ДОРНОДЫН АН ДАХИН ХОЁР ДАРГАТАЙ БОЛЖЭЭ
АН-ын нөхдүүд ая эвээ ололцох дургүй газрууд цөөнгүй бий. Дарханы АН хоёр дарга, хоёр тамгатай удаж буй. Дарханыхан нийслэлд ирж тэмцэл хийгээд удаж байна. Намын даргаа хууль бус шийдвэрээ эргэн харж, огцор хэмээн шаардаж өлсгөлөн зарлаад буй.
Тэгвэл Дорнодын АНын бужигнаан дахин хүчээ авчээ.. Сүүлийн дөрвөн жил байнга хоорондоо тэмцэлдэж буй тус аймгийн АН-ынхан өнгөрсөн амралтын өдрүүдээр дахин хоёр даргатай болжээ.
Тус аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэгийг сонгуулиас өмнө огцруулах хүсэлдээ автсан Г.Болдбаатар, Д.Ганцогт нарын хэсэг бүлэг хүмүүс нийслэлээс генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг урьж хурал хийхээр зар тарааж.
Тэгмэгц нь Д.Цэрэнчимэг тэднээс түрүүлэн намынхаа хурлыг зарлан өөрийн хүн болох Э.Гантулга гэдэг залууг аймгийн АН-ын даргаар сонгож амжжээ.
Харин нийслэлээс очсон Л.Эрхэмбаяраар удирдуулсан нөгөө тал нь өөр газар хуралдан Ц.Ганбатыг намын даргаараа сонгож. Тэр хурал дээр нь намын гишүүд нь очиж хүчингүй хурлаа зогсоохыг шаардан бөөн юм болж.
Ингээд урьд нь Д.Цэрэнчимэг, Р.Бурмаа нар би дарга гэж үзэлцэж байсан шиг Э.Гантулга, Ц.Ганбат хоёр бас би дарга хэмээн булаалдахад хүрсэн тухай Дорнодоос мэдээлж байна. Үүний зэрэгцээ Д.Цэрэнчимэг нь АН-ыг төлөөлөн аймгийн засаг дарга байсан Д.Ганбатыг шүүхэд өгөөд бөөн юм болж буй. Энэ хэрэг явдал одоо ч эцэслэгдээгүй байна..
М.Баатар /GEREG.MN/
URL: