Дундговийн Засаг дарга 65 га газраа “мартжээ”

527-146283853951tdr8t8l0hf6ct0mlivo4dr0n_smallТөрийн өндөр, дээд албан тушаалтнуудын 2016 оны хө­рөнгө, орло­гын мэдүүлэг /ХОМ/-ийг өнгөрсөн долоо хо­ногт олон нийтэд нээлттэй зар­ласан. Өнөө жилийн хувьд дарга, даамлуудын хө­­­­рөнгө, орлого ерөнхийдөө өссөн үзүүлэлттэй гарсан.

 

Ерөнхийлөгч, Ерөнхий сай­дын хадгаламж өсч, зарим гишүүдийн орлого өнгөрсөн жилүүдээс тав дахин өссөн нь олны анхаарлыг татаж байгаа юм. Учир нь ганц хоёрхон жилийн дотор хэдэн ар­ван тэрбум төгрөгийг хаа­наас яаж олов, хаанаа нуучихсан байсан бол гээд ард түмэн өөрсдийнхөө хэм­жээнд тоо бодож, том­чуудын хөрөнгийг тольдож сууна. Сангийн сайд Б.Бо­лор Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд урьд­чилсан дүнгээр 34.7 их наяд төгрө­гийн хөрөнгө, орлого ил бол­сон тухай мэ­дээллийг дуул­гаж байв.

 

Дөрвөн сарын хугацаанд хэрэгжүүлсэн хуулийн хүрээнд 34.7 их наядын хөрөнгө ил болно гэдэг төсвөөс дөрөв дахин, гадаад, дотоод өрөөс 13 их наядаар давах хэмжээний мөнгө гэж эдийн засагчид тооцоолоод байгаа. Өмнө нь манай улс дээрх хуультай агуулга төстэй хуулийг 2008 онд баталж зургаан сарын хугацаатай хэрэгжүүлэхэд 3000 гаруй иргэн, аж ахуйн нэгж нууж байсан хөрөнгөө сайн дураараа ил болгож, 4.5 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байсан гэдэг. Тэгвэл энэ удаад чамгүй их хөрөнгө, орлогыг ил болгосон байна. Үүнийг ХОМ бататгаж байх шиг. Өмнө нь УИХ-ын гишүүдийн орлого, зарлагыг нийтэлсэн бол энэ удаад аймгийн Засаг дарга нарын ХОМ-ийг багцлан хүргэж байна.

 

 

 

 

С.Дангаасүрэн 277 саяар бусдыгаа хошуучлав

 

 

Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн 277 саяын орлогоор бусдыгаа манлайлж, Говьсүмбэрийн Л.Одсэр дарга 235, Завхан аймгийн Ж.Жамъянтив 134, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан 81, Сүхбаатар аймгийн дарга Ж.Батсуурь 53 саяар айргийн тавт жагсчээ.
Засаг “ноён” С.Дангаасүрэнгийн хувьд өнгөрсөн жил ч мөн 579 сая төгрөгийн орлогоор тэргүүлж байж. Харин Л.Одсэр даргын хувьд өнгөрсөн жил 108 саяын орлоготой байсан бол өнөө жил хоёр дахин өссөн үзүүлэлтээр аман хүзүүдэв. Харин өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал эхний хоёр байр өөрчлөгдсөнгүй. Харин өнгөрсөн жил 73 саяын орлогоор гуравт эрэмбэлэгдэж байсан Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ 24 саяын орлого мэдүүлжээ. Харин айргийн таваас мултарч үзээгүй Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатын орлого 43-51 сая болж өссөн ч түүний байрыг Сүхбаатарын дарга Ж.Батсуурь 53 саяар эзлэв.

 

 

 

 

Архангай аймгийн Засаг дарга 14 саяын орлоготой

 

 

Засаг дарга нарын орлого 14 саяас эхэлж байгаа юм. Өнгөрсөн жил Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн 15 саяын орлогоор баян ходоодонд орж байсан бол өнөө жил Архангайн дарга Д.Бат-Эрдэнэ 14, Дорнод аймгийн Засаг М.Бадамсүрэн 15, Булганы дарга Д.Эрдэнэбат 16, Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар 17 саяын орлого мэдүүлж, хамгийн бага орлоготойг харж болохоор байна. Өмнөх жил бага орлоготойд багтаж байсан Өмнөговь аймгийн дарга Б.Бадраагийн орлого 17-20, Говь-Алтайн О.Амгаланбаатарынх 17-19 болж нэмэгдсэн байна. Харин тэдний унаа хүлгийн тухайд Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат 349 сая төгрөгийн үнэ бүхий Тоyota, land Cruiser 200-1, Ford, Expedition-2, Mercedes Benz, ML350-1 автомашинтай гэж бүртгүүлжээ. Засаг дарга нарын автомашины хувьд таван сая 500 мянгаас 300 сая хүртэлх үнэтэй аж. Харин Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Засаг дарга нар хувьдаа автомашингүй гэж мэдүүлсэн байна.

 

 

 

 

Дундговь аймгийн Засаг дарга хамгийн их газар эзэмшдэг ч удаа дараа үнэлээгүй

 

Засаг дарга нарын хувьд өөрийн эзэмшлийн, өмчлөх эрх бүхий цөөнгүй газартай байх. Тухайлбал, хамгийн олон газартай Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ 65 га газар эзэмших, өмчлөх эрхтэй байна. Түүний хувьд өнгөрсөн жил мөн л хамгийн их газартай Засаг “ноён”-оор тодорч байсан. Харамсалтай нь өнгөрсөн болоод өнөө жил дээрх их хэмжээний газраа үнэлүүлэхээ “мартжээ”. Түүний дараа Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Баян-Өлгийн Засаг Б.Лазатхан нар эзэмших газрын хэмжээгээрээ орж байна.

 

Ц.Мэндсайхан хамгийн олон хурдан адуутай

 

Орон нутгийн Засаг дарга нарын дийлэнх нь малын данстай юм. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Ж.Батсуурь дарга 138 адуутай бол Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайхан хурдан удмын 138 адуутай. Мөн Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун 62 хурдан хүлэгтэй аж. Харин Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав 449, Хэнтийн Ж.Оюунбаатар дарга 205 хоньтой гэжээ. Харин малын А дансгүйд Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр аймгийн дарга нар багтаж байна. Цаашлаад Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ таван орон сууцтай бол Говьсүмбэрийн ИТХ-ын дарга Г.Батсуурь дөрөв, Өмнөговийн ИТХ-ын дарга Л.Батчулуун гурван орон сууцтай аж.

 

Д.Цэцэг

Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих