Сонгуулийн хуулийг өөрчлөх гурван хувилбар

Намын жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авлаа. Ингэснээр сонгуулийн систем тойрсон маргаан хаагдлаа гэсэн үг. Харин одоо мажоритар системийнхээ тогтолцоог хэрхэн зурах вэ гэдэгт УИХ-д суудалтай намууд санаагаа чилээж эхлэв.

Мажоритар тогтолцоог хэрхэн зурах вэ гэдэгт намууд санаагаа чилээж эхлэв

Нэгэнт хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэн тул УИХ-д суудалтай намуудын төлөөлөл орсон Ажлын хэсгийг байгуулжээ. УИХ-ын гишүүн А.Бакейгаар ахлуулсан уг хэсэгт Н.Батбаяр, С.Бямбацогт, Н.Энхболд, О.Баасанхүү болон С.Дэмбэрэл нарын гишүүн багтаж байгаа юм. Улмаар УИХ-д бэлэн байгаа хуулийн гурван төсөл дээр ажиллаж, сонгуулийн шинэ газрын зургийг зурж байна.

ХУВИЛБАР-1

Манай улс 1996, 2000, 2004 болон 2008 оны УИХ-ын сонгуулийг мажоритар тогтолцоогоор явуулсан. Ингэхдээ 1996-2004 оны хоорондох ээлжит сонгуулиудад нэг тойрог-нэг мандат гэсэн тогтолцоог ашигласан юм. Энэ нь 76 тойрог 76 мандат гэсэн үг. 1992 оноос хойш хамгийн олон удаа ашигласан энэ хэлбэрийг шинээр боловсруулж буй сонгуулийн хуулийн нэг хувилбар болгож байна. МАН-ын зүтгүүлж буй энэ хувилбараар хөдөөний төлөөллүүд түлхүү орж ирдгээрээ жишиг тогтоосон.

Мөн хамгийн олон удаа ашигласан гэдэг утгаараа уг тогтолцооны сайн, муу талыг хэдийнээ гадарлах болсон. Хэт жижиг тойрог гэдэг утгаараа сонгогдсон гишүүн нь хэдхэн тооны хүндээ тал алдахгүйг хичээн, төсвийн мөнгийг үргүй зарцуулах тал руу ханддаг. Өөрөөр хэлбэл Ц.Нямдорж УИХ-ын танхимд суугаад Монгол банктай мөнгөний бодлого, Засгийн газартай инфляцийн өсөлтийг хэлэлцээд суух уу.

Увсад очиж сургуулийн шав тавих уу гэдэг л асуудал. Улсын эрх ашгийг бодвол танхимд суугаад, төсөл хэлэлцээд суух нь дээр бол, Увс руу явах нь өөрт ашигтай. Өөрөөр хэлбэл, өөрийг нь сонгосон цөөн хэдэн хүний нүдэнд нь харагдаж, сэтгэлд нь таалагдаж байхыг эрмэлздэг нь энэ тогтолцооны сонгодог гажуудал.

  •  УИХ-д бэлэн байгаа хуулийн гурван төсөл дээр ажиллаж, сонгуулийн шинэ газрын зургийг зурж байна.
  •  МАН-ын зүтгүүлж буй энэ хувилбараар хөдөөний төлөөллүүд түлхүү орж ирдгээрээ жишиг тогтоосон.
  •  Ардчилсан намын хувьд томсгосон мажоритар буюу улс даяар 26 тойрог байх тогтолцоог дэмжиж байгаа.
  •  МАН, АН хоёр эрх ашгаа харилцан тусгах энэ тогтолцоог “холимог мажоритар” хэмээн энд нэрлэе.

Бас өөрийг нь гаргасан гэдэг утгаараа “өглөг” нэхэх нь сонгогчдын гэм биш зан болж хувирна. Хүүхдийн сургалтын төлбөр, ээжийн эмчилгээний зардал, сургуульд компьютер, захиргаанд машин гээд аж ахуйн шинжтэй хүсэлтийг нь биелүүлэх үүргийг тус гишүүн хүлээнэ.

Угтаа бол улсын хөгжилд нэмэртэй бодлого хэлэлцээд суухаасаа илүүтэй айлын амьдрал, албан байгууллагын үйл ажиллагааг зохицуулдаг хүн болж хувирдаг юм. Гэхдээ энэ тогтолцоонд сайн тал бас бий. Учир нь, тойрогтой байна гэдэг нь тулж ажиллаж, иргэдийн амьдрал хөрсөн дээр ямар байгааг мэдэрнэ гэсэн үг. Энэ нь төрөөс гаргуулах зарим шийдвэр нүдээ олох талтай юм.

ХУВИЛБАР-2

Харин Ардчилсан намын хувьд томсгосон мажоритар буюу улс даяар 26 тойрог байх тогтолцоог дэмжиж байгаа. Сонгогчдын саналыг гээдэггүй пропорционал тогтолцооноос 100 хувь татгалзахын эсрэг байсан тус бүлгийн зарим гишүүн “Ядаж томсгосон мажоритар байя” гэдэг саналыг тулгаж байна. Мөн эмэгтэйчүүд ч энэ хувилбарт санал өгч буй.

Харин тойргийн хуваарилалтыг хийхдээ хөдөө 20, нийслэл зургаа. Хүн ам, газар нутгийн хэмжээ бага гэдэг утгаараа Говьсүмбэр, Дорноговь аймгийг нэг тойрог болгодог. Мөн нийслэлийн алслагдсан гурван дүүргийг аль ойр хотын дүүрэгтэй нэгтгэдэг юм. Харин сонгогч саналын хуудсыг бөглөхдөө мандатын тоогоор нэр дэвшигчийг бөглөнө гэсэн үг. Тухайлбал, Сэлэнгэ аймаг гурван мандаттай, нэг тойрог боллоо гэхэд нэг сонгогч гурван хүний нэрийг дугуйлж, саналаа өгнө.

Монгол Улс 2008 онд энэхүү тогтолцоогоор УИХ-ын сонгуулиа явуулсан. Гэхдээ нийслэлийн мандатыг нэмэх сонирхол Ардчилсан намынханд байгаа. Иймд Ш.Түвдэндорж гишүүний өргөн мэдүүлсэн төслийн үзэл санааг шингээнэ. Ш.Түвдэндоржийн тухайд нийслэлийн 100 мянган сонгогчийн нэг УИХ-ын гишүүн төлөөлдөг нь хөдөөгийнхтэй харьцуулахад хоёр дахин их.

Тиймээс намын жагсаалтын 28 суудлаас зургааг нь нийслэлд хуваарилах тухай төсөл боловсруулж өргөн барьсан. Энэ тогтолцооны сул тал нь нам дотроо нэг нэгийгээ “намнадаг” бохир сонгууль өрнөх магадлал хамгийн их. Өөрөөр хэлбэл, томсгосон мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахаар олон мандаттай нэг тойрогт хамт нэр дэвшсэн нэг намынхан өрсөлдөгч болно гэсэн үг. Үүнээс болж нам дотроо хагарал үүсэх талтай билээ.

ХУВИЛБАР-3

Мажоритар тогтолцооны дээрх хоёр хувилбарыг хослуулсан хуулийн төслийг боловсруулжээ. МАН, АН хоёр эрх ашгаа харилцан тусгах энэ тогтолцоог “холимог мажоритар” хэмээн энд нэрлэе. Тодруулбал нийслэлийнх том, орон нутгийнх нь жижиг мажоритар байх юм. Энэ нь 28 мандатаа зургаан тойрог болгоно гэсэн үг. Пропорционал системийг үгүй болгосноор нийслэлд тойргоос сонгогдох гишүүдийн тоог 28 болж нэмэхээр талууд тохироод байна.

Энэ тохиолдолд зургаан мандаттай болж мэдэх Баянзүрх дүүргийн сонгогчид төдий тооны нэр дэвшигчийн нэрийг дугуйлна гэсэн үг. Харин жижигрүүлсэн хувилбараар явж мэдэх орон нутагт 48 мандат-48 тойрог байгуулагдана. Хүн ам, газар нутаг томтой аймгийн хувьд сонгуулийн гурван тойрог болж хуваагдах бөгөөд сонгогч зөвхөн нэг нэр дэвшигчид санал өгөх эрхтэй. Энэ хувилбарын орон нутгийнх нь МАН, нийслэлийнх АН-ын санал гэдгийг сануулъя.

Хэрэв дээрх хувилбар дэмжлэг хүлээвэл мажоритар тогтолцооны бүхий л сул тал ирэх сонгуулиар гарна. Гэхдээ улс төрийн хүчнүүд сонгуулийн тогтолцооны сул талаас илүүтэйгээр ялалт байгуулах боломжоо эрэлхийлэх нь мэдээж юм.

Б.Даваатогтох

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих