С.Ганбаатар АН-д элсэж, Ч.Сайханбилэг огцрохоос аврагдана
ХҮН өдгөө тренд сэдэв байхаа больжээ. Учир нь тус нам дотор өнгөрсөн хугацаанд үүссэн хагарал, тэмцэл эцэстээ тус намыг 2016 оны сонгуульд оролцох чадамжгүй болгож орхилоо.
ХҮН-ын дарга С.Боргилын тухайд намынхаа 20 гаруй гишүүний хамтаар энэ сонгуульд бие дааж нэр дэвшихээ мэдэгдээд байгаа бол Т.Ганболд ХҮН ирэх сонгуульд АН-ыг дэмжиж оролцох болно гэдгийг илэрхийлсэн.
Энэ завсар Т.Ганболд хэвлэлд ярилцлага өгч, ХҮНамын үүсгэн байгуулагч нь С.Ганбаатар, санхүүжүүлэгч нь өөрийгөө хэмээн зарлав. Мөн Боргилмаа, Найдалмаа нарын шунал, хийрхэлээс үүдэж нам нь сонгуульд оролцож чадахааргүй болсныг ч ил шулуухан хэлэв.
Улмаар Т.Ганболд ХҮНамаас С.Боргил, Б.Найдалаа нарыг хөөж, С.Боргил нарын зүгээс зөрүүлээд Т.Ганболд, Т.Одонгуа нарыг ХҮНамаас тус тус харилцан хөөв. Энэ мэттэй зэрэгцэн ХҮН-ын хүлээн зөвшөөрөгдөөгүй дарга нарын нэг С.Ганбаатар АН, МАХН-ын аль нэгэнд нь элсэх тухай цэнхэр шувуу цахимд нисэх нь тэр.
Түүний тухайд сонгуулийн өмнө МАХН-д элсэх магадлал өндөр гэдгийг эх сурвалж өгүүлж байсан юм. Учир нь тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх хугацаанд зөвлөхөөр нь ажиллаж байсан. Тиймээс энэ удаад хуучин даргыгаа түшиж УИХ-д өрсөлдөж магадгүй гэх таамаг байв.
С.Ганбаатарын өмнө шинээр гарч ирсэн өөр нэг сонголт нь мэдээж АН. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх баригчдад гацаагч, популистаараа хангалттай дуудуулсан тэрбээр энэ удаад АН-д гишүүнээр элсэж Ч.Сайханбилэг, З.Энхболд нартай улстөрд дөрөө харшуулах тухай яриа өрнөсөн нь оргүй биш ортой аж.
Энэ дагуу тэрбээр АН, МАХН гэх хоёр хувилбараас эцсийн байдлаар сонголтоо нэгэнт хийсэн байна. Түүний сонголт АН. С.Ганбаатар энэ долоо хоногтоо багтаж АН-д албан ёсоор элсэх бөгөөд З.Энхболд түүнд Дарханы тойргийг амлаж, ирэх сонгуулиар АН ялбал сайдын суудал өгнө хэмээн тохирсон талаар эх сурвалж мэдээлж байна.
Нөгөөтэйгүүр Засгийн газрыг үйл ажиллагаагаа хэвийн явуулахад эрх зүйн чадамжаар хангаж асан Шударга ёс эвслийн бүлгээс Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Цог, Г.Уянга, Н.Батцэрэг, М.Сонимпил нар уван цуван гарснаар тус бүлэг чадамжгүй болсон. Энэ нь Засгийн газар автоматаар огцрох шинэ эрсдэлтэй нүүр тулгарсан гэсэн үг.
АН одоогоор Н.Батцэрэг, М.Сонимпил нараар бүлгийн гишүүдийнхээ тоог 37 болгож бүл нэмээд байна. Улмаар эдэн дээр С.Ганбаатар нэмэгдэж орвол тэд гучин наймуулаа болно. Дээрээс нь хэзээнээсээ сайдын суудал олдож л байвал сандайлах дуртай С.Оюунд хүссэн зүйлийг нь амлах аваас асуудал хялбараар шийдэгдэх нь дамжиггүй. Ингэж Ч.Сайханбилэгийн Засгийн газар сонгуулийн өмнө өеөдөж унахаас аврагдах төдийгүй Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон нарын МАХН-ын сайд нар төрхөмдөө буцаж МАХН тоглоомоос хасагдах нь.
Р.Улам
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ганбаатар гэдэг малын толгой нь эргэж гүйцжээ.