МАН-ын бүлэг: Хотод 10-12, хөдөөд 16-18 мандат хувиарлах ёстой

4323cf330b597f5boriginalУИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ч.Улаан нар мэдээлэл хийлээ.  “МАН-ын бүлэг нийт 30 гишүүнтэй болсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн” гэж мэдээллийн эхэнд онцоллоо.

Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн тойрог байгуулах, тойрог мандатын дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох, Прокурорын байгууллагын тухай хууль,  Татварын багц хуулиудын талаар хэлэлцэж саналаа нэгтгэжээ.

Сонгуулийн тойрог байгуулах асуудлаар тус бүлгийн дарга С.Бямбацогт “Тойрог, мандатын тоог тогтоохдоо Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо зэрэг хүчин зүйлийг харгалзаж тогтоох ёстой гэж Монгол улсын Үндсэн хууль болон Сонгуулийн хуулинд заасан байдаг. Үүнээс үүдэн манай бүлэг жагсаалтын 28 мандатын  20-ыг нь хөдөөд, хотод 8-ыг нь хувиарлах гэсэн зарчмыг баримталж байсан. Харамсалтай нь АН-аас хөдөөд 14, хотод 14 гэсэн хатуу шаардлагыг тавьж байгаа. Гэхдээ бид буулт хийж болох юм.  Хөдөөгийн нэг мандаттай бүх аймгууд хоёр мандаттай болох ёстой гэж манай бүлэг үзэж байна. Тэгэхээр 16-18 мандат хөдөөд 10-12 мандат хотод хувиарлагдах ёстой гэж ярьж болох юм” гэлээ.

Бүлгээр хэлэлцсэн дараагийн асуудал нь Прокурорын байгууллагын тухай хууль аж. Тус хуулийг өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг завсарлага авсан юм. Энэ талаар тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор Прокурорын байгууллагын тухай хууль болон шийдвэр гүйцэтгэх, хууль сахиулах үйл ажиллагаатай холбоотой багц асуудлыг хэлэлцэх шатанд МАН-ын бүлэг завсарлага авсан. Маш чухал асуудал. Өнөөдрийн парламентын бүрэн эрх дуусах гэж байна. Мөн сонгууль болох гэж буй энэ үед уг хуулийг алдаа, мадаггүй батална гэдэг эргэлзээтэй. Өнөөдөр барьсан хуулиар хуулийн байгууллагын ажиллагаанд улс төрчид орох боломж нээгдэж байна. Хууль зүйн сайд хавтаст хэрэгтэй танилцана гэх заалтуудыг тусгасан байна. Энэ мэт олон ноцтой асуудлууд байна. Тиймээс уг асуудлыг дараагийн чуулганаар хэлэлцэж батлах ёстой гэж МАН-ын бүлэг үзсэн” гэв.

Харин Татварын багц хуулиудтай холбоотой асуудлаар тус бүлгийн дарга С.Бямбацогт

Татварын ерөнхий хууль , ААН-ийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль, НӨАТ-ын тухай хуулиуд энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганаар хэлэлцэгдэхээр тавигдсан байгаа. Энэ асуудал дээр бид ямар байр суурь илэрхийлэхээ ярилцлаа. МАН-ын гишүүдийн санаачилсан энэ төрлийн хуулиуд хэлэлцэгдэхгүй хаягдсан байгаа. Тухайлбал, Я.Содбаатар нарын санаачилсан ААН, байгууллагын орлогын албан татварыг борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош бол нэг хувийн татвартай болгох хуулийн төслийг хэлэлцэхгүй, оруулж ирэхгүй байгаа. НӨАТ-тай холбоотой асуудлаар дэлгүүр цайны газар, баар рестарон, худалдаа эрхлэгч нар асуудал тавьж байгаа. Тэд НӨАТ төлөх бололцоо боломж өнөөдөр алга байна гэсэн асуудлыг тавьсан. Кассын машин авах нь хүртэл хүнд тусаж байгааг бидэнд уламжилсан байгаа. Мөн ноос ноолуур, арьс ширний үйлдвэрүүд ч бас ийм асуудлыг тавьсан. Энэ хүсэлтийн дагуу манай бүлэг хууль санаачилсан. Энэ хуулийг УИХ-ын дарга хүлээж авахгүй байгаад байна. Уг нь энэ татварын багц хуулиудтай хамтарч хэлэлцэх учиртай гэж бүлгээс үзэж байгаа юм” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

УИХ дээр тавтварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулиуд өргөн баригдсан байгаа. УИХ-ын гишүүдээс энэ чиглэлийн нэлээд хуулиуд бөргөн баригдсан. Мөн ойрын үед МАН-ын бүлгээс өргөн баригдсан хуулийн төсөл УИХ, байнгын хорооны анхааралд ороод 2-3 сар болчихоод байна. Эдгээр хуулиудыг цогцоор нь авч үзэх учиртай. Дээрээс нь бизнес эрхлэгчид,  үлйдвэрчний эвлэл, ТББ-уудаас татварын шинэчлэлтэй холбоотой нэлээд олон асуудлаар санал хүсэлт ирсэн байгаа. Ер нь энэ жил татварын бүтэц зохион байгууалт, нэр төрөлтэй холбоотой томоохон өөрчлөлтүүдийг хийх шаардлага бий болсон. Энэ ажлууд эхнээсээ явж байна. Төсвийн байнгын хороон дээр тухайлсан ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг эдгээр хуулиудыг нэтгээж, нэгдсэн цогц байдлаар гаргахаар ажиллаж байгаа юм.  Ер нь татварын хууль өөрөө төсөв, эдийн засгийн  суурь нь байдаг. Ийм ч учраас холбогдох хуулин дээр нь хөнгөн гоомой хандаж болохгүй. Тийм ч учраас эдгээр асуудлуудыг төсвийн байнгын хороо нухацтай авч үзнэ. Намын бүлэг дээр энэ асуудлаар санал солилцож,   ажлын хэсэг байгуулах санал хүртэл яригдлаа. Төсвийн байнгын хороон дээр татварын шинэчлэлтэй  холбоотой асуудлыг ойрын болоод алс ирээдүйн үр дагавар, гарч болох эрсдэл, эерэг талыг нь харгалзан үзэж, нухацтай хэлэлцэнэ гэдгээ мэдэгдэж байна.

Д.ЖАРГАЛ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих