Үгүй байлгүй дээ 3000 монголыг Солонгос руу, 10000 хятадыг Монгол руу
Монгол Улсын Засгийн газар 278 дахь тогтоолоо гаргажээ.
Жилд хэдэн арваар нь “үйлдвэрлэдэг” тогтоол нэртэй баримт бичгүүдээс нь 278 юугаараа ялгаатай байв гэдэг л гол асуудал юм. Уг тогтоолоор 4430 хятад иргэнд Монголд ажиллах бололцоог нээж өгчээ. Ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэсэн уг тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанд оруулсан эзэн нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди. Өнгөрсөн сарын 21-ний Засгийн газрын хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад Т.Ганди сайд ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэсэн уг тогтоолын төслийг танилцуулахаар орсон байсан. Гаднаас мэргэжилтэн авч ажиллуулж болно.
Нарийн мэргэжлийн, монголчуудын толгой хийгээд гарын ур чадвар хүрэлцэхээргүй ажил дээр бол гадаадаас хэдэн зуун мянгаар нь авч болно. Гэхдээ 278 тоот тогтоолд заасан 4430 мэргэжилтэн гэдэг яг үнэндээ өмнөд хөршөөс орж ирэх ажилчид. Бүр тодруулбал, хар ажилчин. Хүрз барьсан хөрөнгө оруулагч нэртэй хятадуудаар тэртээ тэргүй Монгол баян. Тэр “баялага”-аа Т.Ганди сайдын ачаар дахин 4430-аар нэмэх юм байна л даа. Гэтэл Монгол Улс эрүүл мэнд, хэл усны мэдлэг гээд олон шалгуур давсан шилдэг 3000 залуугаа Солонгос руу боолын хөдөлмөр эрхлүүлэхээр зуучилж байгаа. Энэ ажлыг ч эрхэм сайдын тэргүүлдэг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн гэх нэртэй салбар хариуцдаг.
Солонгосчууд манайхаас авах хүмүүстээ ямар олон шаардлага тавьж, бас хэчнээн олон өрсөлдөөн дундаас шалгаруулдаг билээ. Өнжин хонон дугаарлаж байж бүртгүүлээд дараа нь хэлний шалгалт, дахиад эрүүл мэндийн үзлэг гээд шат дараалсан баахан шалгуураар давж нэг үгээр шүүрэн шанаган дээр торж үлдсэн 3000 хүнийг л тэд авна.
Харин манайх өмнөд хөршөөс авч буй мэргэжилтэндээ тэр зэргийн байтугай шалгуур тавьж чаддаг бил үү. Монголд буй компаниудын авна гэсэн тоог л батлахаас орж ирж буй мэргэжилтэн нэртэй хар ажилчинд тавих шаардлага гэж үгүй.
Үүнийг Засгийн газрын 278 тоот тогтоол буюу Т.Ганди сайдын санаачлагаар гаргасан баримт бичгээс харж болно.
Уг тогтоолоор бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тос цуглуулах, цэвэршүүлэх, хадгалах зориулалт бүхий олборлолтын ил байгууламж барих, цоонгийг олборлолтод шилжүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэх “Петрочайна дачин тамсаг Монгол” компани 880, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд усны хоолой, далд уурхайн нэгдүгээр босоо амны хөндлөн малталт, нэвтрэлт дээр ажиллах “Оюутолгой” төслийн 3250, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Өвөрбаянгийн ордын далд уурхай болон баяжуулах үйлдвэрийн суурь бүтэц, угсралтын ажлыг гүйцэтгэх “Баян эрч” ХХК-ийн 300 инженер техникийн болон мэргэжлийн гадаад ажилтанд ирэх арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл Монголд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгосон.
Монголд ажилгүйдэл жил ирэх тусам өсч залуус нь хийх ажилгүй гудамжаар сэлгүүцэх болсон. Гэтэл уул уурхайн томоохон компаниуд сайд дарга нараар дамжуулж хэдэн мянган хятадыг гадаадаас оруулж ирдэг. Харин тэрхүү цалин өндөртэй томоохон компанид ажилд орох гэж хэдэн зуун монгол залуус ханддаг ч хахууль өгч эсвэл танил талаараа дамжуулахаас нааш бүтэх гэж үгүй. Өөдөөс нь ганцхан хариулт хэлнэ. Та бүхний чадвар манай шаардлагад хүрэхгүй байна гэж. Газар ухаж, тоосго өрөх монгол ажилчин Монголоос олдохгүй байна гэвэл үнэндээ биднийг дорд үзэж буй л хэрэг.
Гадны ажилтанд найр тавьж бүхий л бололцоог нь хангаж угтдаг мөртлөө Монголынхоо ажилгүй залуусыг ажлаар хангах болохоор элдэв шаардлага тавьж эгээ л харь гаригийн хүн үзсэн аятай аашлах эрхэм дарга нарын учрыг олоход тун ч бэрх бололтой. Тэднийг аргадаж, тэвчээрийн хүлээсээ тас үсрэхийг хүлээж сууснаас гудамжинд лааз өшиглөж сар бүрийн 21 мянган төгрөгөөр архи ууж бор хоногийг өнгөрөөхийг илүүд үзэж буйг ч буруутгах аргагүй. Уул уурхайн компаниуд гаднаас мэргэжилтэн авчирч байгаа гэх боловч үнэн хэрэгтээ тариачин хятадууд л ирдэг нь хэдийнэ нууц биш болсон. Захын компани дээр очиход монгол ажилчид “Бидний хийж чадах ажлыг нарийн мэргэжлийн гэх хятадууд хийдэг. Илүү чадвар тэдэнд байхгүй. Гэтэл тэд биднээс гурав дөрөв дахин илүү цалин авдаг” гэж хэлдэг. Энэ ч бас бодит үнэн.
Засгийн газрын нэг удаа тогтоолоор 4430 хятад ажилчин авч байна. Гэтэл үүнээс өмнө уул уурхайн салбарт ажилладаг “Голден сий петролеум”-д 930,”Зон хэн юу тиан”-д 1275, “Энержи ресурс” 1100, шинээр зам тавих, засварын ажил гүйцэтгүүлэхээр “Чайна гео инжинеринг” 370, “Чайна госуба групп” 574, “Чайна жьансу Жьанда” 281 зэргээр зөвхөн энэ он гарсаар 10691 хятад ажилчин Засгийн газрын зөвшөөрлөөр оруулж ирсэн байдаг. Зөвхөн энэ тоог харахад л манай сайдуудад монголчууд ажилтай байх эсэх нь сонин биш. Гаднаас л ахиухан хүн оруулж ирж байвал болдог мэт ойлгогдож байна.
Л.Цэрэнжаргал
URL: