Хандиваар ирсэн утлагын аппаратыг Буянт-Ухаа дахь гаалийнхан хураасан гэв
Улаанбурханаар өвчилсөн хүүхдүүдэд туслах аяныг зарим иргэд эхлүүлж, сайн үйлсийн аянд хилийн чинад дахь монголчууд ч нэгдэж эхэлжээ. Гэвч зарим иргэний сайн үйлсийн аян хил, гаалийн ажилчдын хүнд суртлын улмаас эзэндээ хүрч чадахгүй гацаад байгаа гэх.
Тодруулбал, одоогоос 14 хоногийн өмнө Ж.Эрхэмбаяр гэх иргэний санаачлагыг дэмжиж Австри улсад ажиллаж, амьдардаг Монголчууд улаанбурханы өвчлөлийн үед хэрэглэдэг утлагын аппаратыг илгээжээ. Гэвч Буянт-Ухаа дахь гаалийн ажилчид элдэв бичиг нэхэж, улмаар 10 гаруй хоног саатуулаад байгаа гэнэ.
Ингээд энэ асуудлаар иргэн Ж.Эрхэмбаяртай холбогдож, дараах тодруулгыг авлаа.
-Хандиваар ирж буй утлагын аппаратууд Буянт-Ухаа дахь Гаалийн газарт хураагдсан гэж сонслоо. Ямар учиртай аппарат юм бэ?
-Хандиваар ирсэн нийт 12 ширхэг аппарат Буянт-Ухаа дахь Гаалийн газарт саатаад 11 хонож байна. Тэр аппаратыг Австрид байгаа Монголчууд мөнгө цуглуулан худалдан авч, улаанбурханаар өвдсөн хүүхдүүдэд өгөөрэй гэж надад өгч явуулсан юм. Гэтэл би одоо болтол аппаратыг нь авч эздэд нь хүргэж чадаагүй сууж байна.
-Яагаад хураачихсан юм бэ. Гаалийнхан танд шалтгааныг юу гэж тайлбарлах юм?
-Эхлээд уг нь гаалиар оруулсан юм. Тэгснээ дараа нь ном журмынх нь дагуу авах юм байна гээд хураачихсан. Тэгэхээр нь би ч зөвшөөрөөд шаардлагатай гэсэн бичиг баримтыг нь бүрдүүлэх ажилд орсон юм. Ингээд Сангийн яамнаас нэг бичиг авч ир гэхээр нь цаг хугацаа алдах байх гэж бодоод татварынх нь 282,800 төгрөгийг төлсөн юм. Дараа нь Эрүүл мэндийн яамнаас лиценз аваад ир гэсэн. Тэгээд яам ортол хувь хүнд лиценз өгөхгүй. Албан байгууллагад бол өгнө гэсэн. Гэтэл судалсан чинь тэр утлагын аппарат нь лиценз шаардлагагүй бараанд ордог юм байна. Ядаж байхад гаалийн байцаагч нар нь тухайн барааныхаа кодыг мэдэхгүй байсан. Тэгээд би интернэтээс судлаад аппаратных нь кодыг олж өгөөд “Энэ бараанд лиценз шаардлагагүй гэнэ” гэж зөндөө тайлбарласан. Гэтэл шаардлагатай гэж зүтгээд байгаа юм. Аргаа бараад Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаад хандсан.
-С.Ламбаа дарга ямар хариу өгсөн бэ?
-Эргээд хариу өгнө гэсэн. Хүлээж л байна. Уг нь өнөөдөр /2016.05.04/ өвчлөл ихтэй байгаа зургаан аймгийн нэгдсэн эмнэлгүүд рүү хуваарилалт хийгээд явуулах байсан юм. Утлагын аппарат нь амьсгалахад хэцүү байгаа өвчтний уушгийг тэлж өгч, амьсгалахад тусалдаг их чухал ач холбогдолтой. Хүрэх эзэндээ хүрсэн бол хэдэн хүний амь аврах байсныг бүү мэд. Энэ чинь хандив, тусламжаар өвчтөнд очих гэж байгаа зүйл шүү дээ. Бид энийг худалдаж, ашиг олох зорилго огт байхгүй. Гэтэл ингээд гацчихаад байна.
-Та гаалийнхан хувийн үзлээр, хүнд сурталтай хандсан гэж байсан. Энэ талаар тодруулаач?
-Өмнө нь би хэсэг хүмүүстэй нийлээд 20 гаруй утлагын аппарат аваад ХӨСҮТ-д хандивласан юм. Тэгэхэд уг нь асуудалгүй нэвтрүүлсэн л дээ. Харин энэ удаагийн аппаратыг нэвтрүүлэх гэтэл Буянт-Ухаа дахь гаалийн байцаагч “Өмнө нь танай нэг хүн бид нарыг загнасан. Тиймээс одоо заавал лицензтэй оруулна” гэсэн. Энэ чинь хувийн хандлага биз дээ. Тэгсэн хэрнээ өөрсдөө кодоо ч мэдэхгүй байгаа юм.
-Одоо та яая гэж бодож байна даа?
-Эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирдэг найзууддаа хандаад байгаа. Юу болохыг бүү мэд. Үнэндээ аргаа барчихлаа. Уг нь хилийн чанад дахь монголчууд маань маш хурдан цуглуулаад сайхан сэтгэлийн үүднээс хандив болгож, явуулсан л даа. Би энийг нь ажлынхаа хажуугаар хүргэж өгөх гэж яваа ухаантай.
eagle.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
динозавр гаргахдаа тэр хуулиа, журмаа яриагүй мөртлөө иргэдийн төлөө иргэдийн хандиваар өгсөн аппаратуудыг оруулалгүй их сүржигнэдэг нөхөд шүү. Авилга л авах санаа байлгүй дээ. Болох юмыг болохгүй болгож авилга авдаг нь гаалийнхны зан шүү дээ