank, Citic Bank зэрэг зээлдүүлэгчтэй нягт холбоотой ажилладаг гэж бичсэн байна. 2013 онд Bohai Steel Хятадын төв банкнаас 4.6 тэрбум ам.долларын зээл авчээ. Санхүүгийн мэдээллийн Caixin сонинд саяхан нийтлэгдсэн өгүүлэлд Bohai Steel-ийн зээлдүүлэгчдийн тоонд Тяньжин, Бээжингийн гурван банк ордог ба тус бүрт нь 10 тэрбум юаниас дээш өртэйг дурдсан байна.
Их зээл авсан компаниуд хүндрэв
Сонинд нэрлэсэн нэг банк болох Bank of Tianjin Хонконгийн бирж дээр нээлттэй арилжаа хийж, нэг тэрбум ам.доллар босгосон гэнэ. Тус банкны арилжааны өмнөх баримт бичигт Bohai Steel-ийг онцлон дурдаагүй ч компаниудад олгосон чанаргүйдэж буй зээлийн хэмжээ 2014 оны сүүлчээс 2015 оны есдүгээр сар хүртэл 46 хувь өссөнийг тэмдэглэсэн байгаа. Гэвч Bohai Steel болон банкуудын аль аль нь тайлбар өгсөнгүй.
Далиан дахь Dongbei Spe-cial Steel группийн захирал Янг Хуа дөрөвдүгээр сард амиа хорлосноос хойш тус компани бондынхоо өрийг төлөх чадваргүй болсноо хэдэн удаа зарласан. Түүнчлэн барилгын материал нийлүүлдэг China Railway Materials өрийн асуудлын улмаас Засгийн газрын хяналтад орсон анхны компани боллоо. Эднийх хоёр тэрбум гаруй ам.долларын бондын арилжаагаа зогсоож, өрийн бүтцээ шинэчлэх арга хэмжээ авахаа мэдэгдэв.
Хятадын банкны системийн хувьд ирэх саруудад төлбөрийн чадваргүй болох, дампуурах, өрийн асуудал үүсэх нь бараг гарцаагүй болоод байна. UBS-ийн Азийн эдийн засгийг хариуцсан шинжээч Тао Ванг “Сүүлийн жилүүдэд харагдсан дампуурлын түвшинг үнэн гэхэд дэндүү сайхан үзүүлэлт. Эдийн засгийн орчныг аваад үзэхэд дампуурал өсөх нь зүй ёсны хэрэг” хэмээн онцолжээ.
НИЛ ГОУ
Засгийн газрын мэдээ
URL: