Монгол эмэгтэйг Шведээс албадан буцаахдаа хүчээр унтуулах тариа хийжээ

527-146277088630d52ee09567fd30b0396d278887f1b8_x3Албадан хийдэг тариа ба хэн ч эрэн сурвалжлаагүй хохирогч
Энэ явдал 2012 оны тавдугаар сарын 7-ны өглөө Шведийн Вант улсын Арландагийн нисэх онгоцны буудалд болсон байна. Д.Буян-Өлзий гэх эмэгтэйг Монгол руу буцаахаар Шведийн хүчний байгууллагын 5-6 ажилтан онгоцны буудалд авч ирсэн.
Улмаар монгол эмэгтэй эсэргүүцэл үзүүлсэн учраас цагдаагийн ажилтнууд түүний зүүн гуянд хүчээр тариа хийж,  ам руу нь эм хийгээд ус цутгасан байна. Д.Буян-Өлзий маргааш өглөө нь “Монголд ирлээ буугаарай” гэх дуунаар сэргэжээ. Түүнийг тусгай үүргийн шууд нислэгээр буцаасан байна. Товчхондоо ийм л зүйл болоод өнгөрч. Гэвч энэ үйл явдлын цаана хүний эрхийн ноцтой зөрчил, хүчирхийллийн хэлбэр нуугдаж байсан нь баримтаар нотлогдож байна.
Д.Буян-Өлзий Швед улсад хоёр жил гаруй хугацаанд эгчийнхээ нэр дээр цагаачилж амьдарчээ. Энэ нь түүнийг Швед улсаас албадан буцаах гол шалтгаан болсон байна. Гадаад хэргийн яамны Kонсулын газрын дарга Б.Болд “Албадан буцаах хүнийг ямар нэг байдлаар мансууруулж, унтуулж буцаадаг хуультай улс орон хаана ч байхгүй. Хэрэв эрүүл хүнийг ингэж буцаасан бол олон улсын хүний эрхийн конвенц болон бусад олон хууль тогтоомжийг зөрчсөн хэрэг” гэж онцолсон. Гадаад улсад ял эдлээд буцаж байгаа иргэнийг л гэхэд тусгай харгалзагчтай явуулдаг. Хэрэв тухайн иргэн сэтгэцийн өвчтэй эсвэл бие муутай бол шаардлагатай эм, эмнэлэгийн хэрэгсэлтэй эмчийн хяналт дор буцаадаг байна.
Цагдаагийн албан хаагчийн биед гэмтэл учруулаагүй
Д.Буян-Өлзийд унтуулах тариа хийсэн гэдгийг Шведийн радиогийн эрэн сурвалжлах сэтгүүлч Маркус давхар нотолж байгаа юм. Тэрээр “Албадан хийдэг тариа-хэн ч эрэн сурвалжлаагүй хохирогчид” нийтлэлдээ “Албадан гаргасан хоёр иргэнийг бид Монгол болон Конго улсаас олсон. Энэ хүмүүст тайвшруулах, мансууруулах үйлчилгээтэй тариа хийсэн байна. Эмч нар хүмүүст хүчээр тариа хийж байсан нь Эрүүл мэндийн тусламжийн мэргэжлийн хяналтаар илэрсэн.
Мөн албадан гаргахдаа унтуулах тариа хүчээр хийснээрээ Шведийн тал олон улсын дүрэм журмыг зөрчиж байна” гэж бичжээ. Швед улсаас гадаад иргэдийг албадан буцаахдаа ингэж эрхийг нь зөрчиж байгаа эсэх асуудлаар тус улсын Цагдаагийн газраас шалгасан байна. Мөрдөн байцаалтын үед сэжигтнүүд хэргээ хүлээсэн ч прокурор хэргийг баталж чадаагүй. Учир нь хохирогчид  хууль эрхзүйн орчин сул улс орны иргэд байсан учраас холбоо барихад хүндрэл үүссэн. Үүнээс болж хэрэг илрээгүй гэж Шведийн радиогийн сэтгүүлч нийтлэлдээ онцолсон байна.
Тодруулбал, гадны иргэдэд тариа тарьсан нь холбогдох баримтаар нотлогдсон боловч хохирогчидтой холбоо барьж чадаагүй учраас хэргийг баталж чадаагүй байна. Иймээс Шведийн радиогоос бидэнд хандаж Д.Буян-Өлзийтэй холбоо барьж өгөхийг хүссэн юм. Энэ мэдээллийн дагуу бид Д.Буян-Өлзийг олж уулзаж, түүний тусламжтайгаар холбогдох байгууллагаас зарим нэг мэдээллийг тодрууллаа. Түүнийг яагаад албадан буцаах болсон тухай Монгол Улсаас Шведийн вант улсад суугаа Элчин сайдын яамнаас 2012 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Гадаад хэргийн яаманд цахим шуудан илгээсэн байна.
             Швед улсад хууль бусаар оршин сууж байгаад баригдан буцаагдах шийдвэр  авсан ч буцах үнэмэлэхний анкет бөглөхгүй, буцахгүй хэмээн түр саатуулах байранд удаан хугацаагаар хоригдож байгаа иргэн Дашням овогтой Буян-Өлзий гэгчийг  2012 оны 03-16-ны өдрийн  Москва-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр цагдаагийн 3 ажилтнаар харгалзуулан  Монгол хүртэл хүргэж өгөх байсан боловч Д.Буян-Өлзий эдгээр ажилтнуудад эсэргүүцэл үзүүлж биед нь гэмтэл учруулан зүй бус авир гаргаж байсан тул энгийн нислэгээр хүргэх боломжгүй гэж үзэн Шведийн тал үргэлжлүүлэн хориод байсан юм. Учрыг өөрт нь сайтар тайлбарлаж овог нэр, регистрийн дугаараа үнэн зөвөөр нь хэлэхийг хүссэн хэдий ч өнөөг хүртэл татгалзсаар байгаа юм. Шведийн  хилийн  цагдаагийн газар  2  иргэнийг  цагдаагийн 6 ажилтнаар харгалзуулан тусгай үүргийн нислэгээр Улаанбаатарт хүргэж өгөхөөр  шийдвэрлэснийг мэдэгдэж Монголын талын холбогдох байгууллагын хүмүүсийг угтан авахыг хүслээ. Тусгай үүргийн нислэг 2012 оны 05 сарын 08-ны мягмар гарагийн өглөөний 8 цагт Улаанбаатарт очих юм байна. Иймд дээрх иргэдийг хүлээн авах талаар холбогдох байгууллагуудад мэдэгдэхийг хүсье.
Шведийн талаас ийм цахим шуудан илгээж, Монгол Улсын иргэнийг тусгай үүргийн онгоцоор буцаасан. Гэхдээ энэ цахим шууданд ямар нэгэн унтуулах тариа тарих талаар огт дурдаагүй байна. Мөн Д.Буян-Өлзийгийн хувьд цахим шууданд бичсэнчлэн “Цагдаагийн ямар ч албан хаагчид гар хүрч, биед нь гэмтэл учруулаагүй. Тэд тав, зургуулаа байсан. Би зөвхөн ажлын хөлсөө аваад л буцахыг хүссэн” гэж тайлбарлалаа.
Шведийн Засгийн  газрын нэрийн өмнөөс ажиллаж байсан хүмүүсийн гэмт хэргийн хохирогч болсон
Тэрээр Швед улсад хоёрр жил гаруй хугацаанд ажиллахдаа сүүлийн 10 сарын цалингаа бүрэн авч чадаагүй байна. Учир нь цэвэрлэгээний компанийн эзэн Жорж гэх хүн түүнд бэлгийн дарамт үзүүлдэг байжээ. Өдөрт 8 цаг ажиллаж оюутны дотуур байр цэвэрлэчихээд цалингаа авах гэхээр  бэлгийн харьцаанд ор гэж тулгадаг. Үүнээс болоод цалингаа  бүрэн авч чадаагүй. Түүний 10 сар ажилласан цалин нийтдээ 200 мянган крон, монгол мөнгөөр 40 гаруй сая төгрөг болсон. Эцэст нь Монголд үлдсэн хүү нь осолд орсон тухай сонсоод, өөрөө Цагдаагийн газарт хандаж  нутаг буцах хүсэлт гаргажээ.
Би  ядаж ажлын хөлсөө аваад буцахыг хүссэн гэдгээ тэрээр нулимс дуслуулан байж бидэнд ярьсан юм.
Шведийн тал түүнийг шууд буцаагаагүй. Эхлээд хоёр сар орчим хугацаанд гадны иргэдийг саатуулах байранд хорьж байгаад явуулсан. Хамгийн гол нь буцаахдаа түүний үгийг сонсоогүй, хүчээр унтуулдаг тариа тарьж, буцаасанд гомдолтой байгаа гэдгээ илэрхийлж байна. “Ингэж албадан буцаах тохиолдолд шүүхийн шийдвэр гардаг. Тэр шүүхийн шийдвэр, тогтоолоо тухайн иргэнд танилцуулах ёстой” гэж Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Б.Болд хэлсэн. Харин Д.Буян-Өлзийг албадан буцаахдаа ямар нэгэн шийдвэр, тогтоол харуулаагүй байна.
Түүнийг Буянт-Ухаад буухад Монголын талаас хоёр цагдаа тосч авсан байна. Тэрээр хоёр цагдаад гомдолтой гэдгээ хэлж, учир байдлаа тайлбарлажээ. Бид нэг цагдаатай нь холбоо барьсан боловч “Дөрвөн жилийн өмнөх явдлыг сайн санахгүй байна. Тэр эмэгтэй өөрөө гомдолгүй гээд л явсан” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр Шведийн газар нутагт болсон хэрэгт манай талаас хэрэг үүсгэх, шалгах ямар ч боломжгүй. Харин Гадаад хэргийн яамнаас “Тухайн иргэн өөрөө бидэнд хандвал судалж үзээд үнэхээр нойрсуулах тариа тарьсан тохиолдолд Швед улсаас тайлбар шаардах, олон улсын шүүхэд гомдол гаргах зэргээр ажиллаж болно” гэсэн юм.
Шведийн радиогийн эрэн сурвалжлах сэтгүүлч Маркус “Албадан хийдэг тариа-хэн ч эрэн сурвалжлаагүй хохирогчид” нийтлэлдээ “Энэ хүмүүсийн эрх зөрчигдсөн нь илт харагдаж байна. Шведийн Үндсэн хууль болон олон улсын үндсэн хуульд хүнд хүчээр тариа хийх нь хууль бус гэж заасан. Эдгээр хүмүүс Шведийн Засгийн газрын нэрийн өмнөөс ажиллаж байсан хүмүүсийн гэмт хэргийн хохирогч болсон байж магадгүй” гэж онцолжээ.
Монголын үндэсний олон нийтийн радио,
Шведийн радиогийн эрэн сурвалжлах
сэтгүүлчид хамтран бэлтгэв

URL:

Сэтгэгдэл бичих