МАН-ынхан Сангийн яамыг, АН-ынхан Д.Зоригт сайдыг “сонирхож” байна
УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжилт хэрхэн явагдаж байгаа талаар Н.Батбаяр, Б.Бат-Эрдэнэ, Ц.Батбаяр, Д.Ганхуяг С.Эрдэнэ, Ц.Даваасүрэн нарын нэр бүхий 20 гишүүн Засгийн газрын тэргүүнд хаягласан шаардлагыг өнгөрсөн сарын 9-ний өдөр өргөн барьсан билээ. Шаардлагын хариуг энэ сарын 1-нд авах байсан ч амралтын өдрүүд, чуулганы нээлт таарсан учраас өчигдөр албан ёсоор авахаар болж хэвлэлийн хурал зарласан юм. Гэсэн ч Ерөнхий сайд С.Батболд тэдний шаардлагад өөрийн биеэр хариулт өгч амжсангүй. Хэвлэлийн бага хурлын дундуур УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж танхимд ирж “Ерөнхий сайд бүлгийн хуралтай тул ирж амжихгүй боллоо.
Хурлын дараа уулзаж болно” хэмээснийг дамжууллаа. Ерөнхий сайд энэ үед намын даргын хувьд Элит төвд намынхантайгаа уулзаж байсан бололтой. Ер нь дуудсан болгонд өөрийн биеэр хүрэлцэн очиж хариулна гэвэл гүйцэтгэх засаглалын тэргүүний өмнөх ажил нь цалгардах биз ээ. Харин тэдний тавьсан шаардлагын хариуг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар бичгээр ирүүлжээ. Гэтэл тэр хариу нь шаардлага хангахгүй байгааг дээрх нэр бүхий гишүүд энэ үеэр дурдлаа. МАН-ынхан 12.00-16.00 цаг хүртэл Төрийн тусгай үйлчилгээний Элит төвд хуралдав. Гэнэтхэн зарласан уг хурлын зарыг авсан гишүүд яаран сандран Төрийн ордноос гарч яваа харагдсан. Түүнчлэн Ерөнхий сайдад хандаж шаардлага хүргүүлсэн гишүүдээс ч Төрийн ордны гадаа болсон энэ хуралдаанд оролцсон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд нэр бүхий гишүүдээс өргөн барьсан шаардлагын хариуд нэгдсэн хариулт өгөхөөр ийн зарласан гэх ч нэр бүхий гишүүдийг явуургүй улс төр хийж байгааг шүүмжилсэн сурагтай. Бас нэгэн чухал асуудал яригдсан нь Сангийн яамтай холбоотой асуудал болохыг эх сурвалж хэлж байна. Тус яам Ардчилсан намын мэдэлд байгаа нь хөрөнгийн дийлэнхи нь Ардчилсан нам руу урсах шалтгаан болж байна хэмээн зарим гишүүн үзсэн учраас тус яамыг өөрийн намд татъя гэсэн байр сууриа илэрхийлсэн нэлээд бухимдангуй халуухан хурал болжээ. Түүнчлэн МАН-ынхны хурал “Элит” төвд болж буйтай холбоотойгоор өчигдөр үдээш хойш зарлагдсан байсан байнгын хорооны хуралдаанууд цуцлагдаж, Төрийн ордон бүхэлдээ эзэнгүйдсэн гэж хэлж болно. Тиймээс АН-ынхан ч мөн адил энд тэнд хэд хэдээрээ сэм сэмхэн хуралдаж амжлаа. Нэг нэгнийхээ өрөө рүү гүйлдэн олныг ярьсан нь тодорхой. Ордонд нисч буй “бор шувуу” АН-ынхан МАН-ын сайд нараас нэгийг сугалах тухай ч ярьсан сурагтай. Энэ үнэн бол хоёр намаас эхний ээлжинд нэг нэг сайд сугарч мэдэх л юм байна.
Уг нь УИХ-ын хаврын чуулган завсарлах үед гишүүд намрын чуулган эхэлмэгц төсвийн тодотгол, Сонгуулийн тухай хууль зэрэг томоохон асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ хэмээн гишүүд дор бүрнээ хэлж ярьж байсан удаатай. Гэтэл хүлээлтээр дүүрэн байсан УИХ-ын намрын ээлжит чуулган сүржин нээсэн өдрийн маргаашнаас нь эхлэн улс төрийн намуудын энд тэндэх албан бус хурлын зараас болоод гацаж эхэллээ. Сонгуулийн тухай хуулийн төсөл аль нэг компанийн VIP өрөөнд, тогтолцоо болоод тойргийн хуваарилалт ханцуйнаас ханцуй дамжсан дүр зургаар үргэлжилж байх шиг. Харин Төрийн ордны УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын хорооны хуралдааны танхимууд ханхайж, гишүүдийн суудал эзэнгүйрч эхлэв. Сонгуулийн өмнөх улс төр халуухан эхэлж, улс төрийн намуудын бужигнаан эхлэх дохио энэ өдрөөр эхэллээ.
Б.Даваа
URL: