Хүүхдүүддээ үнэтэй зүйл хэрэглүүлэхгүй байхыг сануулж байна

Ерөнхий боловсролын бага ангийн сурагчид гар утас, үнэтэй ээмэг бөгж, зүүлт зэргийг зүүж хэрэглэснээс гэмт хэргийн хохирогч болох нь их байдаг байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гар утас, ээмэг, зүүлтээ бусдад булаалгасан гэх хэрэг долоо хоногт 3-5 удаа бүртгэгдсэн байна. Энэ гэмт хэргийг хохирогч нь ихэвчлэн бага ангийн сурагчид байдаг аж.

Түүнчлэн, үнэтэй гар утас, ээмэг, зүйлт хэрэглэсэн бага насны охидууд хүчингийн гэмт хэргийн хохирогч болох нь гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ хичээлд нь явуулахдаа үнэтэй эд зүйл хэрэглүүлэхээс татгалзахыг цагдаагийн газраас сануулж байна.

Жишээ нь, өнгөрсөн сарын 30-нд Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын алба хаагчид “утас дээрэмдэж, зугтсан” гэх дуудлагын дагуу шалгаж, сэжигтэн этгээдүүдийг барьж, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна. 14 настай Э айлд будаа агшаагч хүргэж өгөөд гэр рүүгээ буцах замдаа утсаа дээрэмдүүлсэн аж. Харин утсыг нь 16 настай хоёр оюутан булаасан байна.

Тэд мэдүүлэхдээ “Барилгын коллежид сурдаг. Намайг нэг согтуу хүүхэд ирээд, чи тэр хүүхдийг дээрэлхдэг юм чинь утсыг нь авчих гэж хэлсэн. Тэр намайг дээрэлхдэг юм. Түүний дарамтад Э-гийн утсыг дээрэмдсэн юм. Би Э-гийн утсыг дээрэмдэхээр түүнтэй уулзах үед тэр “Би утсаа дэлгүүрт тавиад мөнгийг нь өгье” гэсэн. Тэгэхээр нь би “Яах юм бэ. Утсаа л өгчих” гэсэн. Харин тэр хүүхэд “Утсыг минь байлгаж байгаарай. Би мөнгө авчирч өгөөд авъя” гэсэн. Би маргааш ирээд аваарай гэж хэлсэн. Харин тэр хүүхэд “Би даваа гарагт авъя” гэж хэлсэн. Гэтэл тэр ээждээ хэлсэн байсан. Ингээд бид цагдаад баригдчихлаа” хэмээн хэнэг ч үгүй мэдүүлсэн байна. Энэ хэргийн гол сэдэл нь Э гэх хүүхэд үнэтэй утас хэрэглэдэг байснаас үүдсэн болохыг цагдаагийнхан хэлж байсан.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих